Үзсэн тоо: 108
0
0
Суралцах цаг нь болсон сэдэвтэй ном учраас сонгож орчуулсан
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 8-р сарын 14. Мягмар гариг. asdf
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номыг уншигч олны хүртээл болгосон орчуулагч Л.Саруултөгс дараагийн орчуулгын бүтээлээрээ ийнхүү та бүхэнтэй уулзаж байна. Ингээд “Шик хатагтайн зөвлөгөө” хэмээх шинэхэн номынх нь талаар ярилцсанаа хүргэе.
Өмнө нь таны орчуулсан “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” ном олон уншигчийн хүртээл болсон. Одоо ч түүний бэстселлерийн буухиа тасраагүй хэвээр байна. Миний хувьд энэ номоос мэддэг юм шиг хэр нь мэддэггүй маш олон зүйлийг анзаарсан. Тэгвэл энэ удаагийн уншигчдад танилцуулж байгаа “Шик хатагтайн зөвлөгөө” номын гол онцлог нь юу вэ?, өмнөх номтой ямар нэгэн байдлаар холбоотой юу? 
Анхны орчуулгын ном маань олон хүний амьдрах орчин төдийгүй амьдралыг өөрчилж чадсанд их баяртай байгаа. Энэ ном өөрөө их өгөөжтэй сайхан ном л доо. Одоо ч дэлхийн олон улсад Мари Кондогийн заавар зөвлөгөө, лекцүүд улам бүр хүчээ авч өргөжсөөр байна. Миний дараагийн орчуулгын ном болох “Шик хатагтайн зөвлөгөө” ном бол эмх цэгцтэй, аз жаргалтай амьдралын хэв маягийн тухай ном юм. 
Өөрөөр хэлбэл бид ахуйн эмх цэгцийг олсон бол харин “Шик хатагтайн зөвлөгөө” номоос цэгцтэй хувцаслаж, цэгцтэй хооллож, цэгцтэй биеэ авч явах тухай суралцаж болно. 
Юу таарснаа өмсөж, юу таарснаа идэж уудаг замбараагүй хэрэглээгээ цэгцлэх тухай, үнэ цэнтэй, утга учиртай амьдарлын хэв маягийг ухуулсан час хийсэн зөвлөгөө, энгийн атлаа авууштай санаагаар баялаг ном юм. 

“Шик хатагтайн зөвлөгөө” АНУ-д анх хэвлэгдэн гараад төд удалгүй дэлхийн бэстселлер болж, бас шуугиан тарьсан бүтээл л дээ. Энэ номд дэлхийн хамгийн чамин хээнцэр хот Парист оюутан солилцоогоор очсон америк оюутан охины (номын зохиогч) бодит амьдралын туршлага, алдаа оноо, хөгтэй явдал болон франц хатагтайгаас суралцсан гоо зүй, загвар, эрүүл хооллолт, өдөр тутмын зохистой хэмнэл, гэр бүлийн уур амьсгалыг хэрхэн эерэг авч явах ёстой гээд эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих ном сурах бичгээс суралцах боломжгүй үнэт зөвлөгөөг нэг бүрчлэн багтаасан байгаа. 

Шик хатагтайн зөвлөгөө номын зохиогчийнх нь тухай уншигчдадаа танилцуулаач? Бас номын нэр их анхаарал татлаа. Хүний нэр юм уу эсвэл? 

Номын зохиогч Женнифер Скотт гэх америк эмэгтэй байдаг. Тэрээр “Daily connoisseur” блогоо хөтөлж эхэлснээр нэлээд олон уншигчидтай болж, олонд танигдан улмаар энэ номоо гаргасан. Франц хэлний Шик гэдэг үг нь дэгжин хээнцэр, эрхэмсэг хэмээх өргөн утгыг агуулах ба номын зохиогч өөрийн үлгэр дуурайл болсон франц хатагтайг (Madame) номдоо ийн нэрийдсэн. 

Бид их тохиолдлын амьдралтай юм шиг санагддаг. Тэнд ч нэг сайн эм гарч гэвэл уугаад, энд ч нэг сайн зөвлөгөө байна гэвэл дагаад л, яг үүнтэй адил энд нэг ном бэстселлер болж гэвэл дагаж уншаад байгаа боловч гол агуулгыг нь ойлгохгүй орхигдуулдаг талтай. Энэ номоос яг юуг нь олж хараасай гэж та хүсэж байна? 

Энэ номоос мэдэж авах зүйл тун их. Их мөлжүүртэй ном гэдэг дээ. Хүн амьдралаас аз жаргалыг их зүйлээс хайлгүй өдөр тутмын өчүүхэн баяр баяслаас олж авч болдог гэдэгт энэ номын гол санаа оршино. Тийм ч учраас өдөр бүр дахин давтан хийдэг залхуутай гэмээр хоол хийх, гэр цэвэрлэх зэрэг гэрийн ажлаас эхлээд хувцаслах, гоёж гоодох, бусадтай харилцах байдал тань хүртэл таны хувьд утга учиртай, аз жаргалыг мэдрүүлдэг байх ёстой ба хэрхэн эдгээрийг баяр баясал эрч хүчтэйгээр хийж болох тухай зөвлөдөг. Энэ номыг уншсаны дараа таны амьдралыг харах өнцөг илүү эерэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Бид одоогийн амьдралын түвшин амжилтаа чамлаж эсвэл энэ байдлаа хэн нэгний буруу мэт бодож гомдол тээж явах, сайн яваа нэгнээ үгүйсгэж атаархах барьцах зэрэг сөрөг хандлагаа гээж, энэ мэт хэрэгцээгүй зүйлд анхаарлаа хандуулахын оронд өөрийн амьдралын хором мөч бүрээс яг одоо таныг тойрон хүрээлж буй зүйлсээс аз жаргалыг мэдэрч амьдрах хэрэгтэй биш гэж үү? 

Мөн хэрхэн амжилттай яваа эмэгтэйчүүд шиг биеэ сайхан авч явж, амьдралдаа сэтгэл хангалуун бүсгүй, эзэгтэй, ээж байх тухай эндээс мэдэж болно. 

Өнөөдөр бидний дунд байгаа сэдэвтэй номын агуулгыг холбож зарим зүйлийг тодруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Тухайлбал зөв, эрүүл хооллолт өнөөдөр маш чухал сэдэв болжээ. Хүмүүс хоол сойх, мацаг барих, цагаан хоолтон болох зэргээр олон янзын амьдралын хэв маягийг сонгож байна. Тэгвэл номд энэ талаар хэр нарийн тусгасан байгаа вэ? 

Өнөөдрийн монголчууд бид хооллолтоо эргэн харах зайлшгүй хэрэгтэй болсон гэж би хувьдаа боддог. Арай дэндүү замбраагүй хооллолттой байна шүү дээ. Тиймээс таргалалт, эрүүл мэндийн асуудал тулгамдаж байна. Гэтэл эрт дээр үеэс монгол хүн жилийн дөрвөн улирал, уур амьсгал, амьдралын хэмнэлдээ тохирсон эрүүл хоололттой байсан гэдгийг бид санах хэрэгтэй. Харин одоогийн бидний хооллолт төдийгүй биеэ авч яваа байдал нүүдэлчдийнх ч биш, хотын суурьшмал иргэдийнх ч биш нэг тийм холион бантан болоод байх шиг (инээв.) 

Эрүүл зөв хооллолт гэдгийг мацаг барих эсвэл цагаан ногоон хоол төдийгөөр төсөөлөөд байдаг л даа. 
Эрүүл хооллолт бол тэнцвэртэй хооллолт юм. “Шик хатагтайн зөвлөгөө” номд юу таарснаа цаг наргүй идэж, аар саархан амттан чипсээр гэдсээ дүүргэх бус өдөрт гурван удаа бүрэн хооллож, чанартай хоол хүнс хэрэглэхийн чухлыг тайлбарласан байдаг. 

Хүмүүс чанартай хоол гэхээр үнэтэй хүнс гэж төөрөгддөг тухай ч бичсэн байгаа. Гэтэл хүнсээ зөв сонгож, замбараатай хооллох нь харин ч санхүүд хэмнэлттэй байдаг байна. Мөн идэж буй хоолондоо эерэг хандлагатай байх хэрэгтэйтөдийгүй үргэлж хүссэн зүйлээ идэж чадахгүй тэвчиж, идсэнийхээ дараа жин нэмэхдээ харамсах хэт туйлширсан сөрөг хандлага нь зөв зүйл биш гэдгийг сануулдаг. 

10 хувцастай шүүгээ гэсэн гарчигтай хэсэг байсан. 10 хувцас гэхээр арай дэндүү бага биш үү? Эмэгтэйчүүд бид чинь гангалах дуртай шүү дээ? 

Хувцас загвар, хувцаслалт тал дээр нэлээд дэлгэрэнгүй зөвлөгөө орсон байгаа. Товчхондоо өөрийн хэв маягаа олж, өөртөө тохирсон таалагдсан цөөн тооны чанартай хувцастай байх гэсэн санаа юм. Өөрийн хэв маягаа олоогүй хүн төрөл бүрийн стиль загварын хувцасыг хольсон байдаг. Энэ ном уншигчийг загварлаг дэгжин парис бүсгүйчүүдийн шүүгээнд хөтлөн оруулна. Улиралдаа арван хувцсаар л гоёж чаддаг жинхэнэ франц хатагтайн шүүгээнд юу юу байдгийг бүгд л мэдэхийг хүсэж байгаа байх. 

Бас нэг асуухгүй өнгөрч болохгүй сэдэв бол харилцаа. Харилцааны тухай хувь хүний хөгжлийн номууд дээр ихэвчлэн хэрхэн бусдад таатай сэтгэгдэл төрүүлэх, хэрхэн үр дүнтэй харилцаа бий болгох вэ? гэх талын зөвлөгөөнүүд давамгайлдаг. Энэ номд ч бас харилцааны тухай байсан? Гэхдээ яг аль талаас нь зөвлөсөн бэ? Өөр байж чадах уу? 

Маш чухал сэдэв шүү. Нийгмийн харилцаа, бусадтай харилцах харилцааг хүн ер нь хичээлээр заалгаад ч болов заавал өөртөө хэвшүүлэх ёстой гэж боддог. Тэр дундаа эмэгтэй хүн хэрхэн бусадтай харилцах талаар зохиогч номондоо маш хоржоонтой бичсэн байдаг. Анх уулзсан хүнтэйгээ ямар сэдвээр ярилцвал зохилтой, хөндлөнгийн хүнд хамаг амьдралаа тоочихгүй байх, гэрбүлийн асуудлаа хэнд ярьж болох болохгүй гээд л яг онож хэлсэн зөвлөгөөнүүд бий. 

Эцэст нь асуухад энэ ном таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Яагаад монгол уншигчдадаа хүргэхийг зорьсон бэ? 

Ном бүхэлдээ амьдралдаа хэрэгжүүлж болох санаагаар дүүрэн байсан. Орчуулгын явцад сурч мэдсэн зүйл ч их байлаа. Хоолны соёл, хувцас загвар, гоо сайхан, урлаг, харилцаа, гэр бүл гээд маш өргөн сэдвийг хамарсан бүлгүүдтэй бөгөөд мэргэжлийн үг хэллэг, нэршил ихтэй болохоор орчуулгад судлах зүйл цөөнгүй байснаас их цаг хугацаа орсон. Тэр хэмжээгээрээ их өгөөжтэй ном байсан даа. 

Яг өнөөдрийн монголчууд бидний суралцах цаг нь ирсэн сэдэв гэж бодсон. 
Энэ ном энгийн хэр нь чухал агуулгатай, хүн бүрд хүлээн зөвшөөрөгдөж чадахуйц ном шиг санагдсан. Час хийсэн зөвлөгөөтэй, нандин гоёмсог жинхэнэ шик ном. 

Тиймдээ ч номын эх загвар, бусад хэл дээр орчуулагдан гарсан хувилбарууд цөм чамин гар зураг бүхий хавтас чимэглэлтэй. Монгол хувилбарын хувьд ч хавтас болон бүлэг бүр нь Монсудар хэвлэлийн газрын уран бүтээлчдийн гар зургаар бүтэж, олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл болон гарч байгаа. Ийнхүү уншигчдын гарт хүрч буйд туйлаас баяртай байна.


Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 22
Өнөөдөр 1011
Өчигдөр 3101
Энэ 7 хоногт 11089
Энэ сард 23661
Өнгөрсөн сард 48917
Нийт зочилсон 5473406

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Бадамаа
    Гэхдээ мэдээллээ хаанаас авч байгаагаа тодорхой эх сурвалжтай нь бичвэ...
    Зочин
    Харин би мэднэ. :) Ичинхорлоо Ш., "Боловсролын социологийн удиртгал",2...
    энхмэнд
    баярлалаа багшаа хэрэгтэй зүйл байна шүү
    Зочин
    Боловсролын салбар ч гэсэн мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсо...
    Нансалмаа
    сайхан санаа байлаа. Заах аргын хичээлээрээ багш ажилчиддаа заалаа.сон...