Үзсэн тоо: 292
3
Э.Дуламсүрэн: Бид хүүхдээ толгой дээрээ гаргачихаад алдаагаа залруулах гэж гар хүрдэг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 12-р сарын 8. Пүрэв гариг. asdf
Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Тэрхүү зөрүүд, дураараа “хэцүү” хүүхдийг хэн төрүүлдэг вэ, хүүхдэд алганы амт үзүүлэх нь оновчтой арга мөн үү, тэднийг хэрхэн хүмүүжүүлэх вэ гэх асуултуудад Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал төслийн ажилтан Э.Дуламсүрэнтэй хариулах болно. Тэрбээр олон жил хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласан, хүүхдийн хүмүүжлийн талаар мэргэшсэн мэргэжилтэн юм.
ХҮҮХЭД ГЭХ ЦАГААН ЦААСАН ДЭЭР БИД ӨӨРСДӨӨ САРААЧЧИХААД ТЭДНИЙГ БУРУУТГАДАГ

-Хүүхэд зодуулж өссөнөөр буруудахгүй гэх нь бий. Алганы амтыг хүчирхийлэл гэдэгтэй зарим эцэг эх төдийлөн санал нийлдэггүй. Энэ талаар яриагаа эхэлье.
-Хүчирхийлэл хаана хамгийн их гардаг вэ. Энэ асуултад ихэнх нь гудамж, сургуулийн орчин, асрамжийн газар гэх мэтчилэнгээр хариулж магад. Гэтэл эсрэгээрээ бидний хамгийн амар тайван гэгдэх гэр бүлд гардаг гэвэл чи итгэх үү. Тэнд л хүүхэд хүчирхийллийн золиос болж байдаг. Үүний дараа сургууль, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага, гудамж талбайд хүчирхийлэл болдог. Гэтэл ээжүүд гадуур явахдаа аюулгүй байдлаа илүүтэй ханга гэж захидаг. Бодит байдал дээр хамгийн их дарамт болдог орчин нь гэр бүл гэдгийг тэр бүр анзаардаггүй. Бүгд л загнуулж зодуулж өссөн, буруудсан юм алга гэнэ. Зодуулснаар муу зүйл болохгүй гэж ихэнх нь үйлдлээ зөвтгөдөг. Нэг жишээ авъя л даа. Ажлаа хийж байхад дарга чинь “Чи энэ үгийг буруу бичээд байхдаа яадаг юм” гээд толгой руу чинь цохиод авбал ямар санагдах вэ. Ажилдаа явахаасаа залхаад, даргадаа гомдоно биз дээ. Хүүхэд яг үүнтэй адилхан шүү дээ. Хүүхдийг оролдлого хийж байхад чадахгүй байна гэж зодвол үүнтэй л адил шантарна. Бид өөрсдөө асуудалд ач холбогдол өгч сүр болох хэрнээ хүүхдээ загнаж, зодохдоо юмны чинээ боддоггүй.

-Хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхчүүд ямар нийтлэг алдаа гаргадаг вэ?
-Хүүхдийн хүмүүжлийн асуудалд эцэг эхчүүд тэнцвэрээ барьж чадахгүй байгаа нь нийтлэг. Хүүхдээ хэт эрхлүүлж хүссэн болгоноор нь цатгаж дийлдэхээ болингуут засаж авах гэж гар хүрдэг. Хүссэн болгоныг нь өгснөөр хүүхдэд эцэг эхийн цалин хязгааргүй эх үүсвэртэй юм шиг л төсөөлөгдөнө. Улмаар эцэг эхийнхээ гэнэтийн шаардлагыг ойлгохоо байж эсэргүүцэж эхэлдэг байна. Хүүхэд өснө, насанд хүрнэ гэдгийг бодож юун дээр “За” гэж хэлэх, юун дээр “үгүй” гэж хэлэхийг ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид тэнцвэрийг нь олж чадахгүй байна. Хүүхдээ хүмүүжүүлэх аргад суралцмаар байгаа юм.

-Зөрүүд, сахилгагүй, дураараа нь дийлдэхгүй “Хэцүү хүүхэд”-ийг хэн төрүүлээд байна?
-Хүүхдийг яагаад “хэцүү” болгочихов гэдэгт эцэг эхчүүд тогтож бодох ёстой. Буруугаа хүүхдээс бус томчуудаас хайх нь зөв. Хүүхэд бол цагаан цаас. Гэтэл бид тэр цаасан дээр өөрсдөө сарааччихаад биччихээд эцэст нь залруулж чадахгүй хүүхдээ буруутгаж суудаг. Тэрийг л бодох хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил хамгийн ойр байгаа хүнээс шууд хамааралтай.

“ХАРИУГ НЬ АДИЛХАН БАРЬ” ГЭЖ ЗӨВЛӨХ НЬ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДЭМЖИЖ БУЙ ХЭЛБЭР

-Эцэг эхчүүд санамсаргүй байдлаар хүүхдээ хүчирхийлэгч болох эхлэлийг нь тавьдаг гэдэг?
-Хамгийн энгийн жишээ. Нэг эх хүүхдээ цэцэрлэгт өгөх үедээ “Хүүхдэд зодуулж болохгүй шүү. Нэг бол зодолд, эсвэл зугтаа” гэж хэлжээ. Тэр бол хүчирхийллийг дэмжиж байгаа хамгийн энгийн жишээ.

-Манай найзын охин нэг удаа цэцэрлэгийнхээ хүүхдийг хазаад иржээ. Гэтэл өнөөх хүүхэд үе тэнгийн жаалын гарын базалтыг тавиулахын тулд хазсан байв. Эцэг эхчүүд үүнд янз бүрийн л хандлага гаргах байх. Зарим нь адилхан хариу барих нь зөв гэсэн бол өөр бусад нь охиныг буруутгаж магад. Таны хувьд аль нь зөв сонголт байсан бэ?
-Охины зөв. Гадны халдлага болоход хүний өөрийгөө хамгаалах хариг урвал үйлчилнэ. Базалтыг тавиулах, өөрийгөө хамгаалах гэж байгаа хэлбэр. Тэгэхээр эцэг эхчүүд аргыг нь зааж өгөх хэрэгтэй. Заавал хүч хэрэглэх бус зайгаа барих, холдох, дургүйгээ илэрхийлэх, багшдаа мэдээлэх зэрэг зөвлөгөөнүүдийг хэлэх нь зөв. Түүнээс бус хүүхэд чамайг хазвал хаз, базвал баз, зодвол зод гэж сургаж болохгүй.

-Хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал үе хэзээ байдаг вэ. Японд бол гурван нас оройтно гэдэг юм билээ?
-0-5 насандаа хүн 70 хувийн төлөвшлөө олдог нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл тэр үед нь хүүхдийн шийтгэлийг дэмжээд, буруу үлгэрлээд байвал асуудлыг хүчээр шийддэг болно. Хүүхдийг 0-5 насанд эцэг эхчүүд яагаад алддаг вэ гэхээр дийлэнх нь цэцэрлэг, эмээ өвөөд найддаг. Боловсрол олгох үед нь болоогүй гэж боддог. Боловсрол, хүмүүжлийн асуудлыг сургуульд авч байгаа дүнгээр дүгнэдэг.
Өнөөдөр хүчирхийлэл газар авч, хүүхдүүд гэмт хэрэгт илүүтэй холбогдож буй нь юутай холбоотой вэ? Бид нэг үеэ алдсантай холбоотой гэж би боддог. 1990-ээд оны үед хүн бүр л амьдрахын тулд наймаанд явсан, архинд ч орсон. Тэр үед хүүхдүүдээ орхигдуулсан юм болов уу. Тэр алдаа нь өнөөдрийн амьдралд илрэлээ олж байна.
Шведийн туршлага бий. 1976 онд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, шийтгэлийг бүх орчинд хориглосон. Өнөөдөр энэ орон хамгийн амар тайван орон болчихсон явна. Шийтгэлгүй орчинд хүүхэд асуудлыг эерэг аргаар шийдэх хандлагад суралцдаг. Нам тайван орчин, хүнийг хүндлэх ёсонд багаасаа суралцсан хүүхэд ирээдүйд хүүхдэдээ хүч хэрэглэхгүй шүү дээ. Хүчирхийллийн тойрог гэж бий. Аавыг өвөө, өвөөг аав нь зодож байсан гэх хүчирхийллийн урсгал үеийн үед дамжсаар ирдэг. Тэгвэл хаа нэгтэй үүнийг таслах ёстой.

БИД ӨДӨР ТУТМЫН ХЭВИЙН ҮЙЛДЭЛ, ДАРАНГУЙЛЛААРАА ХҮҮХДИЙГ НЭГ ХЭВД ЦУТГАЖ БАЙНА

-Эцэг эхчүүд хүүхдээ бие хүн гэж үзэлгүй өөртэйгөө харьцуулж, өөрийнхөөрөө байлгах гэж хичээдэг нь нийтлэг юм шиг?
-Хүүхдийн нас биеийн онцлогт таарсан хүмүүжлийн аргуудыг эцэг эхчүүд хийх ёстой. Чи бид хоёр гэхэд огт өөр хүмүүс. Хэн нэгэн нь чанга дуугарахад чи айх бол, надад ямар ч цочроо өгөхгүй байж болно. Үүгээрээ бид өөр. Эцэг эхчүүд биднээс зөвлөгөө авах гэж их ирнэ ээ. “Манай хүүхэд үнэхээр хэцүү юм аа” гээд нэгэн эх бидэнд хандав. Тэрбээр маш тайван, удаан хөдөлгөөнтэй хүн байлаа. “Манай хүүхэд хэтэрхий хөдөлгөөнтэй. Би сүүлдээ тэсэхгүй гар хүрч байна. Хэнийгээ дуурайсан юм бүү мэд” гэж тэр эх “зовлонгоо” тоочив. Хүүхдийн зан төлөв ээжийнхээс газар тэнгэр шиг зөрүүтэй. Удаан ээжийн урдуур хойгуур хүүхдүүд гүйлдэх нь ядаргаатай санагдаж өөр шигээ байлгахыг хүсэж эхэлдэг.
Хүүхдийн төрмөл зан чанарыг яагаад ч дарж болохгүй шүү дээ. Харин яаж зөв зохистой зүйл рүү нь дэмжих вэ гэдэгт толгойгоо гашилгах хэрэгтэй. Түүнээс биш өөрийнхөө хэмнэлд тааруулж хүүхдээ “Чимээгүй бай. Хөдөлгөөнгүй суу” гэж дарангуйлж болохгүй. Дэлхийд гоц ухаантан, Нобелийн шагналтнууд цөөн төрж байгаа нь үүнтэй ч холбоотой байж магад. Би бодохдоо 300 сая эсээс шалгарч гарсан эс хүн болдог гэхээр тэрхүү ген сайтай эс хэн болох нь эцэг, эхээс шалтгаалж байна. Бид өдөр тутмын хэвийн үйлдэл, дарангуйллаараа хүүхдийг нэг хэвд цутгаж байна. Үргэлжид “Чи чадна, бүтээнэ” гэж урамшуулбал тэд өөрийнхөө нөөц бололцоог ашиглан мэрийж эхэлнэ.
Олимпын мөнгөн медальт П.Сэрдамбын аав нь телевизээр “Манай хүүхэд их хөдөлгөөнтэй байсан. Хүүхдүүдтэй их зодолдоно. Тэгэхээр нь боксын дугуйланд оруулсан” гэж ярьж байхыг сонссон. Энэ маш сайн жишээ. Хэрэв томоотой байлгах гээд шатрын дугуйланд явуулсан бол өдийд амжилт гаргахгүй байлаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дарах л арга боддог болохоос төрөлх араншинг нь хэрхэн давуу тал болгон хөгжүүлэхэд ер анхаардаггүй.

-Тэгэхээр хүүхдийн сахилгагүйг дарах бус хэрхэн юунд чиглүүлэхийг хичээх хэрэгтэй юм байна. Тийм үү?
-Зарим хүүхэд шинж чанарын хувьд төрөлхийн загас байдаг бол өөр бусад нь яст мэлхий, морь байх жишээтэй. Морийг мориор нь л байлгаж дэмж. Бусдаас тусгаарлагдмал хүүхдийг нийгэмшүүлнэ гээд олон хүүхэд дунд хүчээр байлгах нь буруу. Магад тэр хүүхэд ганцаараа байхдаа илүү тайван байж болно.  
-Эцэг эхчүүдийн харилцаа хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлөх үү?
-Тэгнэ. Эцэг эхчүүдийн харилцаанаас хүүхэд ихийг сурч байдаг. Та нас өтөл үедээ хүүхдээсээ ямар харилцааг хүснэ тэр л уур амьсгалаар хүүхэдтэйгээ хандаж байгаарай. Хүүхдэдээ үргэлж уцаарладаг бол таныг өтөлсөн хойно хүүхэд тань тэгж л харилцах болно.

Сэтгүүлч Г.Одгарав | GoGo.mn


Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.
Ааднаас доор ээж
2017 оны 3-р сарын 6. Даваа гариг.
1-10 тоот дасгал
2016 оны 12-р сарын 5. Даваа гариг.
компаний
2016 оны 11-р сарын 30. Лхагва гариг.
hicheel
2016 оны 11-р сарын 9. Лхагва гариг.
архангай аймаг Эрдэнэбулган сум Хүүхдийн 12-р цэцэрлэг бэлтгэл бүлэг хөгжүүлэх үйл ажиллагаа бүлгийн багш Л. Дүүрнбилэг
2016 оны 11-р сарын 3. Пүрэв гариг.
"Багш, эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагаа" Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р цэцэрлэгийн багш Н.Цэрэндулам
2016 оны 10-р сарын 14. Баасан гариг.
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй технологи
2016 оны 10-р сарын 14. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 80
Өнөөдөр 470
Өчигдөр 1711
Энэ 7 хоногт 15655
Энэ сард 62174
Өнгөрсөн сард 75325
Нийт зочилсон 4409033

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    zaya
    Nona bagshiinhaa lektsend suuj bsiin nasaaraa huuhdiin tuluu zunduu zu...
    Зочин
    шалгалтанд өчнөөн бэлдэж бэлдэж ороод тестэн дээрээ өндөр оноо авчаад ...
    Зочин
    4,5 жил сурч төгсчөөд багшаар ажиллах эрхгүй төгсөнө гэж арай дэндүү ю...
    admin
    Бага ангид зурагт номуудыг ашиглах тохиромжтой. Хүмүүс зурагт номыг цэ...
    Зочин
    зурагтай эх хаанаас олж болох вэ? бага ангийн сурагчдад тохирсон