Үзсэн тоо: 235
0
0
Таны хүүхэд амьдралд бэлэн үү?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 10-р сарын 31. Мягмар гариг. asdf

Нийгмээс гадуурх амьдрал гэж хаана ч үгүй учир түүнд хэрхэн дасан зохицож, даван туулж, өөрийн болоод гэр бүл, магадгүй цаашлаад улс орныхоо аз жаргалыг бий болгох вэ? хэмээх асуудал хүүхэд бүрт ирээдүйд ирдэг. Харин тэр үед таны хүүхэд амьдралд бэлэн байж чадах уу? гэдэг маш чухал.  Тиймээс бид энэхүү том алхмынхаа өмнө хамгийн ихээр ойртон ирдэг өсвөр үеийнхний ирээдүй, мэргэжил сонголттой холбоотой асуудлаар Жэт Англи хэлний сургуулийн багш, сэтгэл зүйч Амартай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. 

 - Бид өсвөр үеийнхний тухай ярилцах учир тэднийг нийгмийн байр суурь болоод бие, сэтгэл зүйн онцлогийнх нь хувьд та тодорхойлохгүй юу?

 - Өсвөр буюу 13-18 насныхан нь хүүхэд наснаас насанд хүрсэн бие хүн болж шилжих хүний хөгжлийн онцгой үе л дээ.

Бага насанд тэдний суурь хүмүүжил бүрэлддэг бол өсвөр үедээ хувь хүний төлөвшил, бие даах чадвар, хувийн зан чанар нь илүү тогтдог. Бие бялдрын хувьд мэдээж бэлгийн бойжилт явагддаг учир сэтгэлзүй нь тогтворгүй болох нь элбэг. Тиймээс тэднийг ирээдүйн амьдралд нь зөв чиглүүлэх, дэмжих, алдаанаас урьдчилан сэргийлэх боломж нөхцөлөөр хангах маш чухал үүрэг томчууд бидэнд бий.

Мөн нийгмийн байр суурь нь ирээдүйд илүү хариуцлага үүрэх, өөрийгөө бие даан авч явах сонголтын өмнө ирдэг учир зарим нь яахаа мэдэхгүй байх, мэргэжил сонголттой холбоотойгоор шалгалтын айдаст автах гэх зэргээр түгшүүртэй байдлыг өөртөө бий болгодог.

- Энэ үед нь тэдэнд хэрхэн анхаарч, юунд сургах ёстой вэ?

- Сургууль болоод эцэг эхийн зүгээс хамтарсан удаан хугацааны хөтөлбөрийн дагуу  нийгмийн чадамжуудад сургах шаардлага маш чухал.

Ирээдүйд ажил болоод амьдралаа амжилттай авч явахын тулд зөвхөн сургуулиас олж авсан мэдлэг боловсролоос гадна, багаар ажиллах, бусадтай хамтрах, тэднийг хүндлэх, өөрийгөө зөв илэрхийлэх, зүй зохистой хэрэглэх хэрэглээний чадавх, хэм хэмжээ болоод үнэ цэнтэй зүйлийн тогтолцоо,  зөрчлийг зөв шийдвэрлэх гэх зэрэг чадваруудад суралцах ёстой гэсэн үг л дээ.

Танин мэдэхүйн болон эдгээр нийгэмших чадварыг өсвөр насандаа хөгжүүлж чадсанаар хичээл сургуульдаа хариуцлагатай байж, мэргэжлийн чиг баримжаагаа зөв тогтооход нөлөөлдөг бөгөөд ирээдүйд ажил мэргэжлийн болон нийгмийн зүгээс тулгарах үүрэг даалгавруудыг  шийдэн, даван туулахын тулд  тэвчээртэй тууштай байж чаддаг. 

 Ер нь Хүүхдийг нийгмийн чадамжид сургалгүйгээр өсвөр насыг нь өнгөрөөнө гэдэг залуургүй завинд суулгахтай адил. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд үүнийг тийм ч сайн олж харж, шийдвэрлэхийн тулд хичээл чармайлтыг гаргадаггүй нь ажиглагддаг. Нэг мэдэхэд сургуулиа төгсөх болчихсон учир ямар ч хамаагүй их сургуульд орох ёстой л гэсэн үйл явц олон хүүхдийн амьдралд өрнөж ирлээ шүү дээ. 

Гэтэл эдгээр тулгуур чадвар хөгжөөгүй тохиолдолд мэргэжил эзэмшин ажил амьдралд орох нь саад бэрхшээлтэй байдаг бөгөөд үр дүнд нь урам хугарах, бүтэлгүйтэх, ямар нэгэн зүйлд донтох, цаашилбал эрсдэлтэй зан үйл буюу өөрийгөө хохироох байдал гаргах ч тохиолдол үүсдэг.

- Сургууль болоод эцэг эхчүүдийн зүгээс чухам ямар хүчин чармайлт гаргаж болох вэ? Та жишээ болгон дурдвал?

- Ядаж л үг дуу цөөтэй хүүхдийг юугаа хийгээд дугуй зогсоод байгаа юм бэ? гэж загнахаа  болих хэрэгтэй.

Энэ нь улам л хаалттай байдлыг бий болгодог. Түүний оронд энэ хүүхдэд ямар нөөц байна гэдгийг ажиглаад тайван байдлаар ярилцах, түүнийгээ өөрөө олж таних, судлах сэдлийг нь зориудаар төрүүлэх хэрэгтэй юм.

Өөрийгөө сонсох, бодлоо барьж авахад нь тусална гэсэн үг. Ингэснээр хүүхэд өөрийгөө хэт өндрөөр үнэлэх эсвэл хэт итгэлгүй байдалд хүлээн авахгүй байх бодит дүгнэлтэд хүрч цаашдын зорилгоо тодорхой болгох боломжтой юм.  

 - Та бүхэн энэ тал дээр ямар үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ? Мөн энэ нь мэргэжил сонголттой хэрхэн холбогдох вэ?

- Манай Жэт Англи хэлний сургуулийн хувьд өсвөр насныханд зориулсан Англи хэлний 1 жилийн болоод хагас жилийн цогц сургалтын хөтөлбөрүүдээрээ мэргэжлээ хэрхэн зөв сонгох, үүнтэй холбоотойгоор нийгмийн чадамжийг бий болгох, шалгалтын айдсаа даван туулах стресс менежмент зэрэг сургалтыг хамт явуулдаг болоод тодорхой хугацаа өнгөрсөн байна.

Өсвөр насныхны мэргэжил сонголт нь тэдний өөрийн бие хүнээ хэрхэн мэдэрч ухамсарласантай шууд холбоотой л доо. Тиймээс бид зөвхөн Англи хэл заагаад зогсохгүй өмнөх ярилцлага болоод дүр тоглоомоор мэргэжлийн ялгаануудыг олж харах, түүнд дасан зохицож чадаж байгаа эсэх мэдрэмжийг өөртөө авах боломжийг нь бүрдүүлэхийг зорьдог. Зарим үед тэднийг нийгмийн сурвалжлагчийн дүрд оруулан гадуур явж ажил мэргэжлээ хийж байгаа хүмүүстэй уулзах даалгавар өгдөг.

Тухайн хүн сонгосон мэргэжлийнхээ сайхан болоод бэрхшээлтэй талыг хэрхэн мэдэрдэг, зөв эсвэл буруу сонголт байсныг юу гэж хэлэх нь сурагчдад өөрийгөө хэрхэн чагнах, ойлгох арга замыг тодорхой хэмжээнд заадаг. Мөн энэ даалгаврын үед хүнтэй харьцах, өөрийн хүссэн мэдээллээ олж авахаас эхлээд нийгмийн чадамжид суралцаж байдаг. Эмч гэдэг чинь цагаан халааттай болохоороо л гоё мэргэжил юм уу эсвэл өөр зүйл байдаг юм уу гэдгийг тэд мэдэрч байж сонгох ёстой шүү дээ.

- Их дээд сургууль төгссөн хэрнээ ажилгүй эсвэл мэргэжлээрээ ажиллаагүй тохиолдол маш их байдаг шүү дээ. Үүний шалтгааныг та юу гэж хардаг вэ?

 - Мэргэжил гэдэг нь ЭЕШ-ын оноондоо тааруулж сонгодог зүйл уг нь биш шүү дээ. Гэтэл маш олон хүүхэд өөрийгөө таньж мэдэлгүйгээр ийм замаар ямар нэгэн сургуульд орж, дипломтой л болохыг хүсэж байна.

Ингээд сэтгэл ханамжгүй, хүсэл тэмүүлэлгүй суралцаж төгсөх нь элбэг ажиглагддаг. Сургууль төгсөх үед нь зохион байгуулдаг “Мэргэжил бүхэн сайхан” гэдэг ч юм уу иймэрхүү нэг удаагийн арга хэмжээнээс хүүхэд өөрийн хүссэн мэргэжлээ тодорхойлох бас боломжгүй юм.

Мөн хүүхдийнхээ онцлогт нь тохирох эсэхийг мэдэхгүйгээр аав нь багш байсан юм чинь багш болчих, эсвэл ийм мэргэжлээр мөнгө олох боломжой гэх зэргээр нэг ёсны шахалтад орж сонгол хийх нь их алдаатай санагддаг.

Яг сураад үзтэл нөгөө хүүхдэд маань сонирхолгүй байх, магадгүй дундаас нь орхих, цаг болоод мөнгөө үрэх тохиолдол их байдаг шүү дээ. Үүнийг дагаад мэргэжлийн зүг чигээ амжилтай зөв олоогүй учраас энэ насанд шийдэх ёстой бусад үүрэг ч хойш татагддаг. Найз нөхдийн харилцаа холбоо, эцэг эхээсээ өрх тусгаарлах, насанд хүрсэн хүний зан байдлыг төлөвшүүлэх, өөрийн гэр бүлээ байгуулах, нийгмийн амьдралд оролцох гэх мэт.

- Мэргэжил сонголттой холбоотой шалгалтын айдас гэж дээр дурдсан шүү дээ. Энэ тал дээр та дэлгэрүүлэхгүй юу? Яагаад шалгалтын айдас гэдэг зүйл бий болдог юм бэ?

- Аль ч насныхны хувьд шалгалтын айдас гэдэг зүйл нь цагийг нь тулгаж аливаа зүйлийг бэлддэгтэй холбоотойгоор ихэнхдээ үүсдэг л дээ.

ЭЕШ-ны хувьд энэ шалгалтын айдас гэдэг зүйл нийгмийн чадамжид хэрхэн бэлтгэгдэж байснаас бас их шалтгаалж үүсдэг. Үүнийгээ ахиулсаар байдаг хүүхдэд бол шалгалт өгөх, мэргэжил сонгох гэдэг зүйл дээр тэгтлээ түүртээд байх нөхцөл уг нь байхгүй. Мөн манай нийгмийн сэтгэлзүй эцэг эхийн сэтгэлзүй, шахалт маш их айдас, стресст хүүхдийг оруулдаг.

 За нөгөө элсэлтийн ерөнхий шалгалт, мэргэжил сонгох боллоо юу бодож байна, тэг ингэ гэж огцом тулгах гэдэг ч юм уу нэг бол учир зүггүй бусад зүйлээс тусгаарлаад тоо бодуулаад суулгачихдаг ч юм уу.  Үүнийхээ хажуугаар нийгмийн чадварт нь шат дараатайгаар сургах, магадгүй бухимдлаа хэрхэн гаргаж байхаас эхлүүлээд, өөрийгөө ойлгоход нь тусалж чиглүүлж байсан бол энэ айдаст автаж, дарамт болгон хүлээж авахгүй байх боломжтой юм.

Гэтэл зарим хүүхэд энэ ЭЕШ-д л тэнцэхгүй бол амьдрал тэр чигтээ сүйрч байгаа мэтээр хүлээж авах нь ч бий.  Ер нь бол нийгмийн чадамж нь сул хөгжсөн хүүхэд энэ айдас стресст илүү автдаг. Тиймээс бид энэ стресс менежмент гэдэг зүйлийг ирээдүй хойчдоо зааж ойлгуулж байх нь олон эрсдэлээс тэднийг холдуулах эерэг нөхцөл болдог.

- Жил бүр олон мянган хүүхэд ЭЕШ өгч, ирээдүйн амьдралынхаа замыг сонгож байна шүү дээ. Энэ болгонд шалгалтын айдас, мэргэжлээ мэдээлэлтэйгээр, чин хүсэлтэйгээр сонгож чадахгүй байх асуудал нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалаад тийм ч амархан шийдэгдчихгүй байх. Тиймээс танай сургууль энэхүү асуудалд өөрсдийн сургалтын системээрээ дамжуулан анхаарч байгаад баяртай байна. Мөн Англи хэлний ЭЕШ-нд бэлтгэж байгаа хүүхдүүдэд зориулан өдөрлөг зохион байгуулах гэж байгаа гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Манай Жэт Англи хэлний сургууль маань Англи хэлний ЭЕШ-нд сүүлийн 5 жил бэлдсэн туршлагатай бөгөөд ЭЕШ-нд бэлтгэдэг туршлагатай багш нар маань 11-р сарын 1,2-ны өдрүүдэд Англи хэлний ЭЕШ өгч буй сурагчдын түгээмэл гаргадаг алтдаа, Англи хэлний ЭЕШ-нд хэрхэн өндөр оноо авах вэ?

Сэдэвтэйгээр зөвлөгөө хичээлээ унших ба мөн төгсөх ангийн сурагч нар маань энэ өдрүүдэд манай төв дээр ирэн Англи хэлний ЭЕШ-ийн 800 онооноос хэдэн оноо авч байгаа жишиг тест үнэ төлбөргүй өгөх боломжтой байгаа юм.

- Цаг заваа гарган сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

- Та бүхэнд бас маш их баярлалаа.

 1 ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР

13-18 насны сурагчдын бүтэн 1 жилийн хичээлийн хөтөлбөр

Англи хэлний ЭЕШ-нд бэлтгэх 1 хичээлийн жилийн цогц хөтөлбөрийн ангиуддаа элсэлт авч эхэллээ.

Бүртгүүлэх утас: 7711-8899, 99097610

Эх сурвалж: www.ikon.mn

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 26
Өнөөдөр 164
Өчигдөр 1884
Энэ 7 хоногт 10114
Энэ сард 25126
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5425954

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье