Үзсэн тоо: 536
1
Үнэлгээ хэзээ голдрилдоо орох вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 5-р сарын 19. Баасан гариг. asdf
Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал, “Бага ангийн багш” сэтгүүлийн эрхлэгч Г.Батболдтой суралцагчдын сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа, ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших болон улсын шалгалттай холбоотой асуудлаар ярилцлаа. 

-Бага, суурь, бүрэн дунд боловсролд сургалтын цөм хөтөлбөр, сурах бичгийг 2014 оноос шинэчилсэн, харин сурагчдын мэдлэг, чадварыг үнэн зөв, бодитой үнэлж дүгнэх талаар ямар шинэчлэл хийгдсэн бэ?  

-Сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэн зөв, бодитой үнэлж дүгнэх, сурлагын амжилтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх асуудал сургалтын үйл явцын хамгийн харицлагатай, хамгийн хүнд нарийн үйл ажиллагаа байдаг. Манай бага, дунд боловсролын түвшинд сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, оношлох, сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, сурлагын амжилтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа  хийх ажил хийгдэж байгаа боловч, түүний чанар, үр дүн хангалтгүй байна. Хийгдсэн судалгааны үр дүнг бодлого боловсруулахад ашиглаж чадахгүй байна. Багш нарын хувьд сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх сорил, даалгавар боловсруулах онол, арга зүй дутагдаж байна. Үнэлгээний талаар баримтлах үзэл баримтлал, бодлого чиглэл гараагүй гэж хэлж болно. Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх талаар дорвитой шинэчлэл хийгдээгүй байгаа бөгөөд өнөөдөр бага, суурь, бүрэн дунд боловсролд хамгийн тулгамдсан асуудал болж байгааг хэлэх нь зүйтэй.   
Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх сэдэв, сорил зохиох, даалгаврыг хэмжээсжүүлэх (оноо өгөх шалгуурыг боловсруулах) арга зүйд суралцаагүй, багш, сургуулийн захиргаа, Боловсрол, соёлын газар, хэлтэс, Боловсролын үнэлгээний төв болон боловсролын бусад байгууллагаас боловсруулан үнэлж байгаа сэдэв, сорилын боловсруулалт, үнэлгээний ажлын зохион байгуулалт, арга зүй нэг гольдролд ороогүйд хамаг учир оршиж байна. 

-Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа биз дээ. Энд үнэлгээг боловсронгуй болгох  асуудал тусгагдаагүй юм уу? 
-Тусгагдалгүй яах вэ. Кембрижийн Олон улсын шалгалтын төвийн мэргэжилтнүүд сүүлийн 3 жил БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв (БҮТ) дээр ажиллаж, бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний судалгаа (“сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” гэх нь зохимжтой)-ны сэдэв, сорил зохиох ажилд зөвлөн тусалж, энэ чиглэлээр БҮТ-ийн мэргэжилтнүүд болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсролын багш нараас бүрдсэн хүн хүчний нөөцийг бүрдүүлэх эхлэлийг тавьсан гэж болно. 
Кембрижийн мэргэжилтнүүдийн зөвөлгөө туслалцаатайгаар 2014, 2015 онд бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний судалгааг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 100 сургуулийн 4500 гаруй сурагчдаас монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээр авсан юм. Бага боловсролын математик (V анги)-ийн чанарын үнэлгээний судалгаагаар манай сурагчид нийт авбал зохих онооны 35.8-40.5 хувийг авсан нь чамлалттай үзүүлэлт боловч 2000-2008 онд явуулж байсан сурлагын амжилтын хяналт-шинжилгээний дүнтэй ойролцоо гарсан нь судалгааны дүн үнэнд ойртсон, үнэлгээний сорилын зохиомж, тохирц сайтай байсанг харуулж байна.
Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхийн тулд сурагчдын сурлагын амжилтыг үнэн зөвөөр харуулж чадахуйц сорил даалгаврыг зохиох, турших, шалгалтыг зохион байгуулах, шалгалтын материалыг засах, дүгнэлт хийх, тайлан гаргах, бодлого боловсруулагч нарыг мэдээллээр хангах хэрэгтэй болдог. Шалгалтын сэдэв, сорил зохиох, шалгалтын материал засах, тайлан гаргах зэрэгт Кембрижийн олон улсын шалгалтын төвийн мэргэжилтнүүд зөвлөхөөр оролцож, сэдэв, сорил зохиоход баримтлах зарчим, чиглэлийг тогтоосон. 

Бага боловсролын математикийн шалгалтаар жишээ авахад:
1. Математикийн чанарын үнэлгээний сорилыг 60 оноотой байхаар 
2. Бүх  онооны 1/3 = 33.3 хувь буюу 20 оноо нь сонгох хариутай даалгаварт, 2/3 = 66.7 хувь буюу 40 оноо нь нээлттэй (задгай) даалгаварт ногдож байхаар
3. 60 онооны 25% буюу 15 оноо нь Блумын таксономийн ойлгох түвшний даалгаварт, 50% нь хэрэглэх түвшний даалгаварт, 25% буюу 15 оноо нь задлан шинжлэх түвшний даалгаварт ногдохоор сорилын төлөвлөлт (блюпринт)-ийг зохиосон юм. Энэ нь шалгалтын сэдэв, сорилын даалгаврын хүнд хөнгөнийг тохируулах, сонгох хариутай ба задгай (нээлттэй) даалгаврын онооны харьцааг зөв тогтоох боломжийг олгосон юм. 

Ийнхүү сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, чанарын үнэлгээний болон улсын шалгалтын сэдэв, сорил зохиох талаар “нэг алхам урагшилсан” үйл ажиллагаа болсон юм. Чанарын үнэлгээний болон улсын шалгалтын сэдэв, сорилын төлөвлөлт (блюпринт) зохиох, даалгаврын танин мэдэхүйн түвшинг тодорхойлох, даалгаврын тавил томьёоллыг сайжруулах, даалгаврыг сонгох үйл ажиллагаанд багш нар суралцаж эхэлж байлаа...

- Сургалтын агуулга, арга зүй, сурах бичгийг шинэчлэхэд суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж, түүнд эергээр болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж илрүүлэх нь чухал гэж үзэж болох уу?
-Тэгэлгүй яах вэ. 2000 оны эхээр хийгдсэн сурлагын амжилтын судалгаагаар бага, дунд ангийн сурагчдын ихэнх нь өглөө, өдөр хичээлдээ ирэхдээ унд уулгүй ирдэг нь тогтоогдсон, энэ үндсэн дээр үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Зургаан настай сургуульд элссэн хүүхдийн сурлагын амжилт 7 ба 8 настай сургуульд элссэн хүүхдийн сурлагын амжилтаас илүү байсан, цэцэрлэгээр хүмүүжиж сургуульд элссэн хүүхдийн сурлагын амжилт цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн сурлагын амжилтаас илүү байсан нь судалгаагаар тогтоогдсон учраас төр, засгаас зохих арга хэмжээнүүдийг авч байсан болно.  
Сүүлийн 3 жилд хийгдсэн чанарын үнэлгээний үндэсний судалгааны үр дүнд үндэслэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын агуулга, арга зүй, сурах бичгийг шинэчлэн сайжруулахталаар,  багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд судалгааны үр дүнг ашиглах, шалгалтын сэдэв, сорилд задлан шинжилгээ хийж, түүнийг боловсронгуй болгох чиглэлээр тэгэж ингэж  ажилласан гэдгийг сонссонгүй. Ихээхэн хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулж жил бүр хийсэн судалгааны үр ашгийг гаргахгүй юм бол ямар хэрэг байх вэ? 

-2014, 2015 онд чанарын үнэлгээний судалгааны сэдэв, сорил гайгүй байсан гэж өмнө дурдлаа. Чанарын үнэлгээний шалгалтын сэдэв, сорил зохиох ажилд сүүлийн 2 жилд ахиц өөрчлөлт гарав уу, эсвэл ухрав уу?  
-Өнгөрсөн 2016 онд явуулсан чанарын үнэлгээний шалгалтын сэдэв, сорилыг зохиоход ихээхэн хариуцлагагүй хандсанг зориуд онцлон хэлмээр байна. Бага боловсролын V ангийн математикийн шалгалтын сэдэв, сорил 50 оноотой 30даалгавраас бүтсэн бөгөөд өмнөх жилүүдэд сэдэв, сорил зохиоход баримталсан зарчмыг энд баримталж чадсангүй. 

Даалгавруудын  танин мэдэхүйн түвшний  нормаль тархалт алдагдсан, даалгавруудыг хөнгөнөөс хүнд рүү нь байрлуулаагүй, математикийн цөм хөтөлбөрийн агуулгыг бүрэн хамарч чадаагүй байна. 

Тэнхлэгийн тэгш хэмийн хувиргалт, олон өнцөгт болон дөрвөн өнцөгтийн чанарууд, процент, процентийн бодлогууд, тооны хуваагдах шинж зэрэг сэдвүүдийн даалгавар огт байхгүй байхад энгийн бутархайгаар дүрслэх, энгийн бутархайг тоймлох, энгийн бутархай дээр үйлдэл гүйцэтгэх даалгавар нийтдээ 7 орсон байна. 
Чанарын үнэлгээний судалгааны сэдэв, сорилын даалгавруудын танин мэдэхүйн түвшин хэт доошилсон, ихэнх даалгавруудын тавил алдаатай, буруу хариунууд оновчгүй томьёологдсон нь энэхүү судалгааны дүнг өмнөх жилүүдийн судалгааны дүнтэй харьцуулах, дүгнэлт хийх боломжгүй болгож байгаа юм. 

Сэдэв, сорилыг хөнгөн болгож, сурагчдын сурлагын амжилт дээшилсэн гэсэн дүгнэлтийг яамандаа гаргаж өгөх зорилгыг агуулсан юм болов уу даа. Сургалтын чанар, үр дүнг судалж, бага боловсролын цөм хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийж, улмаар цаашид боловсролын талаар баримтлах бодлогыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох энэхүү чухал судалгааг ийм хариуцлагагүй байдлаар явуулж болно гэж үү? 

30 даалгавраас 26 даалгаварт ямар нэг алдаа илэрч байгааг юу гэж ойлгох вэ? Ихээхэн хөрөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарсан, үр ашиг муутай ажиллагаа болсон байна.  

Энэ жил өмнөх жилийн дутагдал дахин давтагдахгүй болов уу гэж найдаж байлаа. БҮТ-өөс эрхлэн ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн сурагчдаас түүврийн аргаар монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээр чанарын үнэлгээний шалгалт, судалгааг 4 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд авсан байна. Миний бие өөрийн мэргэжлийн дагуу бага боловсролын математикийн сэдэвт маш өнгөцхөн анализ хийж үзлээ. Даалгавруудын нилээд нь алдаатай томьёологдсон, сорил зөв хариугүй байх, даалгавруудыг хөнгөнөөс хүнд рүү байрлуулаагүй, бодлогын зураг алдаатай зурагдсан, сонгох хариутай 20 даалгавар дотор задлан шинжлэх түвшний даалгавар байхгүй байсан зэрэг дутагдлууд илэрч байна. Үндсэндээ өнгөрсөн улсын шалгалтын болон чанарын үнэлгээний сэдэв, сорил зохиоход гарсан дутагдал давтагдсан байна. Энэ байдлаар бол бага боловсролын улсын математикийн шалгалтын сэдэв, сорил зохиоход гарсан өнгөрсөн жилийн алдаа дахин давтагдах магадлал өндөр байна. 

Тавдугаар ангийн “Хүн ба байгаль” хичээлийн чанарын үнэлгээний шалгалтын сэдэв, сорилд ч даалгаврын тавил оновчгүй томьёологдсон, хоёр зөв хариутай, даалгаврын нөхцөл дутуу зэрэг алдаанууд байгааг хэлэх нь зүйтэй. 

Өнгөрсөн хичээлийн жилийн суурь боловсролын математик, байгалийн ухаан, нийгмийн ухааныхичээлүүдийн  улсын шалгалтын сэдэв сорил бас л хангалтгүй түвшинд зохиогдсон байсан. Улсын шалгалт сар хүрэхгүй хугацааны дараа болно. Гаргасан алдаа дутагдалдаа зохих ёсоор дүгнэлт хийж, түүнийг давтахгүй байх, улсын шалгалтын сэдэв сорил зохиох, шалгалт авах ажилд Яам, хүрээлэн нь зохих хяналт тавьж ажиллаасай гэсэндээ үүнийг дурдаж байна. 
[ 2 ] Батболд66.181.185.XXX
2017 оны 10-р сарын 8. Ням гариг.
үргэлжлэлийг нь тавибал зүгээр юм даа.
[ 1 ] Оюунцэцэг Ноокоо202.9.41.XXX
2017 оны 5-р сарын 23. Мягмар гариг.
Батболд багшдаа баярлалаа. Их зөв ярилцлага болжээ. Үнэлгээний даалгавар тун ээдрээтэй байна. Сайн мэргэжилтэнүүд сонгож ажиллуулах шаардлагатай. Таны ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
7 цаг 15 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
7 цаг 34 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 29
Өнөөдөр 882
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4799
Энэ сард 42730
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348504

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...