Үзсэн тоо: 1098
1
Тоглоом ямар утга учиртай вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 11-р сарын 2. Лхагва гариг. asdf
Сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс
Өнөөдрийн бидний гол сэдэв бол сургалт, хүмүүжлийн ажлыг тоглоомын аргаар зохион байгуулах буюу тоглоомын педагогик юм. 
Тоглоом гэж юу вэ?
Тоглоом гэдгийг тайлбарлах, томьёолох маш хэцүү. Учир нь түүнийг хүн бүр харж буй өнцгөөсөө янз бүрээр тайлбарладаг.  Гэвч бүх тодорхойлолт, тайлбарт дараах ухагдахуунууд нийтлэг дурдагдана: “Хөгжил зугаа”, “сайн дураараа, өөрөө”, “дүрэм”, “мэдрэмж”, “сэтгэл хөдлөл”,  “баяр хөөр”, “турших”. Эдгээр нь тоглоом гэдэг ухагдахууны мөн чанарыг илэрхийлнэ. 
Соёлын түүхийн үүднээс авч үзвэл тоглоом бол хүний, том хүний юу, хүүхдийнх үү хамаагүй,  хөгжлийн гол хөдөлгөгч хүч бөгөөд хүмүүжлийн үйл ажиллагааны бүх хэлбэр тоглоомоос үүдэлтэй.
  (Карл-Орф бага сургуулийн “Тоглоом бол сургууль” гарын авлагаас)
Сургалтын үүднээс тоглоом бол сэдэлжүүлэх, сурсныг бататгах ой тогтоолтын болон хичээлийн явцад идэвхжүүлэх, биеэ авч явах зан үйл, нийгэмшилд сургах үр дүнтэй, чухал хэрэгсэл.  
Тоглоомын хамгийн чухал шинж чанар бол Fun-зугаатай, хөгжилтэй байдал 
Хичээлд тоглоом ашиглана гээд олон багш ихээхэн цаг хугацаа, материал шаардах тоглоомуудыг бодож, хайж хүндрүүлдэг.  Үүний оронд цаг хугацаа, материал бага шаардах тоглоомуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Хичээлд хөгжилтэй түүх уншиж, сонирхолтой жишээ авч сурагчид жаахан ч болов инээж  байвал энэ бол fun-хөгжилтэй, зугаатай байдал. Багш хүн үүнд байнга тэмүүлж байх учиртай.    
Харин тоглоомыг сургалтын үр дүнтэй арга гээд хэт туйлширч, сонирхолгүй байхад хүчээр тоглуулах нь тоглоом биш болно. Хүүхдүүдэд тоглоом нь сонирхолгүй, зугаагүй байна гэж үзвэл тоглохоо больж, өөр тоглоом тоглох хэрэгтэй. “Тоглоом тоглоё” гэчихээд сонирхолгүй зүйлийг давтлага  мэт хүчээр хийлгээд байвал тоглоом тоглоом утгаа алддаг. Хожим нь сурагчид тоглоом тоглох ч дургүй болно.  

Эмпирик судалгаа: Хичээлийн ямар үед тоглоомыг ашигладаг вэ?
Крапманн, Хопф нар бага сургуулийн 200 гаруй багшийн хичээлд сууж, тэдэнтэй ярилцаж судалгаа хийжээ. Тэд багш нар яг практик дээр ямар үед хичээлд тоглоом ашиглаж байгааг дүгнэжээ.  Ажиглалтын үед яагаад тоглоом тоглуулсныг огт ойлгоогүй хоёрхон тохиолдол байжээ. Харин бусад бүх тохиолдолд тоглоом тоглуулсан нь дараах үүрэг функц буюу зорилгод нийцэж байжээ:
- Урамшуулал, амралт
Анги нь хичээлээ, дасгалуудаа сайн хийсэн бол шагнал болгож тоглоом тоглох. Үүнийгээ багш нар ихэвчлэн хичээл эхлэхэд зарладаг байна. Ингэснээр анги хийх ёстойгоо хурдан, томоотой гүйцэтгэдэг аж. Тэгсний дараа багш нар тэдэнтэй ихэвчлэн хүүхдүүдийн дуртай үг дамжуулах, таах зэрэг тоглоом орж буй хичээл, сэдэвтэй нь холбогдолгүй байсан ч тоглодог гэнэ. Үүнийгээ тэд огт муу гэж боддоггүй. Учир нь түүгээр ч хүүхдүүд маш ихийг сурч, ангийн,  хичээлийн уур амьсгал сайхан болдог аж.  
- Эмх замбараа, журам
Багш хүүхдүүдээс асуулт асууж, бүгд ам уралдан хашхирч замбараагүй байдал үүсгэхгүйн тулд олон багш гинжин хэлхээ тоглоомын арга зэргийг ашигладаг байна. Жишээлбэл, Ш авиа үзэж байхад багш хүүхдүүдээ тойргоор зогсоогоод бөмбөг авч, бөмбөгөө бариад: Хэн ш авиа орсон үг мэдэх вэ? гэж асууна. Хүүхдүүд бүгд л би, би хэмээн зүтгэнэ шүү дээ. Багш нэг хүүхдэд бөмбөгөө шидэж өгнө. Бөмбөг авсан хүүхэд ш авиа орсон үгээ хэлнэ. Бусад нв зөвхөн бөмбөг авсан үедээ үгээ хэлэх дүрэмтэй. Хэлсэн үг нь зөв бол, үүнийг хүүхдүүд өөрсдөө шүүнэ, тэр хүүхэд дараагийн хүүхдэд бөмбөгөө дамжуулна. Ингээд бөмбөг аль болох олон хүүхдэд очно. 
Ийм аргыг ялангуяа 1-р ангийн багш нар их ашигладаг байна. Учир нь хүүхдүүдэд ингэж ярианы дараалал, эмх журмыг ойлгуулах илүү амар байдаг аж.    
- Дасгал хийх, тоглонгоо сурах
Ялангуяа зөв бичих дүрэм болон бодолтын үндсэн үйлдлүүдийг давтах, бодож сурахад багш нар тоглоомын аргыг их ашигладаг. Жишээлбэл, бөмбөг авсан хүүхэд тодорхой үсгээр эхэлсэн үг хэлэх, эсвэл ялгахад хэцүү хоёр авиа, үсэгтэй үгийг зөв ялгаж хэлсэн бол суудалдаа суух,  үсгэн цөөрмөөс нэг үгэнд орох үсгүүдийг зөв олж загасчлах, үржихийн хүрдийн уралдаанд түрүүлсэн хүүхэд гэрийн даалгавар хийхгүй гэх мэт. Мөн зах болж тоглох, үлгэр, түүх уншаад жүжигчилж тоглох зэрэг нь түгээмэл. 
Жүжигчилсэн тоглолтод ангийн бүх хүүхдийг оролцуулахын тулд гол дүрүүдээс гадна хүүхэд бүр ямар нэг дүр авах хэрэгтэй. Энэ нь жиргэж буй шувууд, байшин, мод, цэцэгс, үүл гээд тухайн түүхийн дүрслэлд гарах юу ч байж болно. 
Ингэж тоглож дасгал хийх нь өөрсдөө хийж, тодорхой харж байж сурдаг бага ангийн хүүхдүүдэд маш тохиромжтой байдаг нь тодорхой. 
- Асуудал шийдвэрлэх 
Заримдаа сурагчид багшийн нүдний далдуур үймүүлж, зүгээр сууж чадахгүй бол энэ нь заавал анхааралгүй, үймүүлдэг, сурах дургүйн шинж байдаггүй. Тэд тэр сэдвээр ярилцаж чадахгүй, хүсэхгүй, эмзэг, ичимхий байдаг гэнэ. Энэ байдлыг даван туулахын тулд Крапманн/Хопф нар германы нэгэн сургуулийн 4-р ангийн “Хүний бие: эмэгтэй хүний сарын тэмдэг” сэдвээрх хичээлийн ажиглалт, тэмдэглэл хийжээ. Энэ хичээл дээр багш нь ариун цнюрийн хэрэглэл, тампоноор хүүхдүүдтэйгээ тэдгээр нь хэр их шингэнийг өөртөө шингээдэг туршил хийж,  эмэгтэйчүүд сарын тэмдэгнийхээ үеэр хэр их цус гадагшлуулдгийг тооцоолжээ. Крапманн/Хопф нар дээрх жишээгээр эмзэг сэдвийг багш хөндөж, илэн далангүй ярилгүй нуух нь үнэхээр бодит бус, хүмүүнлэг бус хандлага болно хэмээн онцолжээ. 
Крапманн/Хопф: Бага сургууль дахь тоглоом. Хүмүүжил сэтгүүл. 3/79. герман хэл дээр.

Тоглоомын аргаар сурах, сургах түүхээс

Тоглоомын аргаар сургах нь эртний Грек, Ромын үеийн Платон зэрэг сурган хүмүүжүүлэгчид, сэтгэгчдээс эхлэлтэй. Анхны тоглож сурах номууд дундад зууны үеийнх байдаг. Харин хүүхдийн сурах, хүмүүжихэд зориулж тоглоомд дидактик буюу заах аргазүйг боловсруулалт хийж ашиглах нь Комениусаас  (Манайхан түүнийг Коменский гэж нэрлэж заншсан)XVI зуунын үеэс эхлэлтэй.  Хербарт, Ницшэ,  Песталоцци, Кант, Шиллер, Мариа Монтессори зэрэг алдарт филоёофяид болон сурган хүмүүжүүлэгчид үүнийг цааш улам хөгжүүлж, өргөжүүлсэн. 
Гэвч нэгэн үе томчууд тоглоомыг ажил хөдөлмөрийн эсрэг, хүүхэд л хийх ёстой, зөвхөн зугаа цэнгэлийн төлөөх зүйл зэргээр үзэж эхэлснээр тоглоом сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд сөргөөр үнэлэгдэж байсан үе саяхан. Тиймээс онолын нухацтай мэдлэг чухалд тооцогдож, багш системтэй шинжлэх ухаанч мэдлэгийг зааж сургах ёстой байв. Аль XIX зуунд үүгээр бид том алдаж буйг Ницшэ онцлон тэмдэглэж “Бидний ухар бодолтой хүмүүс тоглоомыг зөвхөн хүүхдийн юм мэт, бид ямар ч тоглоом зугаагүй амьдрах насандаа байгаа мэт ярьж байна” хэмээж байв.
Харин сурахуйн конструктив онол болон тархи судлал,  тухайлбал ой тогтоолт судлалын сүүлийн үеийн нээлтүүдийн үндсэн дээр хичээл, хүмүүжлийн ажилд тоглоомыг ашиглах нь маш үр дүнтэй болох нь  тодорхой болсон. 
Хувь хүний болон нийгэмшихүйн чадварууд боловсролын гол зорилго болж буй өнөө үед тоглоомын ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Учир нь тоглоомоор хүн биеэ авч байдал, үйлийг туршиж, дуурайж, давтаж, дасгалжуулж, тогтоож байдаг. Тиймээс хичээл, сургалтын ажилд тоглоомыг ашиглах нь заах аргазүйн “Хаан” зарчим болж буй.   

Сурах үйл дэх тоглоомын ач холбогдол
Хүүхдүүд тоглонгоо ихийг сурдаг. Сайн тоглоом хүүхдийн бүхий л талын хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Ялангуяа сургуулийн бага ангид хүүхдийн тархины хөгжлийн чухал үе явагддаг бөгөөд түүнийг тоглоомын аргаар хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй. Тоглоом нь дараах чадваруудыг хөгжүүлдэг:
Логик сэтгэлгээ, стратеги бодож боловсруулах
Учир, уялдаа холбоог ойлгох
Төсөөлөн бодох 
Бүтээлч сэтгэлгээ
Урьдчилан таамаглах, асуудал шийдвэрлэх
Оюуны когнитив үйл ажиллагаа
Үйлдлийн дэс дарааллыг баримтлах
Хамтран ажиллах
Анхаарал төвлөрөх
Сонирхол төрүүлэх
Мэдлэгийг бататгах, дасгалжуулах
Тоглох бол маш чухал сурах, сургах арга. 
Тоглоомыг сурсан агуулгыг бататгаж, дасгал хийж, амархан мартахааргүйгээр, удаан хугацааны ой тогтоолтод хадгалах зорилгоор зориуд хичээлд ашигладаг. Учир нь хүн өдөр тутмын энгийн үзэгдэл, байнгын үйлдлийг санахаас илүү онцгой, сэтгэл хөдөлгөсөн,хөгжилтэй, өөрийн идэвхтэй үйлдсэн үйлийг илүүтэй санадаг. Тиймээс багш нар байнга заасан сэдэв, агуулга бүрт тохирох тоглоомын эрэл хайгуулд гардаг. 

Тоглоом –сэдэлжүүлэх арга. 
Тоглоомын нэг чухал шинж чанар нь түүнд хүмүүс өөрийн дотоод сэдлээр оролцдог явдал юм. Өөрөөр хэлбэл гадны албадлага, шахалт бага, дуртайяа, идэвхтэй оролцдог. Учир нь тоглоом бол зугаатай, хөгжилтэй, сонирхолтой. Тоглоомд хичээлийн үеийнх шиг заавал зөв, сайн байх шаардлага байхгүй, илүү чөлөөтэй, туршиж, оролдож үзэх боломжтой. Энэ нь сурах үр дүнг улам ахиулах нэгэн хүчин зүйл болно. 
Тоглоом нь сурахын амжилтыг оюуны когнитив, сэтгэл санааны аффектив, сэтгэлийн хөдөлгөөний болон биеийн хөдөлгөөн талаасаа ч дэмждэг. 
(Карл-Орф бага сургуулийн “Тоглоом бол сургууль” гарын авлагаас)

Нийгэмшлийн чадварын хөгжил дэх тоглоомын ач холбогдол
Тоглоом бол  дүрэм журам, цаг хугацаа, хамтын үйлд захирагддаг. Тиймээс хамтын тоглоомуудыг тоглосноор цаг хугаа, дүрэм журам баримталж сурахаас гадна хамтран ажиллах, буулт хийх, зөвшилцөх, үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах зэрэг нийгэмшлийн олон чадварууд хөгждөг.  Хүүхэд ганцаараа дуртай чихмэл тоглоомоороо эсвэл баримлын шавраар дуртай зүйлээ хийгээд нэг дүрд орж тоглож байсан ч хөгждөг. Учир нь тэгэхэд тэд өөрийн биеэс чөлөөлөгдөж, өөр дүр биед хувирч, түүгээрээ төсөөлж, сэтгэж, үйлддэг. Ингэж бусдын дүрд орох, бусдыг ойлгох бол нийгэмшлийн гол чадвар юм.

Түүнчлэн тоглоом нь анги хамт олны уур амьсгалыг сайжруулж, багш сурагчид, сурагчид сурагчидтайгаа харьцах харилцааг улам саад багатай, чөлөөтэй, итгэлцлийн хэлбэрт ороход нөлөөлдөг.  
Биеийн хөгжил дэх тоглоомын ач холбогдол
Хүүхэд тоглох ёстой.
Хүүхэд хөдлөх хэрэгтэй. 
гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй, шинжлэх ухааны баталгаа нотолгоо шаардахгүй биз ээ. Тиймээс яагаад гэдгийг тайлбарлах оршилыг хэмнэе. Одоогийн хүүхдүүд улам л хөдөлгөөн муутай, гэртээ шигдсэн, зурагтын өмнө суусан хүмүүс болж, хуучны үе шиг гадаа гарч, бусад хүүхдүүдтэй тоглоно гэдэг улам бүр ховор үзэгдэл болж байна. 
Тиймээс боловсролын байгууллагууд, нэн ялангуяа цэцэрлэг болон бага сургуульд дээрх хэрэгцээг анхаарах, хангах шаардлага тулгарч буй. Үүнд хөдөлгөөнт тоглоомууд, хөдөлгөөнт дуу шүлэг зэргийг хичээл, хүмүүжлийн ажилтайгаа холбож ашиглах нь цогцоор нь хөгжүүлэх боломж болно. 

“Бага ангийн багш” сэтгүүлийн 2016 оны 10-р сарын дугаараас

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 22
Өнөөдөр 920
Өчигдөр 4121
Энэ 7 хоногт 0
Энэ сард 36115
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5247144

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...