Үзсэн тоо: 67
0
0
Сурах бичиг хэмээх “хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах уу?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 4-р сарын 19. Пүрэв гариг. asdf

Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын сурах бичиг агуулга муутай, үг үсэг, найруулга, хэвлэлтийн алдаатай, ийм байж болохгүй гэх яриа эцэг, эх, багш, сурагчдын дунд тасрахгүй байгаа. Маш их хөрөнгө зарсан, улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад системтэй суурь боловсрол олгох “үүрэгтэй” хүчин зүйлүүдийн нэг сурах бичиг элдэв гомдол дагуулсаар байх уу. Сурах бичиг үнэхээр муу, муухай байна уу. Асуултад хариу хайлаа.
Юуны өмнө нэгэн зүйлийг тэмдэглэхэд уулзаж, ярилцсан багш нар, эцэг, эхчүүд нэрээ бичихгүй байхыг хүссэн юм. Нийслэлийн төвийн гурван сургуульд ажиллахад л ерөнхий хана боссон тул нэгээс 12 хүртэлх ангийн бүхий л сурах бичгийг нэг бүрчлэн үзэж, судлах шаардлагагүй юм байна гэж үзсэн. Жишээ болгож дөрөв, тав, наймдугаар ангийн сурах бичигт төвлөрлөө.


Охиныхоо хичээлийг тарахад нь тосож авсан ээжээс сурах бичгийн чанар ямар байгааг асуухад “Төр мэдээд хэвлэж өгсөн болохоор агуулга талд юу хэлэх вэ. Ямар ч байсан 1980-аад оны сурах бичгээс өөр болсон байна лээ. Харин хэвлэлтийн гэх үү, эх бэлтгэлийн ч юм уу, алдаа маш их. Мөр алгассан, тоо ч бай, үсэг ч бай тэмдэгт дутуу, баларсан, бодлогын дугаарлалт буруу зэрэг алдаа олон. Мөн өгүүлбэртэй бодлогын өгүүлбэр ойлгогдохгүй байсан удаа бий.

Охин ойлгохгүй байна гэж үзээд их сургуулийн оюутан ахаар нь уншуулж үзэхэд ч ухааныг нь олохгүй байсан. Хүүхэд багшдаа энэ тухай хэлэхэд багш нь ангийнхандаа “Ойлгомжгүй юм таарвал орхичихож байгаарай” гэж хэлсэн байсан. Энэ үед охин ярианд оролцож “Эгч ээ, ойлгомжгүй юм зөндөө. Бид харандаагаар тэмдэглэж, багш цуглуулдаг. Гомдол гаргана гэсэн” хэмээв. Охины ангийн багштай уулзаж санаа бодлыг нь сонсох гэхэд “Би ердөө тав дахь жилдээ багшилж байна. Таны асуултад ахмад багш нар л хариу өгөх байх даа” гээд ярилцахаас татгалзав.

Бага ангийн багшаар 15 дахь жилдээ ажиллаж буй, одоо тавдугаар ангид хичээл зааж байгаа эмэгтэй “Багшийн, сурагчийн сурах бичиг гэж хоёр тусдаа номтой болсон. Математик, монгол хэлний хичээлийн хувьд ядаж багшийн номд онол бага хувиар ч гэсэн баймаар. Шинэ хичээл заах аргачлалыг цөөн үгээр оновчтой өгсөн байх нь багш нарт хэрэгтэй. Сурагчийн сурах бичигт хүүхэд ажиллах дасгал цөөн. Агуулга нь стандарт хангаж байгаа мэт боловч багш дурлаад хүүхдээр хийлгэх ажил, дасгал дутмаг. Ихэвчлэн хөнгөн талдаа, аргацаасан мэт. “Хүн ба байгаль”-ийн хичээлийн сурах бичигт ч гэсэн онол байвал зүгээр. Зургаагаас дээш ангид үздэг физикийн хичээлийн суурь ойлголтыг тавдугаар ангийн сурах бичгээр өгч байгаа учраас онол хармаар болдог. Гэтэл багшийн номд ч, хүүхдийн сурах бичигт ч тэр нь байхгүй. Хүүхдийн сурах бичигт тухайн сэдэвтэй холбоотой туршилт нэлээд бий. Тэдгээрийг бидний хичээл зааж байгаа орчин, нөхцөлд хүүхдүүдээр хийлгэх боломж үнэндээ хомс.

Мөн аль ч сурах бичигт даалгаврыг ойлгомжгүй бичсэн тохиолдол олон. Цэг нөхөх байлаа гэхэд түүнийг сурагч байтугай, багш нэлээд олон удаа уншиж байж, “Тэгж хэлж байгаа юм шиг байна” гэж таах маягтай ойлгох жишээтэй. Ер нь багш нарыг шалгах, сорих мэт сурах бичгүүд дээ. Багш нарыг заах юмаа өөрсдөө энд тэндээс хайж ол гэж байгаагаас ялгаагүй. Бид өнөөдөр өөрсдөө хүүхэд байх үедээ хэрэглэж байсан сурах бичгүүдээ ямар гоё байсан тухай ярьдаг юм.

Тэгшитгэл бодох заавар, аргачлалыг өөрсдөө уншиж ойлгоод, бодоод хариуг нь гаргачихдаг байсан. Одоо өөрчилж болно шүү дээ. Багш хажууд байхгүй үед сурагч сурах бичгээ ашиглаад боддог, монгол хэлний дасгалаа ч ажиллах боломжтойгоор яагаад хийж болохгүй гэж. Нэгэнт улсаас мөрдөж буй хөтөлбөрийн хүрээнд гаргаж тараасан сурах бичгүүд учраас ашиглаж л байна, гэхдээ бодит байдал ийм байна” гэсэн юм.

Тавдугаар ангийн багш “Цөм” хөтөлбөрийн хүрээнд ийм шаардлага тавьж байгаа юм гэж ойлгож байгаа ч яг хүүхдүүдтэй тулж ажилладаг багш нарт онолын шинэ мэдэгдэхүүн задаргаатайгаа байдаг сурах бичиг хэрэгтэй байна. Жаахан гүнзгийрүүлсэн, дэлгэрүүлсэн тайлбартай ном ашигламаар болдог. Өнөөгийн сурах бичиг хөнгөн талдаа юм гэж бодож байтал заримдаа хүндрээд явчихна.

Дараалал, холбоо, интеграцчилал муутай. Одоо санахад 1986 оны гуравдугаар ангийн математикийн сурах бичиг их гоё байсан. Одоо зарим хашир, туршлагатай багш нарын хувийн номын санд үлджээ. Тэгэхээр тэр багш одоо ч гэсэн түүнийг ашиглаж байна гэсэн үг. Хуучны сурах бичгүүдээ цаг үетэй холбож, шинэчлээд хэрэглэсэн нь бараг дээр. Туршлагатай багш нар одоогийн сурах бичгээс илүү гарын авлага гаргасан нь бий. Тэдгээрт түшиглээд сайжруулаад явмаар юм” гэсэн.

“Тавдугаар ангийн монгол хэлний сурах бичиг эх дээр ажиллахыг түлхүү шаардсан. Онол гэх юм бараг байхгүй. Энэ нь нэг талаар өгөөжтэй юм шиг хэрнээ хүүхдэд ийм учраас гээд тайлбарлаад өгчих гэхээр онолын ухагдахуунууд дутагдаад байдаг” хэмээн бас нэгэн багш нэмэв.

Наймдугаар ангийн сурагчтай сурах бичгийнх нь талаар ярилцахад “Манай багш математикийн сурах бичгийг бараг хэрэглэдэггүй. “Математик” сониноос бодлого бодуулдаг. Өөрийнхөө гаргасан 50 бодлоготой гарын авлагыг ашигладаг. Биологийн ном унших юм багатай. Сэдэвтэй холбоотой материал өөрсдөө олж уншдаг” гэв. Уран зохиолынх нь номыг үзлээ. “Монгол аман яруу найраг”, “Шүлэг, найраглал”, “Өгүүллэг, тууж”, “Хошин жүжиг”, Гадаадын уран зохиол” гэсэн таван бүлэгтэй юм байна.

Сурах бичиг зохиогчдын бичсэн “Хөтөч үг”-д “Сурах бичгийн асуултууд нь мэдлэг бүтээхэд туслах бол дасгал даалгаврууд нь таны задлан шинжлэх чадварыг хөгжүүлэх замаар уран зохиол уншуулах сонирхол таашаалыг нэмэгдүүлэх болно” гэжээ. Сурах бичгийг хэрхэн хэрэглэх тухай заавартай юм. Мөн уг сурах бичгээр хичээллэснээр юу юунд суралцсан байх тухайд “Зорилтууд” хүснэгтээр харуулжээ.

Жишээ нь I ба II бүлгийг уншиж судалснаар эх хэл, соёлоо эрхэмлэдэг, үндэсний ухамсар сэтгэлгээтэй иргэн болж төлөвших ажээ. Дунд сургуулийн амьдрал, сурах бичгээс алсраад удсан хүмүүст энэ ном алаг эрээн санагдах болов уу.

Уран зохиол гэдэг өөрөө гоё. Амьдралын тухай урнаар шүлэглэн, хүүрнэн, ёгтлон, хошигнон өгүүлсэн үг хэллэгүүдээс бүтсэн агуулгатай. Тийм болохоор бүлэг тус бүрийг өнгөөр ялгаж гоёсон нь илүүц санагдав. Энэ хэтийдсэн өнгө магадгүй сурагчийг ч, багшийг ч татахгүй, харин ч түлхээд байдаг юм биш биз гэсэн сэтгэгдэл төрсөн. Уран зохиолын ном төв, “намбайж” байх нь унших хүнд таатай байх болов уу. Өнгөн талаас хараад ийм шүүмж хэлэхээр байна.

Харин агуулгад өлгөж, гоочлох зүйл харагдсангүй. Нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринчен, С.Дулам, О.Дашбалбар, Б.Явуухулан, Д.Намдаг нарын бүтээлээс дээжилсэн байна. Шог зохиолч Ж.Барамсайн “Цүнхтэй инээд” өгүүллэг бас байдаг юм байна. Наймдугаар ангийн хүүхдүүд унших, танилцах, задлан шинжлэх л ёстой бүтээлүүд болов уу.

Сурах бичиг хэрэглэгчдийн тал буюу заадаг багш, сурдаг сурагч, эдгээр хоёр субъектын аль алинд хамаарах эцэг, эхийн төлөөллийн санаа бодлыг сонсож, зарим сурах бичигтэй танилцахад ийм байна.

Харин асуудлын нөгөө талд сурах бичиг яруу найрагчийн болон тэдэнд боловсруул, зохио гэсэн даалгавар өгсөн, төрөөс баталсан суурь боловсрол олгох “Цөм” хөтөлбөр бий. Судалж явахдаа багш нарын олонх нь яагаад энэ хөтөлбөрийн хүрээнд стандарт, шаардлагад нь нийцүүлж гаргасан сурах бичигт ам сайнгүй байна вэ гэж бодсоор байлаа. Яагаад гэдгийн учрыг олохын тулд бас л явлаа. Мөн нэр бичих хэрэггүй дээ гээд хариулсан хоёр мэргэжилтний ярианаас оруулъя.

Монгол хэл, уран зохиолын багш “Уран зохиолын хичээлээр нэг зохиолчийн шүлгийг бүх сурагчаар цээжлүүлээд, бүгд цээжилсэн, эсэхийг толгой дараалан уншуулж шалган дүн тавих нэг хэрэг. Сурагч нэг бүрт өөртөө таалагдсан нэг, нэг шүлэг хэвлэж ирээд уран зохиолын буландаа наагаад бай гэдэг даалгаврыг долоо хоногийн хугацаатай өгөөд, найзуудынхаа олж ирсэн шүлгүүдээс дуртайгаа цээжилсэн ч болно гээд үр дүнг нь үзэх хоёрын аль нь өгөөжтэй байх вэ.

30 сурагчтай анги 30 өөр шүлэгтэй болно. Дуртайгаа цээжил гэхэд өрсөлдөөд цээжилдэг. Хүүхэд тийм зантай. Дурлаж өөрийн болгосон шүлэг дээр нь зохих ёсоор ажиллахад хүүхэд богино хугацаанд маш олон шүлэг мэддэг болсон байхаас гадна монгол ахуй, соёлын тухай өргөн мэдлэгтэй болсон байдаг. Хамгийн гол нь дуртай шүлгээ цээжлэхийн тулд бүх шүлгийг уншиж үзсэн байх бөгөөд хамгийн гоё буюу чухал гэснээ цээжилдэг.

Энэ бүх процессын дүнд хүүхдийн ялгах чадвар хөгжиж байдаг. Үүнийг хүүхэд өөрөө мэдэхгүй, эцэг, эх ч нэг их анзаарахгүй. Эцсийн дүнд ялгах чадвартай хүн сонголт хийж сурсан байдаг. Энэ бол өнөөгийн “Цөм” хөтөлбөрийн аливаа юмны голыг олуулж сургах шаардлага. Сурагчдаар ийм ажил хийлгэхийн тулд заавал онолдоод байх шаардлага байхгүй. Онолыг багш өөрөө сайн мэдэж байхад л болно” гэсэн юм.

“Цөм” хөтөлбөр боловсруулах багт ажилласан, багш нарыг сургах ажлаар орон нутагт удаа дараа ажилласан, өөрөө бас сурах бичгийн зохиогч ийнхүү ярьж байна. “Цөм” хөтөлбөр оргүй хоосноос үүдээгүй. Өмнө байсан хөтөлбөрүүд дээрээ дөрөөлж, боловсролын хөгжлийн орчин үеийн, дэлхийн чиг хандлагыг шингээх замаар сайжруулж ирсэн баримт бичиг. Ямар ч улс орон боловсролын болон хөгжлийн бусад хөтөлбөрөө ийм замаар өөрчилсөн байдаг. Боловсрол бол амьд үйл явц. Тийм болохоор бидний хоол хүнс, ахуйн хэрэглээ, хүсэл зорилго, тэмүүлэл, алсын хараа яаж өөрчлөгдөж байгаатай адил боловсролын, сургалтын хөтөлбөр ч гэсэн сайжрах чиглэлд өөрчлөгдөж байх ёстой юм. Өөрчлөлт, сайжруулсан болгоныг “Ядаргаатай юм” гэж хүлээж аваад байх юм бол бид дэлхийгээс хоцорно.

“Цөм” хөтөлбөр боловсруулж системтэй хэрэгжүүлэх болсон нь бидний амьдарч буй мэдээллийн, технологийн XXI зууны эрэлт, хэрэгцээтэй холбоотой. Энэ зуунд боловсрол гэдгийг асар хурдтай хөгжиж байгаа нийгэмтэй дасан зохицож, ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдрахыг хэлнэ гэж үзэж буй. Товчхондоо аз жаргалтай амьдарч чадаж байгаа бол боловсролтой хүн. Түүнээс биш хоёр ч байна уу, гурван дээд сургууль төгсчихөөд ажил хийж чадахгүй байгаа хүн боловсролтой хүн биш. Тэр диплом, ромбууд нь боловсролтойн нотолгоо биш, харин зүгээр зүүж явдаг тэмдэг. Тэгэхээр эрин зууны онцлог боловсролын философийг өөрчилсөн.

Бидний үед багшийн заасан мэдээлэл хамгийн шинэ, гоё, сонирхолтой байдаг байсан учраас багш гоё мэдээлэл дамжуулаад түүнийг нь сурагч тогтоогоод эргүүлж багшид яриад дүн аваад явдаг байжээ. Тэгтэл өнөөдөр багшаас өөрөөс нь илүү мэдлэгтэй, мэдээлэлтэй, гадаадын хэд хэдэн оронд аялаад, амьдраад үзчихсэн хүүхдүүд ангид сууж байдаг. Тэдэнд багш сурах бичигт бичсэн зүйлүүдийг цээжлүүлээд, буцаагаад ярьж дүн авахыг шаардаад яах юм. Багш, шавь хоёр мэдээллийг нэгэн зэрэг авдаг болсон ийм эрин үед багш хүүхдэд юу заах вэ гэдэг нь асуудал болж ирсэн.

Тэгэхээр өнөө цагт нэгээс нөгөөд дамжсан мэдээлэл, мэдлэг хүлээж авсан хүнд чадвар болдоггүй юм байна. Тийм болохоор сургахын гол зорилго нь сурагчдыг чадвартай болгоход чиглэх ёстой юм байна гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Ямар үед мэдлэг, мэдээлэл чадвар болдог вэ гэхээр хүүхэд өөрөө харж, сонирхож, гайхаж хүлээж авч, бодож, яах ёстой вэ гэдэг асуудлыг өөрөө гаргаж ирэн дэвшүүлж, хариу хайснаар, шийдэлд хүрэх, шийдвэр гаргах чадвартай болдог. Анги бүрт, хичээл болгоноор хүүхдийг өөрийг нь ажиллуулж, эрэл хайгуул хийлгэж, учрыг олуулж, зөв, бурууг ялгуулж сургах замаар чадваржуулж явах юм.

Багш бол энэ үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй, сургалтын менежер. Хүүхэд өөрөө юу хийх, хаанаас хайх, эцэг, эх нь яаж дэмжиж туслах, багш аль үед нь хэрхэн оролцож туслах вэ гэдгийг зохицуулна. Сургалтын “Цөм” хөтөлбөрийн үндсэн зарчим энэ. Цөм гэдэг нь гол гэсэн үг. Аливаа юмны, учрын, асуудлын голыг олох гэсэн үг” хэмээн ярилаа.

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй суурь боловсрол олгох “Цөм” хөтөлбөрийн хүрээнд бага, дунд ангийн багш нар сурах бичгээ голон голон сургалт явуулж байгаа юм байна. Эцэг эхчүүд алдаа ихтэй хэмээн тээршааж байхад сурагчид хэдийнэ анхаарахаа больжээ. Сурагчдын буруу гэж үгүй.

Арваад жилийн судалгаа, шат дараалсан алхмуудын үр дүнд боловсруулсан “Цөм” хөтөлбөрийг хэдэн жилдээ хөндөхгүй юм байна. Тиймээс энэ хүрээнд зохиосон сурах бичгүүдийг цаашид ч хэрэглэх нь.

Одоогийн байдлаар сурах бичиг зохиогчид болон тэдэнд үүрэг хүлээлгэсэн төрийн яамныхан, Боловсролын хүрээлэнгийнхэн голын нэг эргээр, харин сурах бичгүүдийг “галын фронт”-д хэрэглэж, сурагчдад заах үүрэгтй багш нар голын нөгөө эргээр өөд, уруу гүйлдээд, тэд гүүрэн дээр уулзаж, учраа олохыг хүсэхгүй байгаа мэт санагдлаа.

Хэрвээ тэд уулзаж ярилцан, агуулгын хувьд болж байгааг нь хэвээр нь үлдээхээр, болохгүй байгааг нь засахаар зөвшилцөн, сурах бичиг хэмээх “хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулан сайжруулж болохгүй юу. Нэг хичээлийн жил дууслаа. Намар дахиад л ийм байдалтайгаар хичээлээ эхлүүлэх үү.

Эс бөгөөс энэ хөтөлбөрөө багш нарт сайтар таниулах, ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх арга зам бас харагдаж байх шиг.

Эх сурвалж: http://www.unuudur.mn/article/104793
[ 1 ] Зочин202.9.40.XXX
2018 оны 4-р сарын 29. Ням гариг.
Зөв асуудал хөндсөн байна. Нэг жил тжршаад зохиогчид, эх бэлтгэл, хүрээлэн алдаа мадаг байвал дахин сайжруулсаар алдаагүй сурах бичиг гарна.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 72
Өнөөдөр 458
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4143
Энэ сард 35250
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150530

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...