Үзсэн тоо: 941
0
0
Хаврыг шинж
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 5-р сарын 1. Даваа гариг. asdf
Хаврын эртэч ургамал

Хаврын урь орж цас ханзрахтай зэрэгцэн, хамгийн эрт ургаж цэцэглэдэг ургамлыг эртэч ургамал гэнэ. Энэ үед анхны ногоо цухуйж, ургамал навч нахиагаа дэлгэх нь содон сайхан ч хавар эрт цэцэглэж, орчиндоо өнгө нэмдэг гоёмсог тод цэцэгт ургамлыг хараад хэн хүнгүй баясаж, ирж яваа урин цагийн догдлол тээдэг билээ.   
Аливаа ургамал хаана, хэдийд, хэдий тоо хэмжээтэй ургах вэ гэдэгт олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал гэрэл, дулаан, хөрсний болон газар нутгийн онцлог, усны хүрэлцээ хангамж, улирлын болон өдрийн хэмнэл зэрэг сав ертөнцийн хүчин зүйлсээс гадна бусад амьд ургамал, амьтны зүгээс үзүүлэх шим ертөнцийн хүчин зүйл ч мөн нөлөөлнө. Тухайлбал навчит мод хүйтэн өвлийн дундуур навч нахиагаа дэлгэж, гоёмсог сараана цэцэг тоос хүртээгчээ байхгүй үед дэлбээгээ нээвэл юу болох билээ? Хөлдүү хөрсний хөлдсөн ус навчаар зөөвөрлөгдөх боломжгүй тул навч шим тэжээлийн бодисоо бий болгож чадахгүй, тоос хүртээгч шавж байхгүй бол сараана цэцэг үржих боломжгүйд хүрч, ургамал ургаж хөгжих нөхцөлгүй болно шүү дээ. Тэгэхээр аливаа ургамлыг тодорхой газарт, тодорхой хугацаанд ургахад өөрийнх нь онцлогоос гадна орчны эерэг, сөрөг, амьтай, амьгүй бусад олон зүйл нөлөөлдөг байх нь.
Хавар эрт ургадаг ургамал юуны өмнө өлчир, гэрэлсэг байхаас гадна байгалийн нөөцийг бусад ургамал гарахаас урьтаж ашиглаж чаддаг онцлогтой. Ойд, тэр тусмаа навчит ойд ургадаг хаврын эртэч ургамлууд ойн моддыг навчилж, титэм нь бүрхэхээс өмнө ургаж, навч цэцгээ дэлгэдэг. Эртэч ургамал ойн хөрсөн дээр тусах гэрэл, дулааныг бусад ургамлаас өрсөж ашиглаад богино хугацаанд хагдарна. Удалгүй мод сөөг навчилж, сүүдэр үүсээд ирэхийн цагт ихэнх олон наст эртэч ургамлын газрын дээрх амьдрал завсарлаж, хөрсөн доор байх нөөцлөгч эрхтэндээ шим тэжээлийн бодис хуримтлуулж эхэлдэг. Хавар хамгийн түрүүнд ургадаг эртэч ургамлууд дараа жил хэрэглэх энэхүү нөөцөө өвлийн цагт сонгино, булцуу, үндэслэг иш зэрэг нөөцлөгч эрхтэндээ хадгалдаг онцлогтой. Харин уулархаг нутгаар ургадаг зарим эртэч ургамал хөлдөх даарахаас хамгаалж давс хуримтлуулсан байдаг. 
Бидний сайн мэдэх хүнсэндээ хэрэглэдэг сонгино бол нөөцлөгч эрхтний тод жишээ юм. Сонгино тэжээлийн бодис хуримтлуулахаас гадна бэлгийн бус үржил явуулах үүрэгтэй. Сонгино үүсгэдэг хаврын эртэч ургамлын жишээ нь хүмүүсийн олон зуун жилийн өмнөөс тарималжуулсан алтанзул цэцэг билээ. 
 
 

Зураг: Тарьмал алтанзул

Алтанзул цэцэг үндэс хэсэгтээ сонгинотой харагдаж байна. Ургамлыг хагдарсны дараа газар дор үлддэг энэ сонгинын дотор дараа жил ургах, иш, навч, цэцэг бүхий бүхэл бүтэн ургамал “нуугдсан” байдаг нь соньхон. 


 
Зураг: Тарьмал алтанзулын сонгинын бүтэц

1. Сонгинын гадна талын хальс хатах, хөлдөхөөс хамгаална.  
2. Хальсны дотор талаар байх шүүслэг хайрснууд бол навч юм. Энд шим тэжээлийн бодис нөөцлөгдөнө. 
3. Сонгинын төв хэсэгт цэцгийн нахиа бий. 
4. Сонгинын суурь орчим дахь хажуугийн сонгиноос ирэх жил шинэ ургамал ургана.
5. Жил бүр төл сонгино үүснэ. Үүгээр ургамал үржих боломжтой. 
6. Сонгинын суурь хэсэгт богиносож бүдүүрсэн иш бий. Үүн дээр навчнууд бэхлэгдсэн байдаг.
7. Харин суурийн доод хэсэгт үндэс байна. Үүгээр сонгино хөрснөөс ус, эрдэс бодисыг авна. 
Харин одоо сонгино, булцуу зэрэг нөөцлөх эрхтэн үүсгэдэгүй ч бидэнтэй хаврын түрүүчээр хамгийн их таарч, урин цаг ирснийг илтгэдэг өөрийн орны ургамлаас цөөн хэдийг дурдъя.  

Яргуй бол бидний хамгийн сайн мэдэх хаврын анхны цэцэг билээ. Манай оронд хөх яргуй, шар яргуйн аль аль нь бий. Хөх яргуй нь дотроо хигмэл яргуй, хонхолдой яргуй, хөх яргуй, Турчаниновын яргуй гэх мэт 6 өөр зүйлтэй. Яргуйн цэцэг хаварт хэдхэн өдөр цэцэглээд хагдрах боловч хур бороо элбэгтэй жилд намар дахин цэцэглэж хэнзрэх нь бий. 
Хүмүүсийн хаврын шар цэцэг гэж нэрлэдэг, уулын хээрээр хавар эрт ургадаг цэцгийг шинжлэх ухаанд ишгүй гичгэнэ буюу навтуул гэдэг. Энэ цэцэг мөн л хавар айлчлан ирснийг илтгэж, яргуйтай зэрэгцэн баяр хөөр нэмдэг эртэч ургамлын нэг. 
Эдгээр цэцгээс гадна хүмүүсийн анзаардаггүй, хавар эрт цэцэглэдэг ургамалд шинэс буюу хар мод орно. Шинэсний улаан ягаан гоёмсог эм цэцэг нь аргагүй хаврын улирал ирж, хамаг ургамал амьтан амилсны гэрч болдог. Шинэсний цэцгийг зөвхөн ажигч нэгэн олж харж, гоо үзэмжийг нь гайхан баясаж байхад дэлбээгээ нээсэн гүйлс, буйлсын цэцгийг харахгүй, бахдахгүй өнгөрөх хүн үгүй биз ээ. Жимсний ургамал дотроо эртчэд тооцогдох энэ хоёр ургамал төд удалгүй дэлбээгээ гөвөхтэй зэрэгцэн өрөл, моносны нүд булаам цагаан цэцэгс орчныг чимж эхэлдэг.
 
Мөн бургас, хус, улиас зэрэг мод эрт цэцэглэх хэдий ч цэцэг нь нүдэнд төдийлөн тусдаггүй тул хүмүүс тэр болгон анзаардаггүй.  

Тун удалгүй багваахай, хаварсал цэцэглэж, эртэч цэцэгс зунтай золгон, өнгө нэмж алаглан айлсана.  

МУИС-ийн Экологийн боловсролын төв
Док. Р.Сүнжидмаа 

"Бага ангийн багш" сэтгүүлийн 2017 оны 3-р сарын 3/72 дугаараас

Яргуй
 

 

Гичгэнэ
 

 
Хаварсал, багваахайтай нуга

  

Хаварсал
 


Багваахай
 

Гүйлсний цэцэг
 

Буйлсны цэцэг

 

Шинэсний эм цэцэг
 

Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр зураг, эхийг сурах бичиг, сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сурталчилгааны ажил зэрэгт авч ашиглахыг хориглоно. 

[ 1 ] марал202.55.191.XXX
2017 оны 11-р сарын 7. Мягмар гариг.
Шинэсний цэцэгний зураг нь миний авсан зураг байна зөвшөөрөлгүй л тууж дээ.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 56
Өнөөдөр 3471
Өчигдөр 4383
Энэ 7 хоногт 3924
Энэ сард 43049
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5254078

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...