Үзсэн тоо: 285
0
0
Бидний эх хэлний суурь мэдлэг ямар түвшинд байна вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 6-р сарын 20. Лхагва гариг. asdf
Монсудар хэвлэлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд “Монгол хэлний суурь мэдлэг болон суурь мэдлэгийг юу бүрдүүлдэг” талаарх сэдвийг хөндөн ярилцахаар манай студид тус хэвлэлийн газрын “Хэл соёлын редакц”-ын хамт олон хүрэлцэн ирээд байна. 
Танай хамт олон монгол хэлний суурь мэдлэгийг сайжруулахад чиглэсэн ямар ямар арга хэмжээ, ном бүтээл хийж байгаа вэ?
Б. Одончимэг: Манай хэл соёлын редакц агуулга руу чиглэн ажилладаг. Эхлээд бид судалгаа хийж, түүнийхээ дагуу агуулгаа бэлтгэнэ. Хэл шинжлэл, хэл соёлд хамаатай ном бүтээлийг голчлон гаргадаг. Тухайлбал, монгол аман зохиол, монгол уламжлалт амьдрал ахуй, ёс заншил, зан үйл зэргийг энэ цагийн хүүхэд залууст энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан, танин мэдүүлэхээр соёлын холбогдолтой ном бүтээлээс гадна толь бичгүүд эрхлэн гаргадаг. Үүний дотор 2 хэлний толь бичгүүд (гадаад хэлний толь бичиг) болон олон нийтийн хэлний мэдлэгт хувь нэмэр оруулахуйц монгол хэлний төрөл бүрийн толь бичиг гаргадаг. 
Гадаад хэлний толь бичгийн тухайд бол хэрэглээ нь нэлээн тодорхой юм шиг байна. Харин монгол хэлний толь бичгүүд олон нийтийн эх хэлний мэдлэгт ямар хувь нэмэр оруулж байгаа вэ? Эх хэлний тухай толь бичгийн талаар олон нийт ямар хандлагатай байдаг талаар ярихгүй юу?
Б. О: Тухайн хүн судалж буй гадаад хэлнийхээ толь бичгийг сонгон хэрэглэдэг учраас хэрэглээ нь тодорхой байдаг. Монгол хэлний толь бичиг гэхээр хүмүүс өөрөөсөө нэлээн холдуулж хүлээн авдаг гэх юм уу даа. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс толь гэхээр илүү мэргэжлийн, зөвхөн хэл шинжлэлийн хүрээний хүмүүс, эсвэл монгол хэлний багш нарт л хамаатай мэт хандах нь нийтлэг. Мэдээж толь бичиг дотроо олон төрөл байдаг. Нийтийн эх хэлний үгийн санг нэмэгдүүлэх, утгыг мэдэх, зөв бичиж хэрэглэхэд хоёр зүйлийн толь бичиг илүү үүрэгтэй байдаг. Нэг нь тайлбар толь, нөгөө нь зөв бичихзүйн толь юм. 
Мөн тайлбар толь бичгийг яаж хэрэглэх талаар хүмүүсээс судалгаа авахад “ойлгохгүй, мэдэхгүй байгаа үгээ харах” гэж ихэнх нь хариулдаг. Энэ нь буруу биш л дээ, гэхдээ нэлээн өнгөц хариулт. 
Тайлбар толь бичгийн нэн тэргүүний үүрэг нь өгөгдсөн үг хэллэгүүдийн утгыг эх сурвалж, баримт материалаас тодруулж, утгыг тайлбарлаж, хэрэглээний бодит жишээ өгөхөөс гадна зөв бичих, үеэр таслах, үгийн дуудлага, өргөлтийн мэдээллийг өгөх зэргээр олон үүрэгтэй. Ийм толь бичиг нь хэлзүйн мэдээлэл өгч, үгийн гарал үүслийг тайлбарлаж, найруулгын зэрэг болон мэргэжлийн ямар салбарын үг болохыг тодорхойлдог. Түүнчлэн аль нутагт хэрэглэгддэг, хүлээн авагч тухайн үгийг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй зэрэг мэдээллийг ч өгнө.
Өөрөөр хэлбэл, бичвэрийг уншиж буй хүн мэдэхгүй үг таарч, утгыг нь хам сэдвээс тайлж чадахгүй бол утгын тайлбар толиос тохирох утгыг олж мэднэ. Харин эх бичиж буй хүн тодорхой нэг үгийг тухайн хам сэдэвт хэрэглэж болох эсэх, хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байх тохиолдолд толь бичгээс хэрэглээний тохирох заавар, заалтыг олж, нөхцөл байдал болон харилцагчдаа тохируулж, зөв зохистой бичих боломжтой болдог.

Тайлбар толийг хэрэглэгчдэд насны хязгаар бий юу? 
Э. Пүрэвжаргал: Тайлбар толь бичиг нь олон салбарын их хэмжээний үгийг хамрах тусмаа бүх нийтийн хэрэглээ буюу хүн бүрийн хэрэглээ болж байдаг. Тайлбар толийг зөвхөн мэргэжлийн хэл шинжээчид, хэлний багш нар хэрэглэнэ гэсэн өрөөсгөл ойлголт байгаад байдаг. Гэтэл заавал мэргэжлийн хүрээнийхэн, эсвэл насанд хүрэгчид л тайлбар толийг хэрэглэнэ гэсэн заалт байхгүй. Хүмүүс өөр өөрсдийнхөө хэрэгцээ, шаардлагад тохирсон толийг өдөр тутамдаа хэрэглэж л байгаа. Жишээ нь: бага ангийн сурагчид сурагчийн тайлбар толь, нэвтэрхий толийг түлхүү хэрэглэж байна. Тэдний хэрэглэх дараагийн толь бичиг нь тайлбар толь байх нь гарцаагүй. Хүүхдүүд мэдэхгүй үг хэллэгээ эцэг эх юм уу, багшаасаа асуудаг. Тэд мэдэж байвал хариулна, харин мэдэхгүй байвал толь бичгээс хайх хэрэгтэй болно. Айлд нэг тайлбар толь байя гэж бодоход тухайн өрхийн бүх хүн хэрэглэх бололцоотой. Иймээс толь бичиг хэрэглэгчдэд насны хязгаар байх ёсгүй. 

Тэгэхдээ одоогийн толь бичгүүд бүх нийтийн хэлний хэрэглээний шаардлагыг бүрэн хангаж байгаа юу? 
Б. О: Яг ч бүрэн хангана гэж хэлж чадахгүй нь. Цаашид бид толь бичгийн тал дээр маш нарийн, олон ажил хийх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үгэнд зүгээр нэг утгыг тайлбарлахаас гадна яг ямар тохиолдолд, ямар үгстэй холбоотой байдлаар хэрэглэгддэг, үгийн гарал, магадгүй 50 жилийн өмнө энэ утга ийм байсан, одоо харин ингэж хэрэглэгддэг болсон, хэлзүйн хувиргал зэрэг олон зүйлийг тусгаж өгөх буюу хэрэглэгчдийг зөв чиглүүлж өгвөл тэртэй тэргүй толь бичгийн хэрэглээ нэмэгдэнэ, үүнийгээ дагаад өнөөдөр үүсээд байгаа хэлний зөв зохисгүй хэрэглээ, дур дураа ойлгож байгаа асуудлууд ч цэгцрэх шатандаа орно гэдэгт итгэлтэй байна. 

Нээрээ л хүмүүс нэг зүгт чиглүүлбэл, хэлний энэ байдал цэгцрэх байх даа.
Б. О: Ер нь толь бичиг хэрэглэгчид түүнийг хэм хэмжээ тогтоож буйгаар хүлээж авдаг учраас тэнд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц зүйл огт байж болохгүй, мэдээж толь бичигт ямар нэгэн сэтгэл хөдлөл, уран яруу тайлбар байж болохгүй. Зүгээр тухайн цагийн хэлний бодит байдлыг л харуулж байх ёстой.
Нэг жишээ дурдахад: тухайн толь бичигт “Ардчилал” гэдгийг ингэж ойлгоно гэсэн нэг тайлбар байхад түүнийг тухайн улсын иргэд яг л энэ утгаар нь хүлээж авч, нэгдсэн ойлголттой байна. Ингэснээр цаашдын үйл ажиллагаа нь ч ойлгомжтой болох юм. Мөн хөгжлийн дээд шатанд хүрсэн улс орнууд нэг хэлний асуудлаа сайтар цэгцэлдэг туршлага олон юм билээ. Францын хэлний академи, Германы дүдэн хэвлэлийн газар тухайн улс орны хэлний чиглүүлэгч болдог. Тэдгээр байгууллага хэлнийхээ ажиглагч байж, тухайн хэлэнд орж буй үгсийг яаж хэрэглэх, ойлгох гэдгийг эхлэн журамлаж тогтоогоод, дараа нь хэвшүүлдэг. Ингэснээр тэд улсын ард иргэдээ нэг л ойлголттой байлгаж, зөв хэрэглээ рүү чиглүүлж байна гэсэн үг юм.

Саяхан “Монсудар” хэвлэлийн газрын Хэл соёлын редакцынхан Германы Дүдэн редакцын мэргэжилтнийг урьж лекц семинар хийж байсан. Би бас сонирхоод сууж байсан. Дүдэн толь бол бүх эргэлзээтэй асуудлыг шийддэг хэмээн ярьж байсан. Манайд ийм бололцоо бий юу?
Б. О: Манай хэвлэлийн газар 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 8-ны хооронд Германы Дүдэн хэвлэлийн газрын Дүдэн толь бичгийг 23 жил хариуцаж ажилласан доктор Матиас Вермкег урьж ирүүлэн туршлага солилцсон. Энэхүү үйл ажиллагааг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гёте институттэй хамтран өргөн хүрээний уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Одоо Дүдэн толь цахим хэлбэрт шилжчихсэн. Харин хэвлэмэл толиос тайлбар толь болон зөв бичихзүйн толиуд тодорхой мөчлөгтэйгөөр хэвлэгддэг бол цахим толио байнга нэмж баяжуулж, засаж сайжруулдаг тухай ч дурдсан. 
Мэдээж, эх хэл ямар чухал болохыг хүн бүр ухамсарлаад, түүнд анхаарал хандуулж эхэлбэл бидэнд ингэж хэлээ хөгжүүлэх боломж бололцоо бий. Хэлний асуудлыг цэгцлэх нэг гарц нь нэгдсэн нэг толь бичиг хэрэглэж, тэрхүү толио байнга шинэчилж байх юм.

Шинэчлэлийн талаар сая нэлээн дурдлаа. Ер нь толь бичигт шинэчлэл шаардлагатай байдаг уу? Мөн ямар ач холбогдолтой талаар тодруулаач.
Э. П: Шинэ үг хэллэг нэмэгдэх, тухайн үг өмнө нь илтгэж байсан утгаасаа огт өөр утга илтгэдэг болох, шинэ ухагдахуун бий болоход түүнийг нэрлэх шинэ үг бий болох, зөв бичихзүйд өөрчлөлт гарах зэргээс шалтгаалан шинэчлэгдэж байх ёстой. Бас манайд байдаг нэг асуудал бол зөв бичихзүй өөрчлөгддөг байдал. Үүнийг тусгах нь ч бас шинэчлэлтийн нэг хэлбэр болж байгаа юм.
Б. О: Ихэнх хүмүүст тайлбар толь гэхээр 1966 онд хэвлэгдсэн Я. Цэвэлийн толь хамгийн хамгийн түрүүнд бодогддог байх. Энэ толь бичгүүд гарч байсан тухайн цаг үедээ л хэрэгцээг бүрэн хангаж байсан байх. Харин өнөөдөр монгол хэлэнд өчнөөн шинэ үг хэллэг нэмэгдэж, мөн түүнийхээ хэрээр үгийн утга хуучирч, эсвэл өөрчлөгдөж байгаа. Хэлний нөхцөл байдал ийм байхад толь бичиг ч шинэчлэгдэж байх учиртай. Манайх энэ жишгээс үлгэрлэж, энэ онд “Монгол хэлний тайлбар толь”-оо 300 гаруй үгээр нэмж баяжуулан гаргасан. Англи хэлнээс орж ирсэн үгс давамгайлж байсан. Жишээ нь: хайпермаркет, супермаркет, минимаркет гэдэг нь юугаараа ялгаатай, ямар стандартаас хамаарч нэршил нь өөр байдаг гэх мэт тайлбар болон монгол бичгээр яаж бичих зэргийг оруулж өгсөн. Цаашдаа ч энэ толь бичгээ баяжуулах, сайжруулах, хэрэглээнд нийцүүлэх тал руу чиглэж ажиллахыг зорьж байна.

Өдөр тутмын яриа болон бичгийн хэлэнд маш их шинэ үг нэмэгдэж байна. Толь бичгийн хүрээнд үгийн санг чухалчлах ёстой юу? Ер нь энэ талаар ямар бодолтой байна. 
Э. П: Мөн тухайн толь бичиг олон салбарын их хэмжээний үгийг хамрах тусам хэрэглэгчдийн хүрээ хязгаарлагдахгүй, нийтийн хэрэглээ байх болно. Ингэхдээ өнөө үед идэвхтэй хэрэглэгдэж буй гадаад үгсийг орхигдуулж болохгүй. Манайд бол хэвлэмэл толь бичгүүд тухайн үгийн сангийнхаа хүрээнд нэмж хасагдсан зүйлгүйгээр дахин дахин хэвлэгдэх жишгээр яваад байгаа. Энэ нь нэг талаас, толь бичгийн үгийн сан нь баяжиж буй хэрэг юм. Харин нөгөө талаас, тухайн зүйлийн талаарх ойлголт жигдэрч зөв бичихзүйн асуудал нь ч нэг мөр болоод цэгцрээд явдаг. Ингэснээрээ тухайн хэрэглэгчдэд шинэ мэдээлэл болох юм. Үүний дараа тухайн гадаад үгсэд салбар заалт байгаа эсэхийг харах нь зүйтэй. Хэвлэмэл толь бичгүүд тодорхой давтамжтайгаар хэвлэгдэн гарч байдаг. Тиймээс худалдан авч буй хүн тухайн толь бичгээ өмнөх хэвлэлтээсээ хэдэн үгээр баяжсаныг нь бас нэг шалгуур болгох хэрэгтэй.

За жишээ нь би номын дэлгүүрт очоод толь бичиг худалдаж авъя гэвэл яаж, юуг нь чухалчилж сонгох хэрэгтэй вэ? Ер нь хүмүүс толь бичиг авахдаа юу, юуг голчлон анхаарах ёстой вэ?
Э. П: Толь бичиг сонгож авах тухайд хэрэглэгчийн зүгээс тавих шалгуур үзүүлэлтүүд чухал болж ирнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн шалгуур тавиад түүндээ нийцэж буйг толио сонгоно гэсэн үг. Ямар төрлийн толь бичиг вэ гэдгээс хамаараад шалгуурууд бага зэрэг ялгаатай байх боломжтой л доо. Жишээ нь: тайлбар толь уу, зөв бичихзүйн толь уу, 2 хэлний толь уу гэдгээсээ хамаарна. Энд утгын тайлбар толь болон 2 хэлний тайлбар толийн тухай авч үзье. Тайлбар толийн тухайд нийт үгийн тоо, хэвлэгдсэн он, нэг толгой үгийн дотор хэр их мэдээллийг хамарсан байдал (дуудлага, үгийн аймаг, салбар заалт, үндсэн утга, салаа утга, шилжсэн утга гэх мэт), хэвлэлт бүрдээ шинэчлэл хийгдсэн байдал, идэвхтэй хэрэглэгдэж буй гадаад үгсийг оруулсан байдал, зөв бичихзүйд нийцсэн байдал, хэрэглэгдэж буй бодит жишээ гэх мэт байна. Харин 2 хэлний толийн хувьд сая дурдсан зүйлс дээр нэмэгдээд дуудлага (маш чухал), хэрэглээний заалт, найруулгын түвшин (найруулгын аль түвшинд хэрэглэгддэг), хэрэглэгдэж буй бодит жишээ, жишээ өгүүлбэрүүд чухал шалгуур болно.

Ямар толь бичгийг сайн толь гэж ойлгож болох вэ? 
Э. П: Толгой үг бүр хэр их хэмжээний мэдээлэл агуулсан, тухайн мэдээллүүд нь нарийвчилсан байх тусмаа сайн гэж үнэлэх боломжтой. Тодруулбал, 1 толгой үгийн доорх мэдээлэл гэдэгт дуудлага, үгийн аймаг, салбар заалт (мэргэжлийн аль салбарт хэрэглэгддэг), үндсэн утга, салаа утга, шилжсэн утга дуудлага, хэрэглээний заалт, найруулгын түвшин, жишээ, жишээ өгүүлбэр, хэлц гэх мэтийг хамруулдаг. Мэдээж, алдаа мадаггүй байх шаардлагатай. 

Тэгвэл монгол хэл сурч буй гадаад хүмүүс толь сонгож авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
Э. П: Өөр хэлний толийг аль нь сайн бэ гэдгийг төдийлөн мэдэхгүйгээр сонгодог учир тодорхой шалгуурын дагуу сонгох хэрэгтэй. Хоёр хэлний толийн хувьд илүү амьд байх шаардлагатай. Амьд гэдэг нь тухайн тольд идэвхтэй хэрэглээний үг зонхилж, түүний бодит хэрэглээний жишээ өгүүлбэрүүд бичигдсэн байдал юм. Гадаад хэл сурч буй хүн үгийн дуудлагыг олон улсын галигаар галигласан, идэвхтэй хэрэглээний үгсийн сантай, нэг толгой үгийн дор олон утга, мэдээллийг багтаасан, бодит жишээ өгүүлбэр, хэлцээр баяжуулсан толийг сонгож авах хэрэгтэй.

Гадаад найз нөхдөө харж байхад зарим нь бидний хэрэглэгдэггүй үгийн ашиглаж ярих тохиолдол байдаг. Үүнийг хуучны толь бичиг ашигласантай холбоотой гэж ойлгож болох уу?
Э. П: Үүнтэй холбож, нэгэн орос залуугийн тухай ярья гэж бодлоо. Монгол англи хэлний багшаар ажилладаг орос хүн л дээ. Тэрээр “би монгол хэл сурахын тулд олон толь бичиг цээжилсэн. Гэхдээ одоо тэр их үгсийн маш цөөхөн хэсэг нь л хэрэглэгддэг. Ихэнх нь огт хэрэглэгддэггүй. Яагаад ийм байдаг юм бэ?” гэж асууж байсан л даа. Үүний шалтгаан нь тухайн үгийн аль утга илүү хэрэглэгддэгийг харгалзаж үзэхгүйгээр үндсэн утгыг л нэгдүгээрт тавьснаас болж байгаа юм. Ингэхээр дээрх амьд байх гэдэг шаардлагыг хангахгүй болоод байгаа юм. Ер нь хүмүүс толиос үг харахдаа бүх утгыг гүйлгэж харахаасаа илүү хамгийн эхэнд бичигдсэн утгыг харчихдаг. Манайд ч бас ихэнх толь бичгийн үгийн үндсэн утга нэгдүгээрт байрладаг. Ийм тохиолдолд тухайн үгийн идэвхтэй хэрэглэгдэж байгаа утга нь 2 эсвэл 3 дугаарт бичигдсэн байвал идэвхтэй хэрэглэгдэггүй утгаар цээжилнэ гэсэн үг. Тиймээс идэвхтэй утгыг нэгдүгээрт бичиж хэвшүүлэх хэрэгтэй болоод байна.

Одоо яриагаа арай өөр тийш чиглүүлээд монгол хэлний хичээлийн сургалт болон хүүхдүүд хэр сонирхолтой байдаг талаар ярилцъя.
Ж. Хишигжаргал: За бид нэгэнт энэ талаар ярих гэж байгаа учир МУИС-ийн Баттулга багшийн хийсэн судалгаагаар яриагаа эхлүүлье гэж бодлоо. Тэрхүү судалгаанаас үзвэл хүүхдүүд монгол хэлний хичээлд биш, харин англи хэл, математикийн хичээлд илүү сонирхолтой байгааг харж болно. Энэ нь нэг талаас эцэг эхчүүдийн хүүхдэдээ гадаад хэл хэрэгтэй гэж үзэх болсноос, мөн тухайн хүүхдийн эзэмших мэргэжилд нь монгол хэл шууд хамааралгүй гэж үздэгээс үүдэлтэй. Сүүлийн жилүүдэд ЭЕШ өгөх бүх сурагчаас монгол хэлний шалгалт авах болсон нь сайшаалтай ч энэ нь дараа дараагийн шалгалтдаа орох босго оноо нь болж чадахгүй, ор нэр төдий зүйл болж байгаа нь харамсалтай байна.

Энэ нь хүүхдүүдэд монгол хэл сурч судлахын ач холбогдлыг багаас нь ойлгуулахгүй байгаатай бас холбоотой байх шиг байна. Аливаа хүн өөрийн төрөлх хэл (анхдагч хэл)-ээ сайн сураагүй бол хоёрдогч, гуравдагч хэлийг сурах үндэс суурь нь тавигдахгүй байх л даа. Энэ талаар та ямар бодолтой байна?
Ж. Х: Манайхан монгол хүн учраас монгол хэлээ сурч л таараа гээд монгол хэлний хичээлд нь төдийлөн санаа тавьдаггүй. Гэтэл эх хэлээ зөв сайн эзэмшинэ гэдэг бусад хичээлийг ойлгох, өөрийгөө зөв илэрхийлэх, гадаад хэл сайн сурах суурь нь болдог гэдгийг ойлгохгүй л байна. Нэг жишээ санаж байна л даа. Японы нэг алдартай сургуульд хүүхдээ сургасан эцгийн яриаг сонсож байсан юм. Хүүхэд нь монголдоо сайн суралцаж төгссөн ч, орсон сургуульдаа төдийлөн амжилттай суралцаж чадахгүй байжээ. Энэ талаар багштай нь уулзаж лавлатал “Танай хүүхэд эх хэлээ сайн эзэмшиж чадаагүй хүүхэд байна шүү дээ” гэж хэлсэн тухай байсан. Мөн Болор софт компанийн захирал Бадралын хүүхдүүдээ эх хэлний хичээлд нь сайн болгох талаар эртнээс анхаарах хэрэгтэй юм байна гэсэн  нэг яриаг ч уншиж байсан юм байна. Ер нь гадагшаа гарсан сурсан хүмүүс л эх хэлээ сайтар эзэмшихийн чухлыг ойлгоод байна уу даа.

Танай редакц эх хэлний боловсролын сайжруулах талаар анхааран хийж байгаа ажил байгаа юу?
Ж. Х: Дээр дурдсанчлан төрөл бүрийн толь бичиг гаргадаг. Мөн манай хэвлэлийн газраас Монгол хэлний суурь мэдлэгийн лавлах номыг гаргахад бэлэн болоод байна. Энэ ЭЕШ-д бэлтгэгчдэд голлон чиглэсэн ч, зөвхөн төгсөгчид ч биш, бүх сурагч, монгол хэлний багш нар, энэ чиглэлээр суралцагч оюутнууд, монгол хэлийг сонирхон судалж байгаа гадаадын иргэдэд ч, ер нь л монгол хэлнийхээ талаар мэдлэгийг дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан чухал хэрэгцээтэй гарын авлага болно гэдэгт итгэлтэй байгаа. 

ЭЕШ-д бэлтгэх маш олон гарын авлага, ном товхимол, эмхэтгэлүүд байдаг. Танай энэхүү бүтээл бусад ижил төстэй бүтээлээс юугаараа давуу вэ?
Ж. Х: Бид 1-12 дугаар ангийн сурах бичиг, ЭЕШ-д бэлтгэх номууд зэргийг судалж, тэрхүү судалгааныхаа үр дүнд суурилж боловсруулсан, мөн монгол хэлний хичээлээр мэдэх ёстой бүхнийг багтааж өгснөөрөө цогц бүтээл болсон гэж бодож байна. Урьд нь иймэрхүү цогц бүтээл гарч байгаа юм билээ. Мөн энэ цувралынхаа хүрээнд уран зохиолын лавлахыг нь ч хийж эхлээд байгаа бөгөөд аливаа ойлголтыг маш энгийн, хялбараар тайлбарлаж, аль болох жишээ баримтаар баяжуулж, хэрэглээний эхүүдийг оруулж, ойлгоход амар дөхүү байхад илүү анхаарсан. 

Бидний ярилцлагын цаг дуусаж байна. Та бүхэнд миний асуугүй зүйлийн талаар нэмж хэлэх зүйл байна уу?
Б. О: Өнөөдрийн бидний яриа толь бичиг, толь бичгээ сайтар хийж, хэвшүүлэх замаар монгол хэлээ хөгжүүлэх болон монгол хэлний суурь мэдлэг гэсэн 2 ерөнхий чиглэлтэй байлаа. Үүнд нэмж хэлэхэд, монгол хэлний мэдлэг яагаад чухал вэ? гэдгийг жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой болох байх. Гадаад хэлийг чухалчлан сурчхаад, орчуулга хийж байгаа хүмүүс болон орчуулагч нар монгол хэлний мэдлэг үнэхээр чухал юм байна гэдгийг биеэрээ мэдэрдэг. Яагаад гэвэл, тухайн гадаад хэлээрээ сайн ойлгоод байгаа хэрнээ түүнийгээ монгол хэлээр орчуулахдаа олон бэрхшээлтэй тулгардаг. Монгол хэлний өгүүлбэрийн бүтэц буруу байх, оновчгүй нэрлэх, ойлгомжгүй, үгчилж орчуулах зэрэг асуудал үүснэ. Энд үгийн сан, өгүүлбэрзүй, найруулгазүйн алдаанууд гарч байна гэсэн үг. Тэгэхээр монгол хэлээ эхлээд сайтар эзэмших нь чухал юм.

Э. П:  Үүнээс гадна зөв бичихзүй өөрчлөгдөөд байдаг нь бидэнд тулгамдаж буй нэг асуудал. Нэг үгийг ингэж бичнэ, тэгж бичихээ болилоо гэх зэргээр өөрчлөгдөөд байхаар сонин, сэтгүүл, телевизийн мэдээ, хэвлэл мэдээлэл гээд бүгд алдаатай болчихдог. Гадны улс орнуудыг харахад зөв бичхзүй нь тогтоод хэвшчихсэн байдаг юм байна лээ. Германд зөв бичихзүй жигдэрчихсэн байдаг учраас алдаатай бичнэ нь маш ичгэвтэр хэрэгт тооцогддог юм байна лээ. Тухайн хүүхэд бага ангидаа л зөв бичиж сурах хэрэгтэй. Тиймээс манайд ч бас бага ангидаа зөв бичиж сураад цааш алхах хэрэгтэй байна.

Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа.




[ 1 ] Зочин103.212.118.XXX
2018 оны 8-р сарын 27. Даваа гариг.
Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж чаддаг хүүхэд ховор байхад дунд сургуулийн монгол хэл хариуцсан мэргэжилтэн Ө.Цэндсүрэн ГАВЬЯАТ боллоо. Ичмээр , , , ,

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 9 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
8 цаг 28 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 48
Өнөөдөр 980
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4841
Энэ сард 42828
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348602

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...