Үзсэн тоо: 12
0
0
“Яамны кадрууд” ба салбарын хөгжлөө чөдөрлөгчид
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2020 оны 5-р сарын 13. Лхагва гариг. asdf
Энэ сарын эхээр шиг санагдаж байна. Салбарын сайдаасаа ажлаас чөлөөлөгдөх тушаал авсан сургуулийн захирал өнөө тушаалын алдааг засч, доохно талд нь улаан балаар А-10 гээд биччихсэн зураг сошиалын шуугианы нэг болов. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гарын үсэгтэй тэр тушаалын алдааг засч, ажлаа өгсөн хүн нь гавьяат багш З.Байгальмаа. Жаахан халиад хэлэхэд цахим орчныхны яаманд хаягласан шүүмжлэл хэд хоногийн турш үргэлжилнэ лээ. “Сайдын тушаалыг шивсэн нөхөр үг үсэг, утга, найруулгын алдаа ихтэй бичдэг болж таарлаа. Тэрийг нь хянах хүн олдоогүй юм байх даа”, “Төрийн алба чадваргүй, мэдлэггүй хүмүүсээр дүүрсний баталгаа нь энэ байна”, “Чадвартай хүмүүсээ халаад байхаар энэ улс чинь яаж хөгжих юм бэ, сайд аа” гэсэн утгатай коммент постууд хөврөх шалтгаан болсон тушаалыг сайдаас хүлээж авсан багш хэдхэн сарын дараа тэтгэвэртээ суух гэж байж. Хэзээ мөдгүй ажлаа өгөх нь тодорхой хүнийг яаран сандран халсан нь цаанаа улс төрийн шалтгаантай гэсэн яриа чих дэлсэж байна. УИХ-ын нэг гишүүн өөрийнхөө хүнийг “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирлын суудалд зүтгүүлсэн учраас сайд тушаал гаргасан гэх барим тавим таамаг салбарын учир мэдэх цөөн хүний хүрээнд лав яригдаад эхэлчихэж. Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчөөс гавьяат цол авсан нь ч нөлөөлсөн байх гэж сэрдэх нэгэн ч таарсан. Чих дэлссэн хардлага таамгууд үнэн эсэх нь өнөөхөндөө тодорхой биш учраас ингэсгээд орхиё. Гэхдээ амжуулсан ажилтай, шинийг хийж бүтээх хүсэл зүтгэлтэй хүмүүст яам нь халтай ханддаг иймэрхүү жишээ ганцаар тогтохгүй нь бол бодитой үнэн.

Боловсролын яаманд цөөн жил ажиллаад гарсан нэг эрхэмтэй хоёр сар гаруйн өмнө таарч боловсролын сэдвээр хууч хөөрсөн юм. Мань эрийн “Мэдээж сайд бүр юм хийе, шинэчилье, сайжруулъя гэж албаа авдаг байх. Харамсалтай нь яаманд олон жил болсон дунд шатны дарга нарын тогтоосон дүрмээс гарч чадахгүй суусаар хугацаагаа дуусгадаг. Аль ч яаманд ажиглагддаг зүйл. Өнөөдүүл сайдад юу гэж ойлгуулахаас бүх зүйл хамаарна. Наад асуудлыг чинь сайдад ингээд ойлгуулчихсан гэх маягийн зүйл яриад сууж байдаг. Шуудхан хэлэхэд тэд сайдыг унагаж ч чадна, босгож ч чадна. Ардаа хамгаалдаг гишүүдтэй болохоор бардам гэж жигтэйхэн. Гишүүдийн тойрогтоо хийх ажлыг салбарынхаа давуу талыг ашиглаж амжуулж өгөөд сууж байдаг дарга нар олон бий. Ер нь яамныхан 76 сайдтай юм шиг л ажилладаг. Гишүүд утас цохиод элдэв даалгавар өгөх энүүхэнд. Шуудхан хэлэхэд сайдыг тойрсон дарга нарын сүлжээ улс төрийн ажил хийгээд сууж байдаг нь нуух юмгүй ил үнэн. Тэд их гоё нэртэй. Өөрсдийгөө яамны кадрууд гээд нэрлэчихдэг. Бага цалинтай хэрнээ том машин, дориун амьжиргаатай яваад байдгийн шалтгааныг олон нийт тэр бүр анзаарагдаггүй байх. Бүх зөвшөөрлийг яаманд төвлөрүүлчихээр яам шиг нөлөөтэй газар үгүй болж таарна аа даа. Шалтгаан нь ерөөсөө энэ. Би Цогзолмаа сайдыг харин гайхдаг юм, Эрдэнэчимэг, Цэдэвсүрэн гэдэг хоёр айхавтар хүнийг явуулсанд нь. Цогзолмаа сайдын ганц том гавьяа нь энэ. Боловсролын хөгжлийг чөдөрлөж буй хүмүүсийг зориг гаргаж явуулсанд нь олзуурхсан шүү.
Яг үнэндээ яаманд төвлөрсөн мэдлээс сургуулиудад нь даатгаад өгчихөөр зүйл өчнөөн бий. Тийм санаа гаргасан хүнийг кадрууд яаж ийж байгаад зайлуулахыг бодно, хяхна, хавчина. Олдог мөнгө, хийдэг ашгаасаа хэн ч салъя гэж хүсэхгүй шүү дээ. Коммунист үзэл амь бөхтэй оршсон газрууд хаана байна вэ гэвэл би төрийн яамдыг хэлнэ” гэсэн үг загатнасан газар маажиж орхисон. Хөндсөн өнцгөөр нь ярилцлага авах хүсэлт тавьсан боловч “Өө тэгж өөртөө төвөг удсан зүйл хийгээд яахав” гээд халгаагаагүй юм. Чадалтай, чадвартай мэргэжилтэндээ халтай яамдын улстөржсөн хандлагаас болж ажлаа өгсөн хүмүүс ил гарч ярьдаггүй нь нийтлэг үзэгдэл учраас гайхсан ч үгүй. Тэгсгээд мартчихсан явтал гавьяат багшийг халсан сайдын тушаал энэ сэдвээр нийтлэл бичих сэдэл болчихлоо л доо.

Мерит зарчим+шилдэг залуус
Боловсролын салбарт цаг алдалгүй хийх зүйл олон бий. Цөөхөн хүүхдийг онцолж олимпиад медаль гэж хөөргөөд бусдыг нь мартчихдаг, өөртөө итгэлгүй жирийн иргэдийг бөөндөж бэлддэг гэх мэт санаа зовж шийдэл хайхаас аргагүй өчнөөн асуудалтай салбар. Эрүүл мэндийн салбар ч асуудал олонтойдоо багтдаг. Салбараа мэддэг, салбартаа мэргэшсэн, багш, эмч мэргэжлийн хатуу хөтүүг мэдэрчихсэн хүмүүс боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн төрийн байгууллагад ажиллах ёстой гэж төдийгөөс өдий хүртэл яриад ирсэн нь цаанаа ийм учиртай. Зүй нь салбарынхаа асуудлыг дэлхийтэй уяж хардаг, шинэ сэргэг сэтгэдэг залуус шажигнатал ажиллаад явж байх ёстой орчин бол Боловсролын яам. Мэдээж шижигнэсэн залуусаар цус сэлбэчихээд улстөрчдөөр араа хамгаалуулсан хуучин дарга нарт баяртай гэж хэлж чадахгүй бол ямар ч салбараас шинэчлэл хүлээгээд нэмэргүй. Хатуухан хэлэхэд кадрууд солигдохгүй бол боловсролоос эхлээд ямар ч салбарт төсөвлөсөн мөнгө улстөрчдийн тойргийг услахад зарцуулагдсан хэвээр байна. Эндээс “Яамны кадрууд гэсэн гоё нэртэй муухай дарга нарын албан тушаал дээр ямар хүмүүс очих ёстой вэ” гэсэн асуулт ургаж таарна. Мерит зарчмаар явсан хүн гэж ярьдаг даа. Төрийн албанд доод шатнаас нь ажиллаж эхлээд дээд алба хүртэл нь зүтгэсэн хүмүүсийг ингэж тодотгодог. Сайдын суудал улс төрийн алба учраас мэргэжлийн биш хүн томилогдох том асуудал биш. Харин сайд, дэд сайдаас бусад дарга нарыг мерит зарчмаар өгссөн хүмүүсээр бүрдүүлчихвэл боловсролын салбарын өчнөөн асуудал шийдэгдэж цэгцрэх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой асуудал.
Яамны гол ажлыг нугалдаг, сайдын шадар туслах болдог алба бол төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нар. Зарим сэхээлэг сайд мерит зарчмаар өгссөн хүмүүсийг энэ албандаа тавьсан анзаарагддаг. Гэхдээ тийм нийтлэг үзэгдэл биш. Салбараа мэргэшсэн хүний нүдээр хардаг, хөгжүүлэхсэн гэж сэтгэлээсээ зүтгэдэг цөөн зарим “мерит”үүд сая онцолсон албан тушаалуудад очдог ч яамны кадруудын шахаас, дарамтаас залхаад халагдах өргөдлөө өгсөн, халагдсан жишээ ганц, хоёроор тогтохгүй. Сүүлд гэхэд л Боловсролын яамны төрийн нарийн бичгийн хоёр ч дарга яг ийм шалтгаанаар шүүхэд хандаж, шүүхээс “Буруу шийдвэр гаргасан байна. Буцааж ажилд нь ав” гэсэн утгатай шийдвэр гарсныг уншигчид санаж байгаа байх. Шүүхэд хандаад заргаа авсан хоёрын нэг нь Б.Баярсайхан. Нөгөө нь Ж.Болормаа. Б.Баярсайханы хувьд багшилж байгаагүй, салбараа мэргэшсэн хүний нүдээр харахаар түвшинд бэлтгэгдээгүй гэх мэт тайлбар шалтгааныг боловсролын салбарын учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Харин Ж.Болормаагийн хувьд сумын багшаас ажлаа эхэлсэн, багшийн хөгжил, боловсролын чиглэлээр өчнөөн ажил амжуулсан, төрийн албанд мерит зарчмаар өгсөж яваа цөөхөн хүний нэг юм билээ. Өнөөдөр Б.Баярсайхан, Ж.Болормаа хоёрын хэн нь ч шүүхийн шийдвэрийн дагуу эрхээ эдлээгүй яваа, өнөө хэл заргатай төрийн нарийн бичгийн суудалд нь хуулийн чиглэлийн хүн том түлхээстэйгээр яригдаж яваа, сонгон шалгаруулалтын босго шалгуурыг зөвхөн тэр хүнд зориулаад бэлдчихсэн гэх мэт мэдээлэл чих дэлсэж байна. Сая онцолсон мэдээлэл ортой эсэхийг цаг хугацаа харуулах учраас үндсэн сэдэв рүүгээ эргээд оръё. Ажлаа мэддэг, мэргэшсэн, салбартаа танигдсан нөхдөд кадрууд дургүй учраас өчнөөн хүн ийм шалтгаанаар шүүхэд хандсаар өнөөг хүрсэн. Шүүхээс шийд гаргаж бурууг нь тогтоосон ч мэргэшсэн хүмүүсээ томилохгүй яваад байвал шүүхэд хандах “мерит”үүдийн тоо буурахгүй нь тодорхой.

Кадрууд яагаад нөлөөгөө алдахыг хүсдэггүй вэ?
Яамны кадрууд яагаад хүч нөлөөгөө алдахыг хүсдэггүй юм бол, сайдаасаа том нөлөөтэй яваагийн цаана яг ямар шалтгаан нуугдаж байна вэ гэсэн асуултын гол хариу нь тендер гэж учир мэдэх улс өөр зуураа ярилцдаг. Тендерийн комиссын гишүүн болчихвол нөлөө, сүр нь томроод явчихдаг гэсэн явган яриа бий. Өнөөг хүртэл сурах бичиг хэвлэгдээгүй яваа нь үүний тод жишээ гэж мэдээлэлд ойр эх сурвалж хэлж байна. Мөнгө ихтэй мөлжүүртэй тендерүүдээ эхний ээлжинд баталж, бага мөнгөн дүнтэй тендерүүдээ хойшлуулж явсаар наадмын өмнөхөн шийддэг гэсэн яриа аль эртнээс дуулддаг байсан, одоо ч өөрчлөгдсөн юм алга. Мөнгө багатай тендерт нь сурах бичиг ордог учраас жил бүрийн намар сурах бичиг халуун сэдэв болдог юм билээ л дээ. Олон нийт хэвлэх үйлдвэрүүдийг буруутгаад өнгөрдөг ч яг цаадах шалтгаан нь ийм байх жишээний. Шуудхан хэлэхэд хэвлэх үйлдвэрүүдэд “Та нар сурах бичгээ өөрсдөө зардлаа гаргаад хэвлэ. Хэвлэснийхээ дараа зараад мөнгөө гаргаад ав. Нэг сурах бичгийг тэдэн төгрөгөөс хэтрүүлэхгүй үнэлээрэй” гэчихэд л болчих асуудал санагдаад байдаг юм. Би л хувьдаа сурах бичгийг заавал улсаас мөнгө гаргаж хийж, төсвийн мөнгө үрэх шаардлагагүй ажлуудын эхэнд жагсаана. Заавал улс мөнгө гаргана, тендер зарлана гэж зүтгээд зөрөөд суугаагийн цаана мөнгө идэх ганц зорилго бий гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Логиктой сэтгэдэг хэний ч олоод харчих өнцөг.
Боловсролын салбар руу чиглэсэн гадны элдэв төслүүд ч яамны кадруудын амттай бялуу болдог гэсэн хардлага давтамжтай дуулддаг. Ганц боловсрол биш бусад салбаруудад нийтлэг ажиглагддаг асуудал л даа. Боловсролын чиглэлд хэрэгждэг нэгэн төсөлд ажилладаг танил маань жил гаруйн өмнө баримт тавим тоотой жишээ хэлж гайхшируулж билээ. Нэг төслийн санхүүжилтээр сургуулиудын орчныг сайжруулсан ажил эхэлж л дээ. Өртөг нь 20 сая ам.доллар. Хоёр засаг дамнаж хэрэгжсэн бололтой юм. Хоёр дахь засгийнх нь нөхөд яаманд ирэхэд 20 сая ам.доллараас нь хоёр сая доллар л үлдсэн байж. За тэгээд өнөө мөнгөөр нь арав гаруй сургуулийн орчныг сайжруулчихаж. Төсөл хэрэгжиж дуусангуут тайлан тавьдаг жишиг хаана ч бий. Яг тэр үеэр мониторингийн хүмүүсийг гайхшируулсан тоо гараад ирж. Өмнөх засгийн 18 сая ам.доллараар хийсэн ажлын үр дүн дараагийн засгийнх нь хоёр сая ам.доллараар амжуулсан ажлын үр дүнтэй бараг л адилхан байж. Олон улсын төсөл хөтөлбөрүүд яамны кадруудын хувьд ямар амттай бялуу болохыг энэ жишээнээс харчихаж болно. Яамнаас зохион байгуулдаг элдэв хурал ч хурган дарга нарын халаасаа түнтийлгэх шалтгаан болдог гэх нь бий. Нэг чуулганыг тэрбумын төсөвтэйгөөр зохион байгуулсан гэх мэт чих дэлдийлгэсэн тоо дуулдаж л байдаг, ортой байж мэдэх л юм.
Эх сурвалж: "Өдрийн Сонин" Ц.Баасансүрэн

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 124
Өнөөдөр 245
Өчигдөр 1661
Энэ 7 хоногт 3185
Энэ сард 42512
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6240421

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej