Үзсэн тоо: 363
0
0
Док.проф. Дамиан Миллер: Хүүхэд сууж, хичээлээ хийж сурах бол эцэг эхчүүдийн биш, багш нарын үүрэг.
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 4-р сарын 3. Даваа гариг. asdf
Швейцарь улсын Тургау хотын Багшийн дээд сургуулийн Сэтгэл судлал, заах аргазүйн тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч, доктор профессор Дамиан Миллер 3-р сарын сүүлийн баасан гаргуудад бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй уулзаж зөвлөгөө өглөө. 
Профессор Дамиан эцэг, эхчүүдэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхийг зааж зааварлахыг зорьсонгүй. Тэрээр монгол эцэг, эхчүүдэд ямар асуудал тулгардгийг мэдэж, үүнд ардчилсан хүмүүжлийн арга нэвтэрсэн Швейцарь улсад хэрхэн ханддаг болон олон улсын хандлага ямар байгааг хэлэхийг хүсжээ.

Уулзалтад эцэг, эхчүүд олноор ирж, тулгамдсан асуултуудаа тавьж зөвлөгөө өгөхийг хүсэж байлаа. Энэ нь манай улсад сурахуйн сэтгэл судлал бараг хөгжөөгүй бөгөөд эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сурах үйлийг хэрхэн дэмжих талаарх мэдлэг, мэдээлэл шаардлагатай байгааг харуулж байна.

Ингээд уулзалтаар өрнөсөн асуулт хариултуудаас товчлон сийрүүлье:

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЦАГИЙГ ХАМТДАА, ИДЭВХТЭЙ ӨНГӨРҮҮЛ 

Асуулт: Би одоо 30 настай, гэр бүл төлөвлөх талаар мэдэхгүй, залуу байхдаа хүүхэд төрүүлсэн. Ажил, сургуулийн эрхээр хүүхдээ ээж, ааваараа өсгүүлж байна. Ажлын зав чөлөө гарсан үед л хүүхдэдээ, аав, ээждээ очдог. Сүүлийн үед хүүхэд маань биднээс улам л холдоод, гомдоод, эмзэг болоод байна. Бид яаж хүүхэдтэйгээ ойр болох вэ?

Проф. Миллер: Яагаад хамт байж чадахгүй, эмээ өвөөтэй нь орхиж байгаагаа хүүхдэдээ тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Ихэнх эцэг эх хүүхдээ балчир, ойлгохгүй байх гэж боддог. Гэтэл хүүхэд бидний бодсоноос хамаагүй эрт юмыг ойлгодог. Мөн уулзах давтамжаа, харилцаагаа улам сайжруулахыг хичээх хэрэгтэй. Эцэг эх хүүхэдтэйгээ хамт байх цагийг хэрхэн ашиглаж байгаагаас хамаарч “Чанарын цаг” гэж ойлголт байдаг. 
Чанарын цаг бол таны хүүхэдтэйгээ хэдэн цаг хамт байгааг биш, хэдэн цагийг хамтдаа идэвхтэй харилцаж өнгөрүүлснийг илэрхийлдэг. Хамтдаа хоол хийх, хүүхдэдээ ном уншиж өгөх, уншсанаа ярилцах, хамт тоглох зэрэг нь чанарын цагт хамаарна. Орчин үеийнхэн ажилдаа ихэнх цагийг зарцуулж, хүүхдэдээ анхаарах, цаг гаргах нь багассан. Гэхдээ өглөө шүдээ угаахаас эхлээд өдөр тутамд хийдэг байнгын бүхий л үйлдлээ чанарын цаг болгож болно. Ийм байдал л эцэг эх, хүүхдүүдийг ойртуулдаг. Хүүхэдтэйгээ багаас нь үргэлж ярилцаж, хамт байж сурахгүй бол өсвөр наснаасаа эхлэн эцэг, эхээсээ улам хол хөндий болж, харилцах нь улам багасдаг.

КОМПЬЮТЕРЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ, ХАРАГДАХ ГАЗАРТ БАЙРШУУЛ

Асуулт: Манай хүү компьютер, гар утсаараа тоглож маш их цагийг өнгөрүүлж байна. Бид хориглоод ч үр дүнд хүрэхгүй байна. Олон цагаар тоглох нь буруу гэдгийг ойлгож байна л даа. Бага ангийн хүүхдийн цахим төхөөрөмж хэрэглэх зохистой хугацаа нь хэд вэ?

Проф. Миллер: Хүүхдүүд хэвлэл мэдээллийн маш олон хэрэгсэлтэй харьцах боломжтой. Интернэтийн хязгааргүй орчинд дураар нь аялуулж болохгүй. Швейцарьт үүн дээр маш их хяналт тавьж, хязгаарладаг. Жишээ нь, Гимназид сурдаг 17 настай хүүхэд хичээлээ хийхийн тулд интернэт ашиглаж байна. Хэдийгээр хичээлээ хийж байгаа ч интернэтийн хэрэглээг нь тодорхой цагаар хязгаарлах нь зөв. Тиймээс манайд бол тэднийг оройн 9 цагаас хойш интернэтэд оруулахгүй хязгаарладаг жишээтэй. 
Манай улсад хүүхдийг цэцэрлэгт байхаас нь ямар сайтыг ашиглаж болох, болохгүйг заадаг. Компьютер зэрэг цахим хэрэгслээ зочны өрөөнд, аль болох хүний нүдэн дээр харагдаж, хяналт тавих боломжтой  газар байрлуулах хэрэгтэй. 

ХҮҮХДИЙГ СУУЛГАЖ СУРГАХ НЬ БАГШИЙН ҮҮРЭГ



Асуулт: Манай хүү хоёрдугаар ангид сурдаг. Тогтож сууж хичээлээ хийдэггүй, маш хөдөлгөөнтэй. Ийм хүүхдийг яаж суулгаж сургах вэ? 

Проф. Миллер: Хүүхдийг суулгаж сургах нь эцэг, эхийн үүрэг биш багшийн үүрэг. Эцэг, эх хүүхдэдээ хайраа мэдрүүлж, хүүхдээ сэтгэл хангалуун байлгах үүрэгтэй.  Харин хүүхэд хичээл дээр анхааралтай томоотой суух бол багшийн зохицуулах, сургах асуудал. Сайн багшийн хичээлд хүүхэд дуртай байдаг. Багш шавь нараа хайрлаж хандах нь их чухал, сургалтад ч маш их ач холбогдолтой. Багшийн зааж байгаа хичээл сонирхол татаж байвал хүүхэд албадлагагүйгээр аяндаа анхаарлаа төвлөрүүлнэ.

Эцэг эхчүүд хүүхдээ хичээлээ хийсэнгүй, хичээлдээ анхаарсангүй гэж загнаж, шийтгэж, хүчээр суулгаж болохгүй. Энэ нь сайнаар биш сөргөөр нөлөөлнө. Хүүхэд хичээл, сургуульд дургүй болно. 

МИНИЙ ХҮҮ АНГИЙН ОНООГ БАЙНГА ХОЙШ ТАТДАГ

Асуулт: Манайх 2-3 дугаар ангийн хоёр хүүтэй. Манай том хүү Монголын боловсролын салбарын стандартаар мууд нь орж байгаа. Хүүхдүүд маань хувийн сургуульд сурдаг. Сургуулиас багш нартаа хатуу шаардлага тавьдаг. Миний хүү спортдоо сайн, зураг зурахдаа сайн, ном унших дуртай гэх мэтээр би маш олон сайн зүйлийг хүүгээсээ харж байгаа. Гэхдээ математикт сайн биш, ангийн онооноос байнга хойш татдаг. Тэглээ гээд би хүүгээ хэзээ ч буруутгаж байгаагүй. Гэхдээ анги дотроо “Ээж ээ, би муу” гэж өөрийгөө муугийн стандартад оруулдаг.

Ангийнхан нь, багш нь тэгж ханддаг учир “Муу авлаа гээд ээж нь хүүгээ загнахгүй” гэж би ганцаараа хэчнээн хэлж, хүүгээ сэтгэлзүйн хувьд дэмжээд үр дүнд хүрэхгүй байна. Миний хүүгийн дүн ангийн оноонд муугаар нөлөөлж байгаа нь үнэн. Эндээс би манай боловсролын систем өөрчлөгдөх болсон юм болов уу гэж боддог. Намайг ингэж ярихад багш нар, эцэг эхчүүд ч “тэс хөндлөн” юм ярилаа гэж хүлээж авдаг. Би маш жижигхэн, хүүгийнхээ төлөө юу ч хийж чадахгүй болсон юм шиг санагддаг.

Проф.Миллер: Таны асуултад би эсэргүү хариулт хэлье. Хүүхдийнхээ яг юуг нь дэмжих хэрэгтэйг бодох хэрэгтэй. Ийм хүүхдүүдийг уг нь багш олж хараад, тусгай материал, тусгай аргаар сонирхлыг нь дэмжих ёстой юм.

Жишээлбэл, миний охин хэрэв сургууль байдаггүй сэн бол математикийн хичээлийг хэзээ ч сонирхохгүй. Бид нар хүүхдийнхээ онцлогт тохирсон материалууд ашиглаж, өдөр тутамд нь хэрэг болдог зүйлийг бодуулж үзсэн. 
Эцэг, эх хүүхдээ хичээлдээ томоотой сууж, шүлгээ чээжилж байна уу гэх мэт зүйлд санаа зовоод байх ёсгүй юм. Гол нь хүүхдийн оюун ухаан хөгжиж байна уу, бодож байна уу гэдэг тал дээр дэмжиж, анхаарах хэрэгтэй. 

ГЭРИЙН ДААЛГАВАР ХИЙХ ХУГАЦАА 10 МИНУТААС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ  

Асуулт: Монголын нөхцөлд “Хүүхдийг суулгаж сургах нь багшийн үүрэг” гэж хэлэхэд багш “Танай хүүхэд чинь л  болохгүй байна. Бусад нь зүгээр суугаад хичээлээ хийдэг” гэсэн тайлбар хэлэх нь түгээмэл байдаг гэж лавшруулсан асуултад: 

Проф. Миллер: Би бага сургуулийн багш байхдаа эцэг, эхчүүдэд хэн ямар үүрэгтэйг тайлбарладаг байсан. Ингэхдээ “Би танай хүүхдэд хичээл заана, хичээл хийж сургана. Та хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүл, хайр халамжаа үзүүл” гэж хэлдэг байсан. 
Хүүхэд хичээлээ хийж байхдаа хөдөлж, босож суугаад байж болно. Тэдэнд хөдлөх хэрэгцээ шаардлага бий. Нэг, хоёрдугаар ангийн хүүхдийн хичээлдээ анхаарал төвлөрөх хугацаа 10 минут л байдаг.  
Та 5-6 настай хүүхдийг хэдэн цагаар суугаад гэрийн даалгавар хийнэ гэсэн үлгэр битгий бод. Үнэхээр даалгавар ихтэй байвал 10 минут суулгаад, цугтаа цай уух, гадаа гарах зэргээр сэргээж байгаад эргэж хичээлээ хийж болно. Хүүхдийн тархи ажиллахын тулд хөдөлгөөн хэрэгтэй. Бага ангийн хүүхдийн бие махбодийн онцлогийг маш сайн ойлгосон сургууль тэр орчныг нь бүрдүүлдэг. Манайд бага ангийн хичээлд хөдөлгөөнийг ихээр ашиглах, хөдөлгөөнт хичээл зохион байгуулахад ихээхэн анхаарч байгаа. 



ХҮҮХЭД 14-15 НАСНААСАА Л “БИ СУРАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА” ГЭЖ УХАМСАРЛАЖ ЭХЭЛДЭГ. 

Асуулт: 7 настай хоёрдугаар ангийн хүүтэй ээж: “Миний хүү гэрийн даалгавраа хийчихвэл тоглоно” гэсэн хөшүүргээр хичээлээ хийдэг. Миний хувьд хүүгээ эрдэм ном сурахын чухлыг ухамсарлаасай гэж хүссэн ч тийм түвшинд хүрэхгүй, зорилгоо  ойлгохгүй байна. Хэдэн насандаа эрдэм ном миний ирээдүйн амьдралд хэрэгтэй гэж ойлгох бол. Уг нь сурлага сайтай, би энэ шалгалтыг өгнө гэж ухамсарласан үедээ даалгавраа 100 хувь хийж чаддаг. Заримдаа би хүсээгүй, ойлгоогүй гэх мэт хэнэггүй хариулт өгдөг.

Проф Миллер: Эрдэм ном сурах тухайд хүүхэд бүр өөр өөрийнхөө бяцхан ухаанд тунгаан бодсон байдаг. Нэг хэсэг нь би үүнийг заавал хийнэ гэж боддог бол зарим нь өөрийн хүссэнээ л хийнэ гэдэг. Тэгэхээр хөдөлгөөнтэй, тоглох дуртай, тоглох шаардлагатай болохоор түүнийгээ хийж байгаа хэрэг. Харин эсрэгээрээ энэ үедээ тоглох сонирхолгүй, хөдөлгөөн муутай бол санаа зовох хэрэг.  Хүүхэд тоглонгоо хөгждөг. Компьютероос өөр, тоглоомоороо эсвэл гадаа гараад тоглож байвал ямар ч асуудалгүй.

Та хүүхдээ эрт ухамсарлуулах гээд байх шиг байна. Хүүхэд 14, 15 наснаасаа л сурах хэрэгтэй гэж ухамсар сууж эхэлнэ. Нэг, хоёрдугаар ангид хүүхдийг ухамсарлуулах гэж хичээх нь насных нь онцлогт тохирохгүй. Хүн бүхэн өөр өөр. Швейцарьт “цэцэг дэлгэрэх, дэлбээлэх” гэж ойлголт байдаг. Хүүхэд дэлбээлэхийн тулд тоглох хэрэгтэй. Би өөрийнхөө туршлагаас харахад манай улсын боловсролын системээр бол хүүхэд хоёр дахь түвшний буюу есдүгээр ангийн 14-15 настай болж байж сурах ёстойгоо ухамсарладаг гэж үздэг. Тэгэхээр танай хүүхэд хичээлээ хийчихээд тоглоно гэж байгаа нь буруу биш. Өөрийнхөө хэмжээнд ажлаа тооцоолоод сурах үйл явц үргэлжилж л байна гэсэн үг.

АЛДААГ ХҮҮХДЭЭСЭЭ ХАЙХ ХЭРЭГГҮЙ

Асуулт: Би хоёрдугаар ангийн хүүтэй. Манай хүү юмыг хурдан ойлгодог, Хичээлээ сайн хийдэг. Сүүлдээ хичээлээсээ уйдаж эхэлж байна. Сургууль яагаад ийм уйтгартай юм бэ, залхаж байна гэдэг. Сүүлдээ гэрийн даалгавраа хийх дургүй болж байна. Үүнээс болоод юманд хариуцлагагүй болж, нямбай байдал төлөвшихгүй байх вий гэж санаа зовж эхэлж байна. Үүнийг яаж зохицуулах вэ?

Проф. Миллер: Энэ бол сэтгэл зовоосон асуудал. Манайд ч ийм асуудал байдаг. Хүүхэд анх сургуульд маш их сонирхолтой, сэтгэл дүүрэн ордог. Харин хоёрдугаар ангиасаа сургалтын агуулга, орчин зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж сурах сонирхол нь буурдаг. Уншаад, бичээд сурчихлаа, тоо бодож бас чадна. Надад өөр юу хэрэгтэй юм бэ, сургуулиар яах юм бэ? гэсэн ойлголт төрж болох юм. Энэ нь хүүхдийн буруу биш. Алдааг хүүхдээсээ хайх хэрэггүй. Энэ бол боловсролын системийн гажуудлаас үүссэн асуудал. 
Энэ тал дээр ”7 адилын асуудал” гэж ойлголт байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, нэг багш, нэг ангийн сурагчдад, нэг анги танхимд, нэг цаг хугацаанд, нэг л сургалтын хэрэглэгдэхүүнээр, нэг сэдвийг, нэг аргаар зааж байвал энэ нь сурагчдын гуравны нэгт тохирно, гуравны нэгт ахадна, гуравны нэгт нь хөнгөднө. Учир нь хүүхэд бүр өөр өөр хүлээж авах сувагтай, өөр өөр сонирхолтой. Тиймээс багш нэг агуулгыг мэдрэхүйн олон сувгаар таниулах, хүндрэлийн түвшнээр ялгаатай дасгал даалгаврууд өгөхийг хичээх хэрэгтэй.     

Танай хүүхэд багшийн заасан хичээл, өгсөн даалгаврыг сайн ойлгож байгаа бол санаа зовох хэрэггүй гэж бодож байна. Гэрийн даалгаврын хувьд, нэгэнт сургуулиас ийм даалгавар өгсөн учир хийх ёстой, үүрэгтэй гэдгийг хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Тэгээд дээр дурдсанчлан завсар дунд нь хүүхдээ богино хугацаанд өөр зүйл хийлгэж сэргээх хэрэгтэй. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

орч. Г.Ариунцэцэг

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 67
Өнөөдөр 997
Өчигдөр 4121
Энэ 7 хоногт 0
Энэ сард 36192
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5247221

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...