Үзсэн тоо: 217
0
0
Үнэлгээ хэзээ голдрилдоо орох вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 12-р сарын 12. Мягмар гариг. asdf
Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал, “Бага ангийн багш” сэтгүүлийн эрхлэгч Г.Батболдтой суралцагчдын сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа, ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших болон улсын шалгалттай холбоотой асуудлаар ярилцлаа. 

- Бага, суурь, бүрэн дунд боловсролд сургалтын цөм хөтөлбөр, сурах бичгийг 2014 оноос шинэчилсэн. Харин сурагчдын мэдлэг, чадварыг үнэн зөв, бодитой үнэлж дүгнэх талаар ямар шинэчлэл хийгдсэн бэ?  

- Сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэн зөв, бодитой үнэлж дүгнэх, сурлагын амжилтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх асуудал сургалтын үйл явцын хамгийн харицлагатай, хамгийн хүнд, нарийн үйл ажиллагаа байдаг. Манай бага, дунд боловсролын түвшинд сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, оношлох, сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, сурлагын амжилтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа  хийх ажил хийгдэж байгаа боловч, түүний чанар, үр дүн хангалтгүй байна. Хийгдсэн судалгааны үр дүнг бодлого боловсруулахад ашиглаж чадахгүй байна. Багш нарын хувьд сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх сорил, даалгавар боловсруулах онол, аргазүй дутагдаж байна. Үнэлгээний талаар баримтлах үзэл баримтлал, бодлого чиглэл гараагүй гэж хэлж болно. Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх талаар дорвитой шинэчлэл хийгдээгүй байгаа бөгөөд өнөөдөр бага, суурь, бүрэн дунд боловсролд хамгийн тулгамдсан асуудал болж байгааг хэлэх нь зүйтэй.
Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх сэдэв, сорил зохиох, даалгаврыг хэмжээсжүүлэх (оноо өгөх шалгуурыг боловсруулах) аргазүйд суралцаагүй, багш, сургуулийн захиргаа, Боловсрол, соёлын газар, хэлтэс, Боловсролын үнэлгээний төв болон боловсролын бусад байгууллагаас боловсруулан үнэлж байгаа сэдэв, сорилын боловсруулалт, үнэлгээний ажлын зохион байгуулалт, аргазүй нэг голдрилд ороогүйд хамаг учир оршиж байна. 

- Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа биз дээ. Энд үнэлгээг боловсронгуй болгох  асуудал тусгагдаагүй юм уу? 
- Тусгагдалгүй яах вэ. Кембрижийн Олон улсын шалгалтын төвийн мэргэжилтнүүд сүүлийн 3 жил БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв (БҮТ) дээр ажиллаж, бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний судалгаа (“Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” гэх нь зохимжтой)-ны сэдэв, сорил зохиох ажилд зөвлөн тусалж, энэ чиглэлээр БҮТ-ийн мэргэжилтнүүд болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсролын багш нараас бүрдсэн хүн хүчний нөөцийг бүрдүүлэх эхлэлийг тавьсан гэж болно. 
Кембрижийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө туслалцаатайгаар 2014, 2015 онд бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний судалгааг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 100 сургуулийн 4500 гаруй сурагчдаас монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээр авсан юм. Бага боловсролын математик (V анги)-ийн чанарын үнэлгээний судалгаагаар манай сурагчид нийт авбал зохих онооны 35.8-40.5 хувийг авсан нь чамлалттай үзүүлэлт боловч 2000-2008 онд явуулж байсан сурлагын амжилтын хяналт-шинжилгээний дүнтэй ойролцоо гарсан нь судалгааны дүн үнэнд ойртсон, үнэлгээний сорилын зохиомж, тохирц сайтай байсныг харуулж байна.

Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхийн тулд сурагчдын сурлагын амжилтыг үнэн зөвөөр харуулж чадахуйц сорил даалгаврыг зохиох, турших, шалгалтыг зохион байгуулах, шалгалтын материалыг засах, дүгнэлт хийх, тайлан гаргах, бодлого боловсруулагч нарыг мэдээллээр хангах хэрэгтэй болдог. Шалгалтын сэдэв, сорил зохиох, шалгалтын материал засах, тайлан гаргах зэрэгт Кембрижийн олон улсын шалгалтын төвийн мэргэжилтнүүд зөвлөхөөр оролцож, сэдэв, сорил зохиоход баримтлах зарчим, чиглэлийг тогтоосон. Бага боловсролын математикийн шалгалтаар жишээ авахад:
1. Математикийн чанарын үнэлгээний сорилыг 60 оноотой байхаар 
2. Бүх  онооны 1/3 = 33.3 хувь буюу 20 оноо нь сонгох хариутай даалгаварт, 2/3 = 66.7 хувь буюу 40 оноо нь нээлттэй (задгай) даалгаварт ногдож байхаар
3. 60 онооны 25% буюу 15 оноо нь Блумын таксономын ойлгох түвшний даалгаварт, 50% нь хэрэглэх түвшний даалгаварт, 25% буюу 15 оноо нь задлан шинжлэх түвшний даалгаварт ногдохоор сорилын төлөвлөлт (блюпринт)-ийг зохиосон юм. Энэ нь шалгалтын сэдэв, сорилын даалгаврын хүнд хөнгөнийг тохируулах, сонгох хариутай ба задгай (нээлттэй) даалгаврын онооны харьцааг зөв тогтоох боломжийг олгосон юм. 

Ийнхүү сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, чанарын үнэлгээний болон улсын шалгалтын сэдэв, сорил зохиох талаар “нэг алхам урагшилсан” үйл ажиллагаа болсон. Чанарын үнэлгээний болон улсын шалгалтын сэдэв, сорилын төлөвлөлт (блюпринт) зохиох, даалгаврын танин мэдэхүйн түвшинг тодорхойлох, даалгаврын тавил томьёоллыг сайжруулах, даалгаврыг сонгох үйл ажиллагаанд багш нар суралцаж эхэлж байлаа...

- Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж, түүнд эерэг ба сөрөгөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалснаар сургалтын агуулга, аргазүй, сурах бичгийг шинэчлэх суурь үндэс болно биз дээ? 

- Тэгэлгүй яах вэ. 2000-аад оны эхээр хийгдсэн сурлагын амжилтын судалгаагаар бага, дунд ангийн сурагчдын ихэнх нь өглөө, өдөр хичээлдээ ирэхдээ унд уулгүй ирдэг нь тогтоогдсон. Энэ үндсэн дээр үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Зургаан настай сургуульд элссэн хүүхдийн сурлагын амжилт 7 ба 8 настай сургуульд элссэн хүүхдийн сурлагын амжилтаас илүү байсан, цэцэрлэгээр хүмүүжиж сургуульд элссэн хүүхдийн сурлагын амжилт цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн сурлагын амжилтаас илүү байсан нь судалгаагаар тогтоогдсон учраас төр, засгаас зохих арга хэмжээнүүдийг авч байсан болно.  
Сүүлийн 3 жилд хийгдсэн чанарын үнэлгээний үндэсний судалгааны үр дүнд үндэслэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын агуулга, аргазүй, сурах бичгийг шинэчлэн сайжруулах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд судалгааны үр дүнг ашиглах, шалгалтын сэдэв, сорилд задлан шинжилгээ хийж, түүнийг боловсронгуй болгох чиглэлээр тэгэж ингэж  ажилласан гэдгийг сонссонгүй. Ихээхэн хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулж жил бүр хийсэн судалгааны үр ашгийг гаргахгүй юм бол ямар хэрэг байх вэ. 

- 2014, 2015 онд чанарын үнэлгээний судалгааны сэдэв, сорил гайгүй байсан гэж өмнө дурдлаа. Чанарын үнэлгээний шалгалтын сэдэв, сорил зохиох ажилд сүүлийн 2 жилд ахиц өөрчлөлт гарав уу, эсвэл ухрав уу?  

- “Өнгөрсөн 2016 онд явуулсан чанарын үнэлгээний шалгалтын сэдэв, сорилыг зохиоход ихээхэн хариуцлагагүй хандсаныг зориуд онцлон тэмдэглэж байна”. Бага боловсролын V ангийн математикийн шалгалтын сэдэв, сорил 50 оноотой 30даалгавраас бүтсэн бөгөөд өмнөх жилүүдэд сэдэв, сорил зохиоход баримталсан зарчмаа баримталж чадсангүй. Даалгавруудын  танин мэдэхүйн түвшний  нормаль тархалт алдагдсан, даалгавруудыг хөнгөнөөс хүнд рүү нь байрлуулаагүй, математикийн цөм хөтөлбөрийн агуулгыг бүрэн хамарч чадаагүй байна. Тэнхлэгийн тэгш хэмийн хувиргалт, олон өнцөгт болон дөрвөн өнцөгтийн чанарууд, процент, процентийн бодлогууд, тооны хуваагдах шинж зэрэг сэдвүүдийн даалгавар огт байхгүй байхад энгийн бутархайгаар дүрслэх, энгийн бутархайг тоймлох, энгийн бутархай дээр үйлдэл гүйцэтгэх даалгавар нийтдээ 7 орсон байна. 

Чанарын үнэлгээний судалгааны сэдэв, сорилын даалгавруудын танин мэдэхүйн түвшин хэт доошилсон, ихэнх даалгавруудын тавил алдаатай, буруу хариунууд оновчгүй томьёологдсон нь энэхүү судалгааны дүнг өмнөх жилүүдийн судалгааны дүнтэй харьцуулах, дүгнэлт хийх боломжгүй болгож байгаа юм. 

“Сэдэв, сорилыг хөнгөн болгож, сурагчдын сурлагын амжилт дээшилсэн гэсэн дүгнэлтийг яамандаа гаргаж өгөх зорилгыг агуулсан юм болов уу даа”.       
Сургалтын чанар, үр дүнг судалж, бага боловсролын цөм хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийж, улмаар цаашид боловсролын талаар баримтлах бодлогыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох энэхүү чухал судалгааг ийм хариуцлагагүй байдлаар явуулж болно гэж үү? 30 даалгавраас 26 даалгаварт ямар нэг алдаа илэрч байгааг юу гэж ойлгох вэ? Ихээхэн хөрөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарсан, үр ашиг муутай ажиллагаа болсон байна.  

Энэ жил өмнөх жилийн дутагдал дахин давтагдахгүй болов уу гэж найдаж байлаа. БҮТ-өөс эрхлэн ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн сурагчдаас түүврийн аргаар монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээр чанарын үнэлгээний шалгалт, судалгааг 4 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд авсан байна. Миний бие өөрийн мэргэжлийн дагуу бага боловсролын математикийн сэдэвт маш өнгөцхөн анализ хийж үзлээ. Даалгавруудын нэлээд нь алдаатай томьёологдсон, сорил зөв хариугүй байх, даалгавруудыг хөнгөнөөс хүнд рүү байрлуулаагүй, бодлогын зураг алдаатай зурагдсан, сонгох хариутай 20 даалгавар дотор задлан шинжлэх түвшний даалгавар байхгүй байсан зэрэг дутагдлууд илэрч байна. Үндсэндээ өнгөрсөн улсын шалгалтын болон чанарын үнэлгээний сэдэв, сорил зохиоход гарсан дутагдал давтагдсан байна. Энэ байдлаар бага боловсролын улсын математикийн шалгалтын сэдэв, сорил зохиоход гарсан өнгөрсөн жилийн алдаа дахин давтагдах магадлал өндөр байна. 

“Тавдугаар ангийн “Хүн ба байгаль” хичээлийн чанарын үнэлгээний шалгалтын сэдэв, сорилд ч даалгаврын тавил оновчгүй томьёологдсон, хоёр зөв хариутай, даалгаврын нөхцөл дутуу зэрэг алдаанууд байгааг хэлэх нь зүйтэй”. 

Өнгөрсөн хичээлийн жилийн суурь боловсролын математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлүүдийн  улсын шалгалтын сэдэв сорил бас л хангалтгүй түвшинд зохиогдсон байсан. Гаргасан алдаа дутагдалдаа зохих ёсоор дүгнэлт хийж, түүнийг давтахгүй байх, улсын шалгалтын сэдэв сорил зохиох, шалгалт авах ажилд Яам, хүрээлэн нь зохих хяналт тавьж ажиллаасай гэсэндээ үүнийг дурдаж байна. 

- Өнгөрсөн Улсын шалгалтын талаар юу хэлэхсэн бол?

-Сүүлийн 2 жил улсын шалгалтыг нэгдсэн байдлаар авч байна. БҮТ улсын шалгалтын сэдэв, сорилыг хариуцан хийлгэж, шалгалтыг сургууль өөрөө зохион байгуулж авдаг. 2014-2015 оны хичээлийн жилийн V ангийн математикийн улсын шалгалтын сэдэв 60 оноо бүхий 39 даалгавартайгаар зохиогдсон. Тухайн хичээлийн жилийн V ангийн математикийн  улсын шалгалтын сэдвийг миний бие зохиосон бөгөөд шалгалтын сэдвийг 50 орчим оноотой (48 оноотой байх нь нэн тохиромжтой байдаг), 28-29 даалгавартай байхаар зохиох саналыг тавьсан боловч БҮТ хүлээн аваагүй. Шалгалтын дүн улсын хэмжээгээр тун хангалтгүй гарсан. Тухайн шалгалтын хувьд даалгаврын болон онооны тоо арай ихдэж, шалгалт явуулах хугацаа багадсан нь батлагдсан. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн анхны хичээлийн жил байсан. Улсын шалгалт болохоос нэг сарын өмнө авсан чанарын үнэлгээний судалгаагаар V ангийн математикаар 35.8 хувийн гүйцэтгэлтэй шалгагдаж байсан юм. Энэ бол үнэндээ гашуун сургамж байлаа.

Өнгөрсөн хичээлийн жилд хоёр дахь удаагаа улсын шалгалт авсан. Өмнө жилийн улсын шалгалтын сэдэв, сорилын оноо, даалгаврын тоог ихдүүлсэндээ дүгнэлт хийсэн биз, бас сонгуультай жилийн улсын шалгалт ч байсан болохоор V ангийн математикийн улсын шалгалтын сэдэв, сорил 25 оноотой 16 даалгавраас бүтсэн байв. 

"Арай ч ингэж боловсролын түвшинг доошлуулж болохгүй". 

Улсын шалгалтын сэдэв, сорилыг тийм байдлаар зохиож, шалгалт авдаг жишиг тогтвол боловсролд тун муу үр дагавар авчрах нь эргэлзээгүй. 
 
Сурагчдын мэдлэг, чадварыг шалгаж буй шалгалтын агуулгад тооны хуваагч, хуваагдагч, анхны тоо, тооны хуваагдах шинжүүд, Эйлер-Веннийн диаграммаар өгөгдлийг ангилах, аравтын бутархай дээр хийх үйлдлүүд, олон өнцөгт, дөрвөн өнцөгтийн чанарууд зэрэг цөм хөтөлбөрийн агуулга тусгагдаагүй байсан.
Даалгаврууд хэт хөнгөн, тэгсэн мөртлөө зарим даалгавруудын томьёолол  алдаатай, сорилын буруу хариу нь оновчгүй томьёологдсон, чанарын үнэлгээний шалгалтын сэдэвт гарсан алдаа давтагдсан байлаа. Шалгалтыг 60 минутад авахаар  төлөвлөсөн бөгөөд сурагчид даалгавруудыг 15-20 минутад гүйцэтгэсэн, шалгалт авч байгаа багш нар хүүхдийг хугацаа дуусахаас өмнө гаргахгүй гэж үйлээ үзсэн гэсэн. Энэ шалгалт багш нарын урмыг хугалж, шалгалтад бэлтгэсэн ихээхэн хүч хөдөлмөр үгүй боллоо гэж харамсаж байв. 
Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, чанарын үнэлгээний болон улсын шалгалтын сэдэв, сорил зохиох талаар өмнөх жилүүдэд “нэг алхам урагшилсан” үйл ажиллагаа, олсон ололт маань 2015-2016 оны хичээлийн жилийн хувьд “хоёр алхам хойш ухарсан” хэрэг болж, боловсролоор тоглож болдгийн нэг илрэл энэ ажээ. 
Энэ хичээлийн жилийн улсын шалгалтад бэлтгэхэд зориулан 5, 9, 12 дугаар ангиудын өмнөх жилийн улсын шалгалтын сэдвүүдийг БҮТ өөрийнхээ сайт дээр тавьсан байсан. 2014-2015 оны хичээлийн жилийн V ангийн математикийн улсын шалгалтын сэдвийн оронд өөр сэдэв тавьсан байна. Эдгээр сэдвийн даалгаврууд нь 2014 онд батлагдан гарч одоо мөрдөж байгаа математикийн сургалтын цөм хөтөлбөр, шинэ сурах бичигт шинээр тусгагдсан агуулгыг илэрхийлсэн даалгавар байхгүй, даалгаврын бичиглэл тэмдэглээ нь хуучнаараа байх юм. Ач холбогдол нь багатай сэдвүүдийг зориудаар тавьсан нь 2015 оны улсын шалгалтын сэдэв (улсаараа муу дүн үзүүлсэн улсын шалгалтын сэдэв)-ийг багш, сурагчид, эцэг эх, олон түмнээс нуух гэсэн арга байлтай. Харин ч тэр сэдэв дээр багш, сурагчид ажиллаж, алдаанаасаа сургамж авах байсан. 
Ингэж багш, сурагчид, эцэг эхийг дорд үзэж болохгүйг сануулья.   

- Энэ бүх дутагдал доголдол юунаас болов?

- Үнэнийг хэлэхэд шалгалтын сэдэв зохиогч нарын сорил зохиох онол, аргазүйн  мэдлэг хангалтгүй, үнэлгээний даалгавар боловсруулах, тухайн даалгавар Блумын таксономын танин мэдэхүйн ямар түвшинд байгааг тодорхойлох мэдлэг, чадвар, дадлага муу байгаа, тэднийг БҮТ-өөс сургаж дадлагажуулаагүй, шалгалтын  сэдэв сорилд эксперт болон туршилт хийж алдааг илрүүлэн засах ажиллагааг хангалтгүй хийсэн, Боловсролын үнэлгээний төвийн энэ ажлыг хариуцсан дарга, мэргэжилтнүүдийн зүгээс сэдэв, сорилын боловсруулалтад хяналт тавих, засан сайжруулах талаар хариуцлагагүй ажилласантай холбоотой. 

- Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар янз бүрийн яриа дуулддаг, өнгөрсөн жил шалгалтын сэдэв задарсан гээд л. 
- Их, дээд сургуульд элсэгчдийг нэг шалгуураар үнэлж элсүүлэх үйл ажиллагаа эхлээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Бид юуг зөв хийв, юун дээр алдав гэдгээ нэг эргэж харах цаг болсон. Элсэлтийн шалгалтаар зарим хичээлүүдээр шалгуулагчид хэтэрхий муу байна гэсэн баримт, мэдээллийг нийгмийн сүлжээгээр харж байсан. Хэмжээст оноо гэдэг үнэхээр чанарыг илэрхийлж чадаж байна уу гэдгийг ч бодох хэрэгтэй байх. 

Өнгөрсөн жил элсэлтийн шалгалтын сэдэв задарсан гэсэн яриа ихэд тарсан. Шалгаж үзээгүй, магадлаагүй болохоор тэгсэн ингэсэн гэж баттай хэлэх боломжгүй. БҮТ-өөс ЦЕГ-ын олон нийттэй харилцах албатай хамтран 6 сарын 24-нд байхаа шалгалтын сэдэв задраагүй, задрах боломж ч байхгүй гэж мэдээлж байсан.  Уг нь тийм байх ёстой. Хэлж ярьсан нэг л зүйл үнэмшил муутай санагдсан. 

Их, дээд сургуульд оюутан элсүүлж байгаа элсэлтийн ерөнхий шалгалтын чанар ямар болж байгааг шалгахад амархан. Их, дээд сургуульд элссэн оюутнуудаас хичээлийн жилийн эхэнд намар 9-10 сард шалгалт өгсөн голлох хичээлүүдээр нь батлах шалгалт авахад л бүх зүйл илэрхий болно. Ийм шалгалтыг БСШУЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас 2000 оны эхээр авч байсан бэлээхэн туршлага байгаа. 

Ярилцсан Б.Дэлгэрмаа


Бага ангийн багш сэтгүүлийн 7/76 дугаараас



  
 
 



 
 



        


        


              





Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 45
Өнөөдөр 968
Өчигдөр 4121
Энэ 7 хоногт 0
Энэ сард 36163
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5247193

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...