Үзсэн тоо: 56
0
0
ЭЕШ-ын сэдвийг нууцлах нэрийдлээр номын бизнес хийж байна
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2020 оны 6-р сарын 11. Пүрэв гариг. asdf


Авлига, “арын хаалга”, албан тушаалын төлөөх тэмцэл гээд нийгмийн бусармаг бүхнээс хамгийн ангид байх ёстой хэсгүүдийн тэргүүнд боловсролын салбар зүй ёсоор багтах учиртай. Учир нь энэ л салбараас та бидний, цаашлаад Монгол Улсын ирээдүй хэр гэрэл гэгээтэй байх нь ихээхэн хамаарна. Гэтэл сүүлийн үед энэ салбарыг мөнгө олох хэрэгсэл болгож, ашиг хонжоо хайгч олширлоо. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Боловсролын үнэлгээний төв хэмээх байгууллагад ч тийм хүн байна. Энэ талаар баримттай өгүүлэхээс урьтаад Боловсролын үнэлгээний төвийн чиг үүргийн талаар цухас дурдах нь зүйтэй болов уу.

Товчхондоо бол Боловсролын үнэлгээний төв нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг бүх шатны сургалтын байгууллагын чанарыг үнэлэн, дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт гаргадаг. Үйл ажиллагааны үндсэн чиг үүргээ ч өөрсдөө ингэж тодорхойлжээ. Гэвч тэд үндсэн ажилдаа жулдаж байна уу гэлтэй дорой буй нь маргашгүй үнэн. Үүнийг боловсролын салбарт ажилладаг багшаас эхлээд эцэг, эхчүүд ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв зэрэг боловсролын асуудал хариуцсан толгой байгууллага нь замбараагүй, урагшгүй, бодлогын уялдаагүй ажиллаж ирсний балгаар албан тушаалын төлөөх “алалцаан”, халаа сэлгээнээс өөр дорвитой юм дуулдахаа байлаа, энэ салбараас. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын ивээл дор болсон Монголын багш нарын VII их хурлын үеэр ч үе үеийн багш, мэргэжилтэн, сайд, дарга нар нь “Монголын боловсролын салбар бүхэлдээ хямарч, уруудан доройтсон” хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Үүний буруутан нь Боловсролын үнэлгээний төв ганцаараа биш. Гэхдээ ийм үед хамгийн чанга дуугарч, дорвитой ажиллах ёстой институт мөнөөс мөн. Гэвч тэдний сүр дуулиантай хийдэг ганц ажил нь элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) болсон. Боловсролын үнэлгээний төв гэхээр ЭЕШ зохион байгуулдаг газар гэсэн ойлголт юуны түрүүнд төрдөг нь ч үүнтэй холбоотой.

Боловсролын үнэлгээний төв нь улсын шалгалт болон ЭЕШ-ын даалгавар боловсруулах хариуцлагатай ажил гүйцэтгэдэг төрийн байгууллага. Тэгвэл тус байгууллагын ЭЕШ хариуцсан мэргэжилтэн гэх хүн албан тушаалын давуу талаа мөнгө олох хэрэгсэл болгож овжноор ашиглан, халаасаа зузаалсан баримт байна.

Тэрбээр 2015-2019 оны ЭЕШ-ын сэдвийг хичээл тус бүрээр эмхтгэн ном хэвлүүлжээ. Ингэхдээ тэр номдоо өөрийн болон Боловсролын үнэлгээний төвийн ч нэрийг дурдаагүй. Өөрөөр хэлбэл, ямар ч зохиогчийн нэргүйгээр хэвлүүлж, багш, сурагчдад, ялангуяа орон нутгийнханд шахаж, борлуулжээ. Эл номыг хэвлэсэн компанийнхантай утсаар хэдэнтээ холбогдож, 2015-2019 оны ЭЕШ-ын номыг хаанаас авч болох талаар асуухад “...(нэрийг нь дурдав)-ны номыг хэлж байна уу. Өөртэй нь холбогдоод асуучих. Манайх номыг нь хэвлэж л өгсөн” хэмээн “зохиогчгүй” номын эзнийг “барьж” өгөв.

Хэвлэх үйлдвэрийнхний өгсөн дугаараар мэргэжилтэнтэй холбогдож, номоос нь авах хүсэлтэйгээ хэлэхэд тэрбээр уриалгахан хандаж, дансны дугаараа хүртэл зурвасаар илгээсэн юм. Түүгээр ч зогсохгүй номыг нь авах өөр хүн байгаа, эсэхийг асууж амжив. Бид энэ бүхнийг баримтжуулж авсан. Өчигдөрхөн түүнтэй холбогдоход ч “Ном байхгүй, дууссан” гэлээ.

Нэг ширхгийг нь 15 мянган төгрөгөөр борлуулсан уг ном орон нутагт тун эрэлттэй байгаа талаар Ховд аймгийн нэгэн сургуулийн математикийн багш өгүүлсэн. Тэрбээр “Олимпиад, элсэлтийн шалгалтад бэлдэж буй сурагчид он, оны материал дээр ажиллаж, чансаагаа сорьдог. Тэр утгаараа ЭЕШ-ын сэдэвтэй ном хаана ч эрэлттэй. Ашгүй сүүлийн жилүүдийнхийг эмхтгэсэн ном хэвлэсэн байна лээ. Манай багш нар нэлээдийг авсан” хэмээн ярилаа. Баруун хязгаар аймгийн багш нарт хүртэл тэр ном “очсон” гэхээр Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтний халаас хэр зэрэг зузаарсан нь ойлгомжтой.

ЭЕШ-ын сэдэв өндөр нууцлалтай байх ёстой юу гэвэл мэдээж тийм. Гэхдээ зөвхөн шалгалт зохион байгуулахаас өмнө. Харин шалгалт нэгэнт дууссаны дараа сэдвийг ил болгоход болохгүй зүйл үгүй. Өмнөх оны шалгалтын сэдвүүд ийм л байдлаар ил болж, дараагийн төгсөгчид мэдлэгээ сорьдог байв. Харин сүүлийн жилүүдэд энэ “тогтолцоо” алдагдсаныг багш нар шүүмжилсээр ирсэн. Боловсролын үнэлгээний төвийнхөн 2019 оны ЭЕШ (дууссаны дараа)-ын материалыг ч удаан хугацаанд хав дарсныг учир мэдэх хүмүүс хэлж байна. Харин коронавирусийн тархалтаас сэргийлэн, бүх салбар цахимжсаны ачаар 2018, 2019 сэдвийг саяхан онлайнаар цацсан юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн багш Э “Сүүлийн жилүүдэд шалгалтын материалыг нууцалдаг болсон нь үнэн. Төгсөгчдөөс ноороглосон цаасыг нь авч, хүүхдүүддээ дамжуулан өгдөг. Уг нь шалгалтын дараа сэдвийг ил болгож, нэгдсэн журмаар хариуг нь танилцуулдаг байвал сурагчдад өгөөжтэй” хэмээв. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б “ЭЕШ-ын хичээл тус бүр 4-5 хувилбартай байдаг. Үүнийг бүгдийг нь олж авч чаддаггүй. Шалгалтын дараа сэдвүүдийг багцлан хэвлүүлээд, ерөнхий боловсролын сургуулиудад үнэ төлбөргүй, хүртээмжтэй түгээх хэрэгтэй. ЭЕШ-ын сэдэв бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиг баримжаа болдог чухал өгөгдөхүүн” гэж ярилаа.

2019 оны ЭЕШ-ын журмын 3.18-д “Шалгалтын материалыг Боловсролын үнэлгээний төвд төвлөрүүлэн татаж хадгална” гэжээ. Магадгүй энэ байгууллага төвлөрүүлэн татах нэрийн дор шалгалтын материалыг нууцын зэрэглэлд оруулдаг нь мөнгө олох таатай боломжийг зарим мэргэжилтэнд бүрдүүлсэн гэлтэй. ЭЕШ-ын сэдэвтэй ном хэвлүүлэх зөвшөөрлийг Боловсролын үнэлгээний төв хэн нэгэнд өгсөн, эсэхийг өөрсдөөс нь тодруулахад “Үгүй” гэсэн хариу өгөв.

ЭЕШ-ын сэдэв боловсруулахад Боловсролын үнэлгээний төвийн төлөөллөөс гадна МУИС, МУБИС болон бусад их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцдог. Аль шилдэг, чадвартай гэсэн багш, мэргэжилтнээс бүрдсэн баг ажиллуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын сэдвийг олон хүний оролцоотой боловсруулдаг. Гэтэл ЭЕШ хариуцсан мэргэжилтэн гэх хүн тэр бүхнийг нь эмхтгэн хэвлүүлээд, хувиараа бизнес эрхэлж байгаа нь ёс зүйд нийцэх үү. Албан тушаал, мэдээлэлд ойр давуу талаа ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хулгайлсан улстөрчдөөс тэрбээр юугаараа ялгаатай вэ. ХЗДХЯ-нд ажилладаг мэргэжилтэн хуулийн номоор шахааны бизнес хийж, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн байгалийн баялгийг дураараа ашиглаж, сүйтгээд байвал бид хаана хүрэх бол.

Тус төвийн мэргэжилтэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шалгалтад өндөр үр дүн үзээлээгүй хүүхдүүд сэдэв задарсан гэсэн яриа үүсгэдэг. Нөгөөтээгүүр, хэн нэгний өндөр оноо авах хүсэлд тулгуурлаж, худлаа ярьж ашиг олох сонирхолтой хүмүүс ч байдаг. ЭЕШ-ын материал огт задарч байгаагүй” гэжээ. Энэ үнэн. Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ын материалыг сайн “нуудаг”. Шалгалт дууссаны дараа ч тэр. Харин зарим мэргэжилтэн үүнийг нь ном болгон хэвлүүлж, ашиг олж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

[ 1 ] Зочин202.126.90.XXX
2020 оны 6-р сарын 19. Баасан гариг.
Маш зөв сэдвийг хөндсөн байна. ЕШ-г түшиглээд сэдэв боловсруулдаг төрийн бус байгууллага ч бий болсон. Үнэлгээний төв байх шаардлагагүй. Боловсролын хүрээлэн ажлаа хийхгүй байна. Зарим гадаад орны туршлагаас авах хэрэгтэй. Тэгэхийн тулд Боловсролын хүрээлэн өөрчлөлтийн судалгааг сайн хийх ёстой. Хүрээлэнд дунд сургуулийн хэдэн багш ирчихээд юу хийхээ ч мэдэхгүй болсноор Гантөмөр сайдаас хойш боловсрол дампуурлаа.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 15
Өнөөдөр 117
Өчигдөр 2668
Энэ 7 хоногт 14921
Энэ сард 20927
Өнгөрсөн сард 33140
Нийт зочилсон 6303246

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Маш зөв сэдвийг хөндсөн байна. ЕШ-г түшиглээд сэдэв боловсруулдаг төри...
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...