Үзсэн тоо: 92
1
Гурван чулууны балаг ба гавьяатын төлөөх шүгэл
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 5-р сарын 4. Баасан гариг. asdf
(Тэрийг л авахгүй бол үхлээ! Чингисийн одон олон ахмадыг нойргүй хонуулж байна)
Монголчууд бид манжийн дарлалд 200 жил талхиулж байсан тухай түүх өгүүлдэг ба тэгж талхиулах үндсэн шалтгаан, учир холбогдлыг ч хэрдээ мэддэг, мэдэрдэг, тэр хэрээрээ тусгаар тогтнолынхоо түүхийг нандигнадаг билээ.
Манжид дагаар орох тухай гэрээнд хэн хэн гарын үсэг зурсан, Өндөр Гэгээн энд ямар холбогдолтой тухай энд өгүүлэх гээгүй. Ямраар ч бодсон Монголын тусгаар тогтнолыг үгүй хийж Манжид дагаар оруулахад шарын шашин сөргөөр нөлөөлснийг энд бас мартуулах гээгүй.
Юу өгүүлэх гэж байна вэ гэхлээр манж нарын зохиосон гурван чулууны үлгэр ярих гэж байна.Тэр гурван чулуугаар Монголын тусгаар тогтнолыг 200 жил боймлосон байгаа юм. Боймлох ч юу байхав, монголчуудаар өөрсдөөр нь тусгаар тогтнол хүсүүлэхгүй, тусгаар тогтнол гэж амиа дүйж байхаар гурван төрлийн чулуугаа “чулуу болгоод”, сайжруулаад сатааруулаад байсан хэрэг л дээ. 

Монголчуудын шуналын дэв, материаллаг үнэгүй шагнал, хэлбэр дүрсэнд унаж үхдэг нүүдэлчний уран сайхны сэтгэлгээн дээр нь манж нар зөв тоглочихсон түүх л дээ. 

Модун шаньюгийн хөөрөг, Чингисийн удмын тэрний хөөрөг энэ тэр гэж хөөрцөглөх цээж баян шинэ хөрөнгөтнүүдэд хэлэх ганц үг байна. Өвөрт нь түнтийтэл чимэг болоод явж байдаг наад чулуун хөөрөг гэдгийг чинь манж нар зохиомжлоод шунал нь барагддаггүй монгол ноёдод өгчихсөн юм шүү дээ.Ингээд нэгэн төрлийн чулуу гарт нь атгуулчих нь тэр. Хожим л хөөрөгний чулуу, толгойн чулуу нь үнэ хүрээд тэнгэрт гарчихсан болохоос тэгнэ чинээ анхлан хэн санаж сэдэж байсан бол?

Лут соруултай гаанс нэрээд сууж байгаа морьтон баатрын тухай үлгэр туульс, кино, уран зохиолын ном олон байдаг даа. Тамхины тухай ярьж байнаа даа. Наадхи чинь амандаа татдаг нь индиан нараас гаралтай, Америк тивийг нээсний хойно Еврази руу нэвтэрсэн эд л дээ. Чингисийн тийм баатрын үе дамжсан гаанс соруул гэж байдаг бол шал худлаа. Манж нар шунал нь барагддаггүй монгол ноёдод зохиомжлоод аманд нь бас нэг чулуу зуулгачихсан нь тэр.

Гурав дахь чулууг бүр донжтой нь аргагүй зохиосон байгаа юм. Нүүдэлчин монголчуудад ямар үл хөдлөх хөрөнгө, баялаг гэж байх биш, хэрэгтэй ч биш, эзлэхүүнгүй, түвэггүй нэг чимэг олсон нь отго жинс гэх элдэв чулуу юмсанж. Толгой дээр нь залчихад түүнийгээ сайжруулж шат ахиулахын төлөө монгол ноёд биесээ матан, хөнөөн Бээжинд зарга мэдүүлнэ гэдгийг олоод харчихгүй юү. 

Ингээд л гурван чулууг тойруулаад, дээрээс нь шарын тарнийн шашнаар толгойг нь эргүүлэн монголчуудыг 200 жил дарласан түүх өрнөдөг. Монголчуудын хаад ноёд нь гавьяа шагналд дуртай, түүнийхээ төлөө яахаас ч буцдаггүй, шунал нь барагдахгүй хэмээн Манжийн төрөөс Гадаад Монголыг захирах Монгол Журганы яамны үе үеийн гэрээс бичигт нь байж байх нь тийм учиртай. Монголчуудтай харьцахдаа дуртай цол хэргэм, чулууг нь өгөөд урхидаад байвал болчихно гэсэн санаа. 

Эзэн биегүй, эзлэхүүн зай талбайгүй, хөнгөн шингэн шагнал (бэлэг, хахууль, авилгын алин нь байж болох) монголчуудыг 200 жил ховсодсон тухай үлгэрийг ингэсгээд төгсгөөд орчин цаг руу оръё.

“Xятадын лууг малгайн дээрээ шүтээд, магнайн дээрээ алт мөнгө шүр овоолоод, өвөр дүүрэн эрдэнэс даахгүй болтлоо өвөрлөөд гүзээ суучихсан адуучин харсан уу” хэмээн “Оюунлаг Монгол” ТББ-ийн тэргүүн нэг эмэгтэй хэвлэлийн хурал дээр ярьж байсныг онч үг болгоод энд хэргээр эшлэчихье.






































Социализмын 70 жил, ардчиллын 28 жил манжийн тэр 200 жилээс бэлэг, шагналын тоо, хэмжээ, ховсодсон үзүүлэлтээрээ бүр давж гарна. Мөн л эзлэхүүн зай талбайгүй, хөнгөн шингэн, төр засаг нь өглөө тараалаа гээд ер хохирохгүй шагналын тогтолцоог СССР-ээс хуулбарлан оруулж иржээ. 

Социалист нийгэм гэдэг бол зовж зүдэрч, хөлс хүчээ өгч, амь насаа дэнчинд тавьж, бүр үхэлдэж бүтээдэг нийгэм, дараа нь түүнийхээ үр шим, аз жаргалыг (одон медаль, алдар цол гэх мэт) амсдаг нийгэм байсныг бахарталтайя давтан тэмдэглэе.

Социализмын үеийн сэхээтэн гэж учир нь олдохгүй нэг давхарга. “Хөдөлмөрийн” гэж тодотгон байж “хөдөлмөрийн сэхээтэн” гэж алдаршуулахаас бус жирийн сэхээтнээ (жишээ нь эрдэмтэд) тэр бүр алдаршуулахгүй. Нийгэм нь нэгэнтээ ажилчин анги, хоршооллосон малчин гэсэн хоёр ангитай, сэхээтнийг анги гэж үзэхгүйгээс дараагийн бүх буруу тайлбар угшилтай. Иймдээ ч xөдөлмөрчин хүнийг алдаршуулж байгаа нь энэ гэж оюун ухаан, мэдлэг, тархийг тэр бүр шүтдэггүй байв. Хөдөлмөрчин анги нь нам-засгийн төлөвлөгөө даалгаврыг биелүүлэхийн төлөө хар тэнхээгээрээ муйхраар өдөр шөнөгүй зүтгэж ямагт нормоо давуулан биелүүлэх учиртай. Тэгж ч байсан даа. 

Тэрхүү үхэлдэн байгуулах нийгэм маань социалист уралдаан, төддүгээр 5 жилийн гавшгайч, шилжин явах туг, аян, коммунист суббоник гэсэн элдэв нэр хаягтай явж ирсэн ба ийм сүржин кампанит ажлын дараа улс нийгэм нь хожиж, ард иргэд нь баярын бичиг, сайшаалын үнэмлэх (одоо цагт өргөмжлөл), их хожлоо гэхэд медаль, дахиад хэдэн жил тэсвэл одон, бүр томроод одоо боллоо үхэхэд гомдолгүй гэдгийн босгон дээр гавьяат цол, ардын цол төрөөс нь хөхиүлэн олгодог байсан, одоо ч байгаа. 

Хөдөлмөрийнхөө үр шим, аз жаргалыг одон медаль, алдар цолоор орлуулан амсдаг тэр сэтгэхүй нь одоо ч монголчуудаас арилаагүй, мөддөө ч арилахгүй.

Монгол Улс, монголчууд хувийн өмчийг хуульчилж давамгайлуулсан капитализмд шилжээд 28 жил болоход шагналын тэр социалист тогтолцоогоороо яваа цорын ганц шилжилтийн орон болж сондгойрсон нь ийм учиртай санж.

Өмнөх нийгэмд (1921-1990-ээд он) төр нь иргэнийг баяжуулах, хөлжүүлэх, хөрөнгөжүүлэх ямар ч механизмыг үл тэвчинэ. Алдвал гинжээ, авбал бүх дэлхийг авах пролетарийн диктатурт ноёлуулж байлаа шүү дээ. Хөрөнгө, өмч гэдэг нь нийгэмд юу ч биш, тэр тухай бодсон сэтгэсэн нь ад болно, хэт цөөнхи, жишээ нь хувийн автомашинтай хүн Улаанбаатарт 1960-аад онд 10 гаранхан байсан гэвэл үнэмших үү дээ? Хувийн машин сонирхсон, авсан, унасан хүн ихэд онцгойрох ба ядуу чадуу нэг нь атаархана, дарга нар нүд үзүүрлэнэ, ихэвчлэн нийгмээсээ шахагдсан, тэтгэвэрт суусан нэг нь л хувийн тэрэг авч өмчилдөг байв.

Ингээд бодоход сайн ажиллалаа, хөдөлмөртөө гялалзлаа гэхэд амьдрал ахуйд нь нэмэр болох юм тун бага байжээ. Үхтлээ зүтгээд баяжихгүй, хөрөнгөжихгүй юм бол баярын бичиг хэмээх эрээн цаас, одон тэмдэг гэх пааландсан төмөр цуглуулаад байх нь тэр. Гэхдээ гэрэл гэгээ байсаан. Сүхбаатарын одонг сар бүр 50 төгрөг дагалдана, Хөдөлмөрийн баатар, гавьяат болбол сайд нарын тусгай II эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ, үхвэл Алтан-Өлгийд газар олгоно гээд дэвшил байсныг үгүйсгэхгүй ээ. Баяраар 25-ын үзэг, халуун сав, хоргойны өөдөс, ноосон цамц, орны бүтээлэг, торго дурдан бэлгэнд, сугалаанд явдаг байсныг үгүйсгэхгүй ээ. 

Шагнал олгох, олгуулахын төлөө Засгийн газрын бүтэц ажиллаж байсан юм болов уу гэх хар манайханд байсан, одоо ч бий. Жишээ нь яг малчин хүнд тулгаад асуу, Танд Хөдөө аж ахуйн яам яг хэрэгтэй юү? Сургуулийн жирийн багшаас асуу, Танд Боловсролын яам яг хэрэгтэй юү? Жирийн эмчээс асуу, Танд Эрүүл мэндийн яам яг хэрэгтэй юү? Хэн нь ч хариулахгүй, лав хэрэгтэй гэхгүй. Тэр яамных нь сайд, дэд сайд хэн хэн гэгч байгаа нь бүр ч падгүй. Байсан, байгаа, ирээдүйд морилж ирэх нь бүр падгүй. Харин падтай ганцхан юм байнаа. Тэр юу вэ? Шагнал олгох дээр л тэр яамд нь падтай.

Яам нь байдгаараа байж, тэр яам нь салбарын “Тэргүүний” цол тэмдгээр цаад нөхрийг шагнаж байж, тэр дөрвөлжин, гурвалжин тэмдгийг олж зүүж байж салбартаа шалгарч, хүлээн зөвшөөрөгдөх нь цаад мэргэжлийн хүний энэ насны зорилго ба агуулга. Хэрэв тийм салбарын тийм тэргүүний ажилтан болоод авбал дараа нь тархийг нь өөр нэг мэгзэм ээрээд авна. Тэр мэгзэмийг “гавьяат” гэнэ. Гайгүйхэн ажиллаад тэр нь салбартаа үнэлэгдээд авбал уу гавьяатын төлөө лобби тэр нөхрийг, гэр бүлийг ороогоод авах нь тэр, өдрийн бодол, шөнийн зүүд. 

“Гавьяат багш” болохын төлөөх цусгүй дайнд монголын их дээд, дунд сургуулийн багш нарын арми тэр чигтээ бараг бүгдээрээ сүрэглэн довтолгож яваа. “Гавьяат эмч” болохын төлөөх цусгүй дайнд монголын улсын бүх эмнэлэг,хувийн бүх эмнэлгийн бүх шатны эмч нарын арми тэр чигтээ бараг бүгдээрээ сүрэглэн довтолгож яваа. Энэ хоёр армийн дайчдын чин хүслийг хангахын төлөө салбарын хоёр яам нь ажил албаныхаа ихэнхи алтан цаг, бичиг цаас, хурал зөвлөлгөөнийг зарцуулна. 

МУГЖ, МУАЖ, МУСГЗ цолоор шагнуулах мөрөөдөл (дон) СУИС-ийн бүх оюутны тархийг хар нялхад нь эзэмдчихсэн. Их сургуулиа төгсгөөд урлагийн салбарт ажиллаж яваа л бол чин хүсэл тань юу вэ гэж асуу л даа, бараг бүгд “гавьяат” л гэнэ. Зөвхөн түүний төлөө ч цаад нөхөр тайз, дэлгэцэн дээр зовж шаналж, тэсч, үзэлцэж, лоббидож, хахуульдаж, хуйвалдаж явдаг юм. Тэд МУСТА-г бол тоохгүй, нэг шат гэж л үзнэ. Гэхдээ өгөхгүй удвал гонгинох талдаа. МУГЖ болчихоод МУАЖ-даа атаархаж мөчөөрхөж, бас нэгэн гэрэлт өдрийг хүсэн хүлээгээд байх нь тэр. МУАЖ болоод авбал хэдэн жил өөрийгөө магтуулна. Алтан үеийн тэр алдартан намайг тэгж магтдаг байсан гэж ирээд л зурагтаар ярьж өгнө. Өөрийгөө илтгэх бүх бололцоог ашиглана. Тэр нь Хөдөлмөрийн баатарт хүргэх учиртай. Хөдөлмөрийн баатартаа сэтгэл ханахгүй, цаашаа үргэлжилнэ. Чингисийн одон олгодог болсны гайгаар олон ахмад нойргүй хонож байна. Тэрийг л авахгүй бол үхлээ гэсэн царайтай зурагтаар уянгалуулж, сургамж дурсамж айлдаж байхыг нь бид мөн ч олон үзлээ дээ.Чингисийн одонгоос цааш дахиад нэг одон зохиочихвол тэрийг нь авах гээд шаналаад эхэлнэ.

Дуусашгүй драм ийнхүү өрнөнө.МУГТ болж чадахгүй бол биеийн тамираар оролдоод нэмэргүй, МУГТ болоод авбал уу, дараа нь Хөдөлмөрийн баатар хүлээж байгаа? Урлагийнхантай яг адилаар Чингисийн одон гарч ирээд тэднийг бас гэгэлзүүлж эхэлсэн.

МУГЖ, МУАЖ, МУСГЗ өгөхөө болилоо гэсэн хууль гарвал яах бол гэхээс би үнэхээр айж балмагддаг. Монголын урлаг соёл яг л хөмрөөд ороод ирэх вий дээ. СУИС бол шууд элсэлтгүй үлдэнэ, театрууд эзгүйрнэ, дуу зохиогдохоо болино, дуучид цөөрнө, цаана нь мөнгө зарлага хэмнэгдэнэ гээд янз янз л болох байх.

Сэтгүүлч нөхдөө би сайн мэднэ, бас сайн ажигласан. Би хорин хэдтэй, гучин хэдтэй сэтгүүлч залуусыг хэлэх гээгүй байна. Дөч даваад явчихсан, тавь шүргэсэн л бол сэтгүүлч гэж яваа л бол МУСГЗ цол авахгүй юм бол сэтгүүлч хийж яах юм гэсэн нэгэн төрлийн мэгзэм тархинд нь суугаастай. Шувтан мөрөөднө, түүнийхээ төлөө муудалцах, сайдалцах, лоббидох, дээшээ гүйх харайх бол цаг наргүй. Сэтгүүлчдийг ховсоддог хэд хэдэн үе шатны шагнал байна. Энгэрт нь зүүлгэх элдэв төмөр мундахгүй. Төрийнх бол Хөдөлмөрийн хүндэт медалиас эхэлнэ. Тэрийг хэн ч тоохгүй, тэмдэглэхгүй. Алтангадас гэж томхон одон зүүчихвэл “гавьяат”-ын тооцоо төлөвлөгөө тархинд нь автоматаар ороод суучихна. Бүр программчлагдана. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авбал МУСГЗ-ий босго гээд бүр хатуу ойлгочихсон. Боловсрол, эмнэлэг, урлаг, аж ахуйн салбарт бараг бүгд тийм дээ. Цэрэг, хүчнийхнээс бусдад нь.

Монголчуудын цол-шагналын дэвийг залиландаа ашиглах луйварчид мундахгүй. Улс нь өгдөггүй юм бол бид гэсэн зарчмаар “Авьяастны төлөө холбоо” ажиллаж “Ард түмний гавьяат”-ыг ёстой нэг бөөндөж байв даа. Ойрноос дуулдахаа больчихлоо. Бодвол төр нь “гавьяат”-даа гар татахаа больж, жилд хэдэн зуугаар нь цацаад байхаар нөгөөдүүл ажилгүйтсэн байх.

Надад тохиосон Дундговь аймгийн гайхамшигт жишээ сургамж. Тээр жил би Дундговьд лекцлэх ажлаар хоёр ч удаа явдаг юм. Лекц ном дүрмээрээ сайхан болж, асуулт хариулт өрнөж нэг өдөржин л завгүй өнжлөө. Орой нь аймгийн Засаг дарга, аймгийн нэг том намын бүлгийн дарга, ИТХ-ын депутатууд намайг лоббидож байна. Лекцэнд идэвхтэй суусан тэр нөхөр, энэ нөхрийг ЕТГ-аар дэмжүүлж шагнуулах лобби надаар хийлгэх тухай яриа өрнөлөө. Ардчиллын төлөө 25 жил тэмцсэн тул авах ёстой гавьяа шагналаа авч, төр-засгаараа заавал үнэлүүлэх ёстой гэнээ. Лав 300-аад хүн шагнуулах юм яриад эхлэв. Алтангадас өгчихвөл болно, цаад хүн үхсэн ч яахав гэсэн гээд баахан ахмад хүний нэрс хэлэв. Олон мянган хүний амь аварчихсан мэс засалчид гавьяат эмч олгуулж аль гэж байна. Эрүүл мэндийн яам нь хөөцөлдөх ёстой шүү дээ гэж би хэллээ. Болдоггүй гэнээ. Цаад мэс засалч нь аль 1990 онд МоАХ-нд элсчихсэн, Дундговьд шувтан МАН засаг барьчихсан, намын харьяаллаар тодорхойлолтыг нь дарсаар ирсэн гэнээ. Би өөрөөсөө зайлуулаад л суулаа. Би ямар шагнал олгох эрх бүхий хүн биш. Гэтэл ЕТГ руу очиж лоббидож аль гээд шалаад салдаггүй, шөнө дунд хүргэлээ. Нөгөө дарга нар ч багагүй халлаа. Ам халлаа. Нууцаа дэлгэлээ. Засаг даргын Тамгын газрын ажилтнаа Эрээн рүү явуулчихсан байгаа, 1000 медаль хийлгээд (цутгуулаад, хэвлүүлээд) аваад ирнэ, битгий санаа зов гэж надад хэлж байна. Тэр медалийг Засаг дарга нь өөрөө зохиомжлоод баталжээ. “Дундговь”, “Ардчилсан хувьсгал 25” гэсэн хэдхэн үгс бүхий медалийн загварыг интернэтээс харж байгаад зохиочихсон, Улаанбаатараас одон медаль ирэхгүй бол өгнө тараана гэж байна. 

Хожим сонсвол нөгөө алдарт мэс засалчдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тодорхойлоод нийслэл рүү илгээжээ. Гавьяат эрсдэлтэй, юу ч үгүй хоцорчих аюултай гэнэ. Цаадхи нь одон болно гэсэн бололтой. Тэр Дундговийн 1000 медалийнхаа эхний хэд дэхийг гэнэв, надад олгосон, ирж гардаарай гэж байна билээ. Миний энгэр цоологдох нь!

Төгсгөлд нь хойд хөршөөс сургамж болох ганц мэдээ дуулгая. “Шагналын тоог цөөлөх бодлого барьж байна. Шагналын тоо цөөрснөөр уг шагналыг дагалдах мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэнэ. Шагналын үнэ цэнийг дээшлүүлэх бодлого барина. Цаашид ч шагналын тоог цөөлнө” хэмээн ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский мэдэгджээ.

Эх сурвалж: Судлаач проф. Олхонуд Баярхүү
[ 2 ] Зочин202.9.40.XXX
2018 оны 6-р сарын 8. Баасан гариг.
Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
[ 1 ] зочин202.9.40.XXX
2018 оны 6-р сарын 8. Баасан гариг.
Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хүндтэй. үүн шиг одон бүрийг улс, нийгэмд бодитоор оруулсан ашиг тусаар өгөхгүй бол ямар ч хэрэгггүй. Ж: Нээлт хийсэн бол уг нээлт ямар хувь нэмэр оруулсан. Спортын тамирчид шиг тодорхой амжилт харагдахуйц. Өмнө нь насаар, одоо намаар олгодог болоод утгаа алдаж байна.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 63
Өнөөдөр 1072
Өчигдөр 4121
Энэ 7 хоногт 0
Энэ сард 36267
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5247296

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...