Үзсэн тоо: 24
0
0
Чанаргүй сурах бичгүүдийн цаас нь хүртэл “хог”
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2019 оны 3-р сарын 27. Лхагва гариг. asdf

БСШУСЯ-ныхны ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бүртээ тарьсан балаг нь мөддөө арилахгүй биз. Байгаа оноогүй баахан хөтөлбөр туршиж, салбараар нь самарсны үр дүнд хүүхдүүд “1990-ээд оны үсрэлтийнхэн, хос бичигтэн”, “туршилт 11”, “анхны зургаан настан”, “үсрээд 12”, “жинхэнэ 12”-ынхон гэх мэт сэтэр зүүх болсон. Дараагийн шинэ хөтөлбөр хэрэгжихэд одоогийн сурагчид “цөмийнхөн” хэмээгдэж “хохирогчдын бүлэгт” элсэх нь гарцаагүй.

Сургалтын хөтөлбөрийг дагаад сурах бичгүүдийг шинэчлэх нь зүйн хэрэг. Гэвч хэрэглээнээс гарсан хуучин номуудыг улсын хэмжээнд багтааж шингээхээ байсан. Шулуухан хэлэхэд, ерөнхий боловсролын сургуулиуд ашиглахгүй болсон номоор хахсан нь шилжилтийн явцад гаргасан эрх баригчдын алдаанаас үүдэлтэй.

Ангиудыг “үсэргэх” зуурт хичээлийн хөтөлбөрүүд өөрчлөгдөж, сурах бичгүүдийг ямар ч судалгаагүй, яаран үйлдвэрлэж, хэдэн саяар нь тараасны дараа хэрэггүй гээд хаядаг нийтлэг үзэгдэл газар авлаа. Тухайлбал, бага, дунд ангид иргэний боловсрол гэх хичээл оруулна гээд сурагчдын тоогоор ном хэвлүүлсэн ч зарим ангид одоо үзэхээ больж. 

Мөн долдугаар ангийн физикийн номыг шинээр зохиосон жилээ хэрэглээд, дараа нь бүгдийг акталсан. Агуулгыг нь байгалийн ухааны номд шингээсэн юм байх. Өнгөрсөн жил гэхэд бизнес судлал гэсэн сурах бичиг зохиож, сургуулиудад шахсан боловч амжилт олоогүй тул хонгилын давхар луу шилжүүлжээ.

“2014 оноос сурах бичгүүдийг хэдэн арван тонноор нь хаях болсон. Хуудсыг нь эргүүлээгүй, баглаа боодлыг нь ч хөндөөгүй ном хэдэн саяараа байна. Жилд дунджаар 30-40 тонн ном хаягдаж байна” гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын Татан төвлөрүүлэх төвийн нярав Ц.Баярсайхан бидэнд өмнө нь хэлж байв. Тэрбээр акталсан сурах бичгүүдийг хаягдал цаасны үйлдвэрт борлуулж, олсон орлогоо улсад тушаадаг байсан ч сүүлийн жилүүдэд номоо зарж чадаагүй. Хаягдсан номтойгоо хамт агуулахдаа “хадагдсан”. 

Өдөр бүр дэмий шахам ажлын байраа эргэж тойрдог түүнтэй дахин холбогдож, нөхцөл байдлыг тодруулахад “Өөрчлөгдсөн зүйлгүй ээ. Агуулахад 70 орчим тонн сурах бичиг бий, хэвээр. Одоо болтол борлуулж чадаагүй. Хаях газар ч олдохгүй, шатаах эрх надад байхгүй. Гадаа дулаарч байна. Холбогдох албаны хүмүүс удахгүй нэг шийдвэр гаргаад, устгах байлгүй” гэсэн юм.

Акталсан номуудыг цавуулаг ихтэй, шохойтой цаастай хэмээгээд авах эзэн олдохоо байсан, сурагчид цүнхээ даахгүй, бөгтийж явах болсон шалтгааныг материал цуглуулах явцад олж мэдэв. “Хэргийн эзэн” нь Бага дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандарт MNS 5418:2008 юм байна. Сурах бичгийн цаасанд ерөнхий стандарт тавьдгаас шат шатны байгууллагууд ийм хүнд байдалд оржээ.

БСШУСЯ тендер зарлахдаа “Сурах бичгийг 80 граммын, гөлгөр, шар цаасан дээр хэвлэнэ” гэсэн ганц “брэнд” заалттай. Үүнээс өөр техникийн нарийн үзүүлэлт тусгаагүй учир шаргалдуу өнгөтэй цаас л бол бусад нь хамаагүй гэх. Бидний жишээ татаж ярих дуртай БНСУ, Японы стандартыг энд дурдахаа больё. ОХУ-д ном, сурах бичгийг “80 граммын хөвсгөр, хөнгөн, биетэй, зузааныг нь 16 микроноос ихгүй, 15-аас багагүй цаасан дээр хэвлэх” стандарт мөрддөг. 

Манайд ингэж нарийн заагаагүй тул хэвлэлийн компаниудын үйлдвэрлэсэн сурах бичгүүд харилцан адилгүй жинтэй. Дээр дурдсанчлан гөлгөр, шар л бол цаасны хатуу, зөөлөн, хөнгөн, хүнд байх хамаагүй. 80 грамм гэдэг нь нэг ам метр цаасны жин бөгөөд нягтшил, микроныг нь заахгүй бол хүнд байдаг. Эрх бүхий хүмүүс жинг нь мэдэхгүй, хэмждэггүй, шалгадаггүй. Ийм стандарттай болохоор хэн нэгэн хариуцлагаас мултрах тун амархан аж.

Гэвч “80 граммын цаасан дээр хэвлэнэ” гэсэн дээрх нэр томьёо өмнө дурдсан MNS 5418:2008 стандартад алга. Нягталж харвал, уг шаардлагын 6.10-т “Сурах бичигт химийн цайруулалт хийгдээгүй, цайруулалтын зэрэг 60-80 хувь, 70 г/м2 хэвлэлийн цаасыг хэрэглэнэ” гэж заажээ.

Гэтэл 70 граммын цаас нь хэврэг, хуудас эргүүлэх төдийд урагдах хэмжээний нимгэн гэнэ. Үүнээс харахад БСШУСЯ-ныхан өөрсдийнхөө боловсруулсан стандартыг зөрчиж, тендер зарладаг нь тодорхой боллоо. Алдаатай боловсруулсан стандартаасаа болж олны аманд “багтаад” ирэхээрээ гадаадын жишгийг дагасан хэрэг. Сурах бичгийн цаасны грамм, зузааныг стандартад нарийн тусгаж гэмээнэ сурагчдын гарт ижил жинтэй ном очих ёстой.

Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандартыг 2004 онд анх боловсруулахдаа техникийн томоохон алдаа гаргасныг нь Стандартчилал, хэмжил зүйн газар нь мэдэлгүй баталсныг дөрвөн жил мөрдсөн байна. 2008 онд шинэчлэхдээ ч тухайн алдаагаа засаагүйг судлаачид хэлэв. Алдаатай стандартаа 11 жил мөрдсөн гэсэн үг. Тодорхой хэлбэл, 1-6 дугаар ангийн сурах бичгийн нүүрний огтлолын хэмжээг 210х270 мм гэж заажээ. 

Ашигтай талбай нь цаасны шил (нуруу)-ээс 11, толгой талаас 20, задгай хэсгээс 23, хөлөөс 27 мм зайтай байна гэж үзвэл нүүрний 162х216 мм талбайд текст, зураг хэвлэх ёстой. Харамсалтай нь, уг стандартаар “явбал” ашигтай талбай нь дээрх заасан хэмжээнээс зөрүүтэй гардаг тул хэвлэлийн компаниуд үүнийг зөрчихөөс өөр аргагүйд хүрдэг тухайгаа өгүүлсэн юм. Дунд ангийнхных ч мөн адилхан, ашигтай талбай нь заасан хэмжээнээсээ 2-10 мм-ээр зөрдөг байна. 

“Үүнийгээ засаач” гэсэн тэдний шаардлагыг салбарын яамныхан нь хүлээж авдаггүй. “Та нар ганц тоо бодоод гаргачихаж чадахгүй байна уу. Манайх наад стандартыг чинь батлаагүй” гэдэг бол Стандартчилал, хэмжил зүйн газрынхан “БСШУСЯ стандартаа боловсруулсан. Манайх стандарт батлах үүрэгтэй газар болохоос шалгадаггүй” хэмээж асуудлыг нэг нэгэн рүүгээ бухсаар хариуцах эзэнгүй өдий хүрчээ.

Шатдаггүй, дахин боловсруулахад зардал их гардаг хэмээн манайхны шүүмжилдэг шохойтой цаасыг ашиглахыг дээрх стандартад тусгасан юм байна. Бага дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандартын 6.11-т “Сурах бичиг хатуу, зөөлөн хавтастай байж болно. Зөөлөн хавтсыг 200-300 гр/м2 шохойтой цаасан дээр хэвлэж болно” гэжээ. Бүх цаас нь шохойтой, зузаан, бас хавтсыг нь гялгар материалаар бүрж, нурууг нь цавууддаг учир дахин боловсруулахад ийн төвөгтэй болдог аж. Мөн “химийн цайруулалт хийхгүй” гэсэн заалт нь бүх сурах бичгийн хавтсыг хэвлэхдээ зөрчдөг.

Олон улсад ном, сурах бичгийг аль болох натурал цаасаар, гамтай, удаан ашиглуулахын тулд хавтсыг нь хатуу материалаар хийж, маш хөнгөн байхаар бодож, тооцдог байна. Хэт зузаан номыг хувааж, нэг, хоёр дэвтэр болгож хэвлэдэг. Гэтэл манайд сурах бичигт тавьдаг стандарт нь ойлгомжгүй, алдаатай, хэт ерөнхийлснөөс болж хэвлэлийн компаниуд гөлгөр, шар өнгөтэй л бол хамгийн хямд, хүнд цаасыг сонгож, ном хэвлэсээр. Энэ бүхний горыг хүүхдүүд л амсаж байна.

Бага ангийнхан тоосго авч явдаг юм уу гэмээр маш хүнд цүнх үүрдэг. Уг нь сурах бичгийн хуудасны тоог анги бүрээр тодорхой заадаг ч энэ нь харьцангуй байдаг аж. Тухайлбал, IX ангийн монгол хэлний ном 96 нүүртэй байхад I ангийнх 172 байх жишээтэй. Мөн I ангийн математикийн сурах бичиг хамгийн олон буюу 156 нүүртэй байхад ахлах ангид энэ нь цөөрсөөр 84-128 болдог юм билээ. Бага ангийнхны сурах бичгийн үсгийн хэмжээ том, зураг их ордог учир олон хуудастай, жин ихтэй байдаг аж.

Монгол хүүхдийн биеийн онцлог, хэчнээн нэр, төрлийн хичээл судалж буйгаас хамаарч үүрэх цүнхний жинг тооцох учиртай. Үүнийхээ дараа цүнхэнд байх зайлшгүй шаардлагатай зүйлээс гадна сурах бичиг хэдэн кг жин дарж буйг давхар тооцож байж стандарт боловсруулбал үр дүнтэй санагдана.

Гурван ээлжээр хичээллэдэг манайхны нөхцөлд ангидаа сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэгслээ үлдээх боломжгүй. Тиймээс ном, дэвтэр, үзэг, харандааны сав, биеийн тамирын хувцас, аяга, халбагаа цүнхэндээ өдөр бүр чихэж явахаас өөр аргагүй. Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд ямагт дарамт учруулж байдгийг хэн хүнгүй мэддэг болсон.

Монголд сурагчдын цүнхэнд тавих стандарт байхгүй. Гэхдээ тухайн хүүхэд биеийн жингийнхээ 10 хувиас хэтрэхгүй ачаа үүрэхэд өсөж, хөгжихөд нь саад болдоггүй гэж үздэг. Харамсалтай нь, I ангийн хүүхэд дунджаар 3145, II ангийнх 3074, III-т 3212, IV ангийнхан 3127, V ангийн сурагчид 3765 грамм жинтэй цүнх үүрч явдгийг судалгааны байгууллагууд тогтоожээ. Зарим улс хүүхдийн цүнхний жишиг жинг хуульчилсан байдаг. 

Жишээ нь, АНУ-д зургаан настай хүүхэд 1.2, ОХУ-д хоёр кг-аас ихгүй ачаа үүрүүлдэг. Харин манайд үүнээс 2-3 дахин хүнд цүнх үүрч, хүүхдийнхээ нурууг “авсаар” байхад нүдэн балай, чихэн дүлий л байна. Эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ жингийн 10 хувиас хэтрэхгүй цүнх үүрүүлэхийг зөвлөдгөөс өөрөөр шийдсэн зүйлгүй. Боловсролын салбарыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ шинэчлэл нэрийн доор хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж, хохироож болохгүй.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин


Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 44
Өнөөдөр 503
Өчигдөр 814
Энэ 7 хоногт 2246
Энэ сард 15199
Өнгөрсөн сард 29310
Нийт зочилсон 5721216

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Сайн байна уу? Би Японд боловсрол чиглэлээр сурч байгаа. Хэрэгтэй мэдэ...
    Нандиа
    амжилт хүсье
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu