Үзсэн тоо: 47
0
0
“Хувьсгал”-ыг хэрхэн хийх вэ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2020 оны 1-р сарын 31. Баасан гариг. asdf

Дэлхий нийтээр нийгэм, эдийн засгийн гээд бүхий л салбарт сайн, муу өөрчлөлтүүд гарч, тэр хэрээр хүн төрөлхтөнд өнөөдөр, маргааш хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадвар, чадамжийг олгодог боловсролын систем ноёлж байна. Энэ нь унших, бичих, тоо бодох ойлголтоос гадна шударга ёс, хүний эрх, нэр төрийг эрхэмлэн дээдлэх, байгаль, эх дэлхийгээ хайрлах, нийгмийн тэгш байдал, соёл, эв нэгдлийн үзэл санаанд сургах тухай юм. Өөрөөр хэлбэл, техник, технологи, даяаршлын энэ зуунд, ЮНЕСКО-гоос боловсролыг бүх нийтийн эрхэм баялаг хэмээн тодорхойлж, “Дэлхий ертөнцийг өөрчлөх хүч хийгээд хувьсал, шинэчлэлтэд дасан зохицох гол үндэс” гэж үзэж буй. Бид ч гэсэн дэлхийн иргэд. Тиймээс бусадтайгаа хөл нийлүүлэн алхахын тулд боловсролын “хувьсгал”-ыг яг одооноос эхлүүлэх ёстойг “Өнөөдөр” сонин уриалж, шинэчлэлийг хэн, хэрхэн хийх, зорилго нь юу байх, ямар түвшний боловсрол бидэнд хэрэгтэй, суралцах үйл ажиллагааг цаашид яаж зохион байгуулбал үр дүнтэй вэ зэрэг асуудлыг “Өнөөдөр”-ийн хэлэлцүүлэг буландаа цувралаар хөндөж буй билээ. Хэлэлцүүлэгтээ бид аль болох бүх салбараас олон мэргэжлийн эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч, жирийн иргэнийг хүртэл хамруулах бөгөөд салбарын зарим хүн “хувьсгал”-ыг хэрхэн хийх талаар байр сууриа илэрхийлснийг хүргэе.

УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭС НЬ ИРЭЭДҮЙГ ХАРСАН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙ

Ч.ЛОДОЙРАВСАЛ (МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, профессор):

-Юуны өмнө хувьсгал гэдгийг тун болгоомжтой, зөвөөр ашиглах шаардлагатай. Аливаа зүйлийг үндсээр нь өөрчлөхийг хэлдэг учраас орвонгоор нь уу, эсвэл системийг үр дүнтэй ажилладаг болгон сайжруулах уу гэдгийг ялгах ёстой. Боловсролын системд зарчмын хоёр асуудлаар шинэчлэл хийх хэрэгтэй. Эхнийх нь, эл салбарын эд анги, араа бүр нь хоорондоо яв цав таарч, механизм тэр чигтээ ямар нэгэн доголдолгүй жигд ажиллах асуудал. Нэг хэсгийг нь шийдсэн ч нөгөө тал нь гацаад байвал систем бүтнээрээ үр дүнтэй ажиллахгүй. Сүүлийн жилүүдэд сургалтын хөтөлбөр, сурах бичгийг засаж, сайжруулан, сургууль, цэцэрлэг барьж, багш нарыг шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангахад анхаарч байгаа ч механизмын нэг чухал араа болсон багшийн хөгжлийн асуудал доголдсон. Боловсролын үнэлгээний төвийнхний судалгааг харахад, өнгөрсөн жилийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дундаж дүн харилцан адилгүй байна. Энэ нь багшийн мэдлэг, ур чадвар, хүрэлцээнээс хамаарч хүүхдүүдийн сурлагын чанар ялгаатай байгааг илтгэх нэг жишээ. 

Түүнчлэн Боловсролын хүрээлэнгийнхэн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх сорил явуулахад сурагчид хангалтгүй дүн үзүүлжээ. Тодруулбал, математик, хими, физикийн сорилыг дунджаар 7.7-32.1, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, биеийн тамирынхыг 20-40, монгол хэл, газар зүй, англи хэлнийхийг 10-40 хувьтай гүйцэтгэсэн байна. Үүнээс үзвэл байгалийн ухааны багш нарыг яаралтай чадавхжуулах шаардлагатайг илтгэнэ. Сурган хүмүүжүүлэгч нар нь мэдлэг, чадвар дулимаг болохоор эл чиглэлийн хичээлд хүүхэд хангалттай хэмжээнд сурч чадахгүй. Суралцагсдын байгалийн ухааны мэдлэг хангалтгүй төгссөөр буй тул их сургуулиуд элсэлтийн шаардлагаасаа энэ талын мэдлэгийг хассан. Жишээ нь, инженерийн мэргэжлээр элсэлт авахдаа математик, физикийн хичээлийг хамтад нь шаарддаг байсан бол өдгөө аль нэгийг нь л гэх болж. Дээхнэ үед анагаахын чиглэлээр оюутан элсүүлэхдээ хими, физикийн хичээлд тулгуурладаг байв. Гэвч их сургуулиуд физикийнхийг хассанаар хүүхдүүд энэ хичээлээр ЭЕШ өгөхөө больж, ач холбогдолгүй гэж үзэн, анхаарахаа ч больсон. Үүний шийдэл нь ЭЕШ-ыг нэг хичээлээр биш, багцаар нь авч, шалгалтын оноогоор нь жагсаадаг болгох явдал юм. Тэгвэл сургууль ч, хүүхдүүд ч бүх хичээлд жигд анхаарч, боловсролтой төгсөгчид “төрж” эхэлнэ.

Багшийн мэргэжлийг дээшлүүлэх, бодлогоор дэмжих явдал сүүлийн 30 жилд орхигдсон. Өнөөгийн нийгэмд багшийн үнэлэмж муу болохоор эл мэргэжлийг сурлагатай, сайн хүүхдүүд сонгохгүй байна. Тиймээс багшийн ажлын үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх замаар боловсон хүчний хүртээмжийг сайжруулах. Хот, хөдөө гэж ялгалгүй нийтээр нь нэг стандарттай болгож, түүнд нийцүүлж чадавхжуулах нь эл салбарын шинэчлэлийн чухал хэсэг.

Зарчмын хоёрт боловсролын “хувьсгал” хийх бол дэлхий нийтийн чиг хандлага, технологийн хөгжил, дэвшил, аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөөг харгалзах зайлшгүй шаардлагатай. НҮБ-ын гишүүн орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилт баталсан. Үүний дотор боловсрол нь тогтвортой хөгжлийн бүх зорилгыг хэрэгжүүлэх гол түлхүүр хэмээн онцолжээ. Дээрх зорилтуудын дөрөв дэх нь “Боловсрол-2030” хөтөлбөр бөгөөд гол санаа нь үр ашигтай суралцахад анхаарах, сурах үйл ажиллагаанд шинэ хандлага нэвтрүүлэх. Нөгөөтээгүүр, дэлхийн эдийн засгийн форумын “Боловсролын шинэ алсын хараа, технологийн боломжийг тайлах нь” сэдэвт IV тайланд XXI зууны иргэний ур чадварын зааг, технологиор дамжуулан шийдвэрлэх арга зам, эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлсон байдаг. Дэлхий даяар өрнөж буй аж үйлдвэрийн IV хувьсгалтай уялдан, ирээдүйд ажил үүргийн хуваарь ч дахин тодорхойлогдох төлөвтэй. Бид одоо гүйцэтгэж буй ажлаа машинд даатгаж, илүү нарийн мэдлэг, ур чадвар шаардсаныг нь хийнэ гэсэн үг. Улс орнуудын үсрэнгүй хөгжлийн үндэс нь дээрх нөхцөл, боломжуудыг урьдчилж харсан, түүнд тохирсон боловсролын тогтолцоог бүрдүүлж чадсанд оршдог. Өөрөөр хэлбэл, шинэ цагийн хэрэгцээгээ хангахын тулд суралцагч төвтэй буюу идэвхтэй сургалт болон STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) боловсролын арга зүйг голчилж байна. Тиймээс манай улс ч гэсэн суурь асуудлаасаа гадна алсыг харсан хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хүүхэд, залуусаа ирээдүйн ажлын байранд бэлдэх, шинэ зууны иргэн болгон төлөвшүүлэхэд төрийн бодлогоо чиглүүлэх хэрэгтэй болжээ.

“ХУВЬСГАЛ” ХИЙХ ШААРДЛАГА ХЭДИЙН ҮҮССЭН

Н.ОЮУНЦЭЦЭГ (Боловсролын хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн секторын зөвлөх, судлаач, доктор, профессор):

-Монгол Улс шинэ нийгэмд шилжээд бүх л салбартаа шинэчлэл хийсэн. Гэхдээ эргээд харвал бидний хүсэн, хүлээсэн хүмүүнлэг, ардчилсан, шударга нийгмийг бүрдүүлж чадсан уу гэвэл харамсалтай нь үгүй. Энэ нь олон шалтгаантай. Тухайлбал, нийгмийн болон боловсролын, бусад салбарт хүний нөөцийн бодлого алдагдсан, олон нийтийн туйлшрал, хэт ялгаатай байдал газар авч, сургалтын хөтөлбөрүүдийг тогтвортой мөрдөж, хэрэгжүүлэх тухай ойлголт үгүй болсон гээд түмэн бэрхшээл үүссэн. Хүүхэд, залуус чанарын баталгаагүй боловсролыг өндөр төлбөрөөр “эзэмшиж”, хойч үе маань харийн оронд ажиллаж, амьдрахыг эрхэмлэх болжээ. Энэ нь боловсролын салбарын 30 жилийн бэрхшээл, алдаа, оноо, сургамжаа дүгнээд, цаашид хувирган өөрчлөх эрэлт, хэрэгцээ бий болсныг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн, хөдөлмөрийн зах зээлийн, технологийн дэвшил, өөрчлөлтүүд, хүмүүсийн хүсэл эрмэлзэл “хувьсгал” хийхийг шаардаж байна.

Дэлхий ертөнц нэг талаар улам бүр тогтворгүй, ойлгомжгүй, төвөгтэй, зөрчилдөөнтэй байна. Нөгөө талаар аж үйлдвэрийн IV хувьсгалаар овоглосон шинжлэх ухааны мэдлэгийн шинэ “тэсрэлтүүд” бий болж, хиймэл оюун ухаан, технологийн асар хурдтай хөгжил, хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, нийгэм, соёлын олон янз байдал зэрэг нь боловсрол ямар байхыг “хэлдэг”. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд ирэх 10 жилийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд, 2050 оны боловсролын чиг хандлага ямар байхыг өдгөө судалж байна гээд бод доо. Гэтэл манай улсын боловсролын тогтолцоо олон улсын байгууллагуудаас гаргасан тунхаг бичгүүдийн үзэл санааг номлох, шууд хуулах төдийхнөөр хязгаарлагдаж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд эх орныхоо хөрсөнд тохирсон, үнэт зүйл, ёс суртахууныг хадгалсан боловсролын баримт бичиг боловсруулж чадаагүй.

Мэдлэг, чадварын хадгалагдах болон хэрэглэх хугацаа улам богиносож байна. Хувь хүнээс мэдлэг, ур чадвараас гадна хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл, сэдэл зэрэг төлөвшлийг цогцоор нь шаардах болж. Тиймээс өнөөгийн монгол суралцагсдад ирээдүйд өөрсдийн ертөнцийг бүтээх, хөгжүүлэхэд ямар мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлс хэрэгтэй вэ гэдгийг судлахаас шинэчлэл эхлэх учиртай. Харин сургалтын систем нь эдгээрийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж, хөгжүүлэх нь дараагийн хийх алхам. Энэ утгаар ойлговол боловсролын “хувьсгал” хийх шаардлага аль хэдийн үүссэн. 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элссэн хүүхдүүд 2032 онд төгсөх тул бид цаг алдсаар л байна. Монгол Улсыг хөгжүүлэх, ард түмнээ санаа зовохгүй амьдруулах үүргийг төр, засаг хүлээдэг. Тэдний нэн тэргүүнд хийх, дэмжих нэг үүрэгт ажил нь боловсролын шинэчлэл юм. Хувьсгалыг дээр дурдсанчлан судалгаанд суурилж хийдэг. Эл ажлыг нь боловсролын судалгааны байгууллага, их, дээд сургуулийн судлаачид гүйцэтгэнэ.

Гол нь аль нэг нам, улстөрч, салбар, үзэл бодол, үндэс угсаа, цол хэргэм, зиндаа, албан тушаал, танил тал, өмч хөрөнгийн ялгаа харгалзахгүйгээр нийтээрээ, Монголынхоо боловсролын эрх ашгийн төлөө хэн нэг нь огт өмчлөхгүйгээр, гадаадын ямар нэг нөлөөгүйгээр “хувьсгал” эхлүүлэх хэрэгтэй. Харин эрх баригчид салбарын эрдэмтэн, судлаач, багш нарынхаа үгийг сонсож, итгэл, зүтгэл, зөвшилцлийг нь дэмжвэл эл салбарыг шинэчлэх нь тийм ч хэцүү биш. Нөгөөтээгүүр, шинэчлэлийг зөвхөн боловсролын байгууллагынхан хийнэ гэж өмчилдгөө одоо болих хэрэгтэй. Боловсрол бол бүх салбараа тулдаг багана нь тул бизнес, банк санхүүгийн болоод бусад нь үүнд оролцоосой гэж уриалж байна.

НЭГ “ХОХИРОГЧ” НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

Н.ЭРДЭНЭХҮҮ (АШУҮИС-ийн багш, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор, дэд профессор):

-Анагаах ухааны боловсролын өнөөгийн хөгжлийг эргэн харвал тасралтгүй өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүн байдаг. Бараг 130 жилийн өмнө Абрахам Флекснер хэмээх америк эрдэмтэн АНУ-ын анагаахын 155 сургуульд зочилж, боловсролын тогтолцоонд нь үнэлгээ хийсэн байдаг. Улмаар 1910 онд танилцуулсан судалгааны үр дүн нь тус улсын анагаах ухааны боловсролын тогтолцоог өөрчлөхөд гол түлхэц болсон түүхтэй. Түүний судалгаанаас товч хэлбэл, анагаахын сургуулиудынх нь чанар, багш, боловсон хүчнийх нь мэдлэг, ур чадвар тун тааруу, ашгийн төлөө хөөцөлддөг, муу боловсруулсан хөтөлбөртэй, эмч бэлдэхдээ шинжлэх ухаан ч бус ханддаг зэрэг нь өөрчлөлт, шинэчлэлт хийх үндсэн шалтгаан болж. 110 жилийн өмнөх эл нөхцөл байдал өнөөгийн Монголын анагаахын сургуулиудын үнэн төрх болчихоод байгаа нь тун харамсалтай.

А.Флекснерийн үзлийн гол санаа нь эмч бэлдэхдээ нэн тэргүүнд байгалийн шинжлэх ухаанд тулгуурлан нэгтгэн дүгнэж, задлан шинжлэх, сэтгэх чадварыг хөгжүүлэх явдал байсан юм. Уг үзлийг бүрэн цогцоор нь Жон Хопкинсын их сургууль анх хэрэгжүүлж, анагаахын боловсрол нь суурь шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээнд суурилсан эмнэлгүүдэд түшиглэх нь зүйтэй гэж үзсэн. Үр дүнд нь судлаач-багш-эмч өвчтөнөө үзэх, хичээл заах, эл явцад урган гарсан санаанд үндэслэн, тусламж, үйлчилгээг улам сайжруулах судалгаа хийдэг. Ингэж хөгжсөөр дэлхийд их сургуулийн эмнэлэг хэмээх сургалтын шинэ тогтолцоо бий болж, улам л дэвшсээр байна.

Эдгээрийг бид мэддэг хэрнээ дэлхийн анагаах ухааны боловсролын суурь ухагдахууныг Монголд бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадаагүй. Манай салбараас “төрсөн” цөөхөн манлай эмч, багшийг эс тооцвол Монголын боловсролын тогтолцооны нэг “хохирогч” нь бид болчихоод, өдгөө нийгэмд “адлагдаж” байна. 1960 оноос анагаах ухааны судалгаа нь молекул биологи руу чиглэн, шинжлэх ухааны томоохон төслүүдэд лабораторийн орчин шаардагдаж, сүүлийн 20 жилд эмнэл зүйн багш нар судалгааны ажил хийхэд төвөгтэй болсон. Тиймээс эдүгээ эмнэл зүйн нарийн мэдлэг болон багшлах туршлагыг хамтад нь хөгжүүлэх, судалгааныхаа үр дүнг бусдад хүргэх гэсэн хоёр чиглэлээр анагаахын боловсрол салаалан хөгжиж байна. Манайх ч гэсэн боловсролын тогтолцоогоо шинэчилж, дээрх онцлогуудыг тусган, бүх талаар нь хөгжүүлэх шаардлага эрт үед л үүссэн. Даанч үүнийг ойлгож, мэддэггүй төр, засагтай учраас эрүүл мэндийн салбар нь бадамласан гал шиг байхаа больж, “цогшиж” байна. Анагаахын сургуулийг шилдэг нь төгсдөг байсан цаг ард хоцорч, бүгд шахам эмч нэр зүүж байна.

Мэргэжлийн гол хичээлүүдийн багш нар нь өвчтөн үзэх нь бага, эмнэл зүйн ур чадвараа хөгжүүлэх хугацаа, боломж байдаггүй. Анагаахын аль ч сургуулийн эмнэл зүйн багш нар эмч-судлаач-багш гэсэн А.Флекснерийн загварыг хэрэгжүүлээгүй. Монголын анагаахын сургуулиуд нэг нэгнийхээ сургалтын хөтөлбөрийг шууд хуулдаг, практик ур чадвар, ёс зүйг илүүд үзэхгүй байгаа нь боловсролын тогтолцооны хамгийн сул тал. Эмнэлэгт ажиллуулж, өвчтөн асарч, халамжлуулах үүрэг, хариуцлага нь сурах үйл явцыг хүчтэй өдөөх чухал элемент. Сэтгэх, танин мэдэх болон гардан хийх ур чадваруудыг өвчтөн үзэх явцад багшийн тусламжтайгаар олж авах нь сургалтын хамгийн идэвхтэй хэлбэр. Гэвч манай сургалтын системийн дийлэнх нь тэнхимийн, багш нар нь лектор. Энэ бүхнийг өөрчилж, шинэчлэхийн төлөө цөөн судлаач, багш санаачилга гаргасан ч газар аваагүй. Ирээдүйн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өндөр ёс суртахуунтай, мэдлэг, ур чадвар хосолсон байхын зэрэгцээ өөрийгөө үргэлж хөгжүүлж, тасралтгүй суралцдаг тогтолцоо бүрдүүлэхийн тулд “хувьсгал” зайлшгүй хийх хэрэгтэй.

Монгол Улсын анагаахын боловсролыг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарыг олон улсын түвшинд хүргэх үндсэн технологи бол дэлхий дахинд 200 гаруй жилийн өмнө үүсэж, хөгжсөн ч Монголд нэвтрээгүй нэг арга бий. Тэр бол анагаахын их сургуулиудыг эмнэлэг (манайд ганц бий)-тэй болгох, түүнийг нь бодлогоор дэмжих явдал юм. Ингэсэн цагт анагаахын боловсрол чанаржиж, үр дүнд нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эрх баригчид “Их сургуулийн эмнэлэг”-ийг хуульчлах ганцхан шийдвэр гаргахад хангалттай.

Эх сурвалж: unuudur.mn

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 16
Өнөөдөр 422
Өчигдөр 1065
Энэ 7 хоногт 1017
Энэ сард 40048
Өнгөрсөн сард 32759
Нийт зочилсон 6150908

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej
    Багш
    Боловсролыг улс төрөөс ангид байлгамаар байна. Овоо юм хийх нь дээ гэт...
    Сурагч
    Би ч бас МЭӨ НТӨ 2 ыг сайн ойлгодоггүй зарим нь шал өөр л гэхийн зари...