Үзсэн тоо: 237
1
Төрийн тогтолцооны золиос болсон боловсрол
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 1-р сарын 5. Баасан гариг. asdf

Саяхан Хүрэлсүхийн Засгийн Газар байгуулагдах хуралдаан дээр УИХ-ын гишүүд шинээр сайд бологсдыг батламжилж байгаа харагдлаа. Анд сайн нөхдөө алсын аянд мордуулж байгаа аятай л /заримтай нь зэрэгцээд суудаг хэрнээ шүү/ ар араасаа микрофоноо булаацалдах нь холгүй залгаж аваад элдвийн захиа даалгавар өгцгөөж тэдгээрийгээ биелэгдэнэ гэдэгт юун түрүүнд итгэж байгаагаа илэрхийлцгээж байх юм. Сайд бологсдодоо хоёргүй сайхан сэтгэлээр ажлын амжилт хүсч урмын үг илгээж буй тэднийг манай телевизийнхэн ч хангалттай сайн харуулсан. Гайхалтай нь, 

энэ хуралдаан дээр гишүүд боловсролын асуудлаар ярихдаа, бүр хэзээ ч хэрэг болгож хөнддөггүй сургалтын агуулга хөтөлбөр лүү орж, хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг хүртэл дурдав. Хөндлөнгөөс харахад, хүүхдийн хүмүүжил ёс зүй өнөөдөр арай ч дэндүү болсон учраас тэднийг сайн хүн болгох талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг шинэ сайдад тал талаас хүсэж захицгааж байгаа энэ сайхан үйлсийг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй байв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар, бидний хүүхдүүд бие биенээ хайрлах, багш сурагчид харилцан нэгнээ хүндлэх байдал үгүй болж байна, орчин тойрноо болон байгалиа хайрладаг төдийгүй тэднийг ёс суртахуунтай, уламжлал соёлоо мэддэг хүн болгомоор байна, Боловсролын сайд Цогзолмаа та мэргэжлийн хүн тул энэ бүхнийг хичээл номонд нь тусгуулж, зөв монгол хүүхэд төлөвшүүлж чадна гэдэгт бид бүрэн итгэж байна гэх мэтээр нэг нэгийхээ санааг дахин дахин цөхрөлтгүй давтацгаав.

Шинэ сайд ч, яг л загатнасан газраа маажуулсан аятай, хийх гэж байсан ажлууд нь яригдаад, асуулт болж тавигдаад байгаад ихэд урамтай байгаа бололтой хэзээ язааны бэлэн зэхээстэй үг, өгүүлбэрээр дор бүр нь хариу барьж байлаа.

Ийм маягаар өнгөрсөн сонгуулиас хойш итгэл найдвар хүлээсэн хоёр ч сайд ажлаа өгч гурав дахь боловсролын сайд томилогдож байгаа нь энэ. Гэтэл харамсалтай нь манайд сайд хүний сайн муу ажиллах хэнд ч сонин биш болоод удаж байна. Хожмын нэг өдөр ажлын хариуцлага тооцож, нэр хүндэд нь муугаар нөлөөлөх магадлал ямагт өндөр байдаг учраас янз бүрээр дуудуулж үйл тамаа цайж байхын оронд ингэсхийгээд мөрөөрөө гэлдэрч байсан нь яаж ч бодсон тэдэнд өлзийтэй. Тэгээд ч сайд хүн хэчнээн сайн ажиллаад ч дараагийн сайдад мөргүүлэх нь гарцаагүй. Сайн юм хийлээ ч түүнтэйгээ цуг усанд хаясан чулуу шиг л мартагдана биз дээ. Ийм байхад ажил хийх чин хүсэл сонирхол хэнд төрөх юм бэ. 

Гол нь, УИХ дээр гишүүдийг ёс болгож урмын сайхан үг хэлсэн төдий гэж үзэлгүйгээр, өнөөдөр үнэхээр л хүмүүсийн сэтгэл эмзэглэхээр болчихсон, тэдний сануулаад байгаа хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун руу жаахан ч гэсэн орж яримаар санагдаж байна. Байдлаас харахад шинэ сайдад энэ ажлыг тун амархан хийчихмээр санагдаад байх шиг. 

Үнэхээр тэгж санагдаж байгаа бол энэ яам боловсролын ажлыг үндэс сууриар нь мэдэх, орчин цагийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг ойлгох хүнээр маруухан болсныг шинэ сайд сайн мэдэхгүй л байна гэсэн үг.

Ялангуяа дээрх гишүүдийн хэлээд байгаа хүүхэд залуусын ёс суртахууны асуудал, уламжлалт ёс заншил, монгол мөн чанарын талаар өнөөдөр яригдаад буй тулгамдсан асуудлыг сургалтын хөтөлбөртэй холбож ойлгох хүнийг энэ яамнаас ганцыг ч эрээд олохгүй гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс гишүүдийн шинэ сайдад тавьж буй найдлагыг нэг бол муйхар шаардлага, эсвэл сайдад саймшрах, нийтэд танигдах оролдлого гэж ойлгоход хүрч байна. Мэдээж болж бүтээсэй гэсэндээ хэлсэн хүмүүс ч байгааг үгүйсгэх аргагүй.

Ингэхэд сургалтын хөтөлбөр гэдгийг манайд юу гэж ойлгодог вэ гэдгийг тодруулахгүй бол, арай ч дээ, бүхэл бүтэн төрийн алба байж ийм юмаа мэдэхгүй гэж юу байсан юм гэх хүн мундахгүй байх. Ажил хэрэг явуулж болохооргүй, хэчнээн ч уншаад ажил амьдралд бууж ирдэггүй, зөвхөн хяналт шалгалтынханд зориулагдсан гэмээр манайхны бичиг хэрэг үйлдвэрлэдгийн тодорхой нэг жишээ эндээс гарч ирнэ.

Төрөөс батлагдсан сургалтын хөтөлбөр гэдэг нь тухайн улс орон хүнээ, хүүхэд байхаас нь насанд нь тохирсон дэс дараатай мэдлэгт сургаж, нийгмийн харилцаанд ороход иргэдээ бэлтгэх зориулалттай систем юм. Үүнийг Боловсролын Яам гардан боловсруулж хэрэгжүүлэх учиртай.

Мэдлэгийг анхнаасаа логик дэс дараалалтайгаар олж авах нь хамгийн чухал, тийм хүн хожим бүх амьдралын туршид хэний ч гар харалгүй бие даан сурч боловсроод, цаашилбал өөрийгөө аваад явчих үндэс суурьтай болдог. Үүнийг л насан туршийн боловсрол хэмээдэг.

Өөр хоорондоо холбоосгүй янз бүрийн сургууль дамжсан хүмүүс тохиолдлоор сонссон, шахалтаар уншсанаасаа хэтрэхгүй, шалгалт шүүлэг өгөхдөө ч цээжилдэг учраас дараа нь амархан мартдаг. Сурсан, төгссөн сургуулиасаа ямар ч мэдлэг олж авч чадаагүй, ажил олж чадахгүй олноор холхиж яваа залуусаас илүү ямар нотолгоо бидэнд хэрэгтэй юм бэ??

Мэдлэгээс дутуугүй ач холбогдолтой, нийгмийн ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг сургалтын хөтөлбөрт тусгах цаг болсон. Ийм хөтөлбөр хувийн, улсын гэлтгүй бүх төрлийн сургуулиудад хамааралтай, гэтэл манайд олигтой сургалт хүмүүжлийн ажил явуулья гэхэд өнөөгийн байгаа хөтөлбөр аль ч талаараа энэ шаардлагыг хангахгүй. Зүгээр л хаа хаанаа болоод бүтээд байгаа юм шиг хүмүүсийн хэнэггүй байдал л олон жил үргэлжилж байна. Хамгийн харамсалтай нь, ямар ч сайд шинээр ирэхдээ сургалтын хөтөлбөрийн болох болохгүй тал нь чухам юундаа байгааг сонирхож үздэггүй, өнөөх л боловсролыг дампууруулсан “нөхдүүд”-ийг цуглуулж шинээр ажлын хэсэг байгуулсан нэрээр тэднийг хуучин ажилд нь томилох төдийгөөр ажлаа явуулж, санаагаа амраадаг.

Гэхдээ сайд ямар ч ажил хийхгүй дөрвөн жилийг зүгээр сууж өнгөрөөж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Дөрвөн жилд нэг удаа болох сонгууль юуг ч хөдөлгөх увидастай том агрегат учраас монголчууд бид юутай хуутайгаа бүх нийтээрээ тэр хөдөлгүүрийн аясаар дөрөв дөрвөн жил эргэлддэг. Өөрөөр хэлбэл нөгөө л чөтгөрийн тойрогт орчихоод гарч чадахгүй тойрч байна гэсэн үг. Сонгуулийн шоу болгосон боловсролын нэг төслийн жишээ гэвэл одоогийн дэд сайд Ё.Отгонбаярын оруулж ирсэн “Кембрижийн хөтөлбөр” гэгчийг нэрлэж болно. Тэр нь “жинхэнэ монгол хүн”-ийг биш, эх орондоо жинхэнэ англи хүнийг бэлтгэх зорилгоор уялдуулж хийсэн Англи маягийн сургалтын хөтөлбөр шүү дээ. Яаж ч бодсон аль ч улс орон аваад шууд ашиглаж болох нийтлэг хөтөлбөр гэж энэ хорвоо дээр байх учиргүй. Харин манайд л “хэрэгжээд” арваад жилийн нүүр үзэж байна. Цаашид манай бүх сургуулиудад энэ хөтөлбөр нэвтрэх юм гэсэн. Ийм дэмий зүйлд цаг мөнгө үрж байсанд орвол улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж өөрсдийн онцлог, нөхцөлд тохирсон агуулга хөтөлбөрөөр иргэдээ бэлтгэх нь туйлын ойлгомжтой асуудал баймаар юм!         

Өөрийн гэсэн сургалтын хөтөлбөрийг сайтар бодож, төлөвлөж хийнэ гэдэг аль ч улс орны хувьд олон жилийн бүтээлч хөдөлмөрийн үр дүн байх ёстой. Зарим оронд шинэчилсэн хөтөлбөр арав гаруй жил үргэлжилж, түүнийг дагасан сурах бичгүүд хоёроос доошгүй жил туршигдаж байж сая хэрэглээнд орж байх жишээтэй. Тэд боловсролд ингэж хандаж байна.

Гэтэл ийм залхуутай ажлыг барьж авах сайд манайхаас олдох уу, өөрт мэдэгдэх ашиг тусыг бодолгүйгээр нийгмээ, улс орныхоо ирээдүйг бодсон ийм нүсэр ажилд ханцуй шамлан орох сайд төрөх үндэс суурь, боломж нөхцөл манайд байна уу, үгүй юу, хэлээд өгөөч?

Р.Энхбат

Эх сурвалж: http://enkhbat.blog/category/niitlel/

 

     

[ 2 ] Зочин103.57.92.XXX
2018 оны 1-р сарын 13. Бямба гариг.
Ямарч байсан Энхбат боловсролыг буруу хөгжиж буйг мэдсэн хүн. Харин засч залруулах эрдэмтэд таг. Тэгэхээр мэдэмхийрэх хүн олон болсоор байна. Сайхан ярьдаг сайдууд л төрж байна даа. Үнэхээр манай боловсрол дампуурсан шүү. Тэр цөм хөтөлбөрийг шинжээд үзээрэй.
[ 1 ] Зочин202.9.41.XXX
2018 оны 1-р сарын 6. Бямба гариг.
Байхгүй
Зочин
2018 оны 1-р сарын 10. Лхагва гариг.
Энхбатыг боловсролын сайд болгох хэрэгтэй. Дэмжиж байна.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 48 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
9 цаг 7 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 41
Өнөөдөр 1060
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4881
Энэ сард 42908
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348682

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...