Үзсэн тоо: 933
0
0
Ээлжит хичээлийг хэрхэн зөв, системтэйгээр төлөвлөх вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 10-р сарын 20. Пүрэв гариг. asdf
Хичээл сайн, үр дүнтэй болох эсэх нь хичээлийн төлөвлөлтөөс шууд хамаарна. Хичээл болгоноо хэрхэн зохион байгуулахаа бичиж төлөвлөж байх нь багшийн үүрэг. Хичээлийн бэлтгэл, төлөвлөлт хэдий чинээ сайн байна, хичээл төдий чинээ сайн болно. Харин төлөвлөлт, бэлтгэлгүй багш хичээлийг оромдоно.  
Та шинэхэн багш бол хичээлийн цаг болгоныг алхам алхмаар нь, хэлэх үг бүрээр төлөвлөж, хичээлийн нэмэлт материал, дасгал ажлын хуудас бэлдэх нь мэдээж. Олон жил ажиллаж туршлагажих тусам ашиглах материал ихтэй, хичээлийн бэлэн төлөвлөгөөтэй болсон байдаг. Гэвч туршлагатай багш ч нэг хийсэн төлөвлөгөөгөө бүх ангид яг тэр чигээр нь ашиглана гэж үгүй. Тухайн анги, сурагчид, нөхцөл байдлаас хамаарч энэ ангид, энэ хүүхдүүдэд, энэ материалаар заах хангалттай юу хэмээн бодож, хичээлийн төлөвлөлтийг тухай бүрт нь засаж шинэчилж байдаг.  
Хөгшин залуу, туршлагатай, туршлага багатай ялгаагүй, та багш л бол ээлжит хичээлийн төлөвлөгөөг заавал хийж байх ёстой.
Ээлжит хичээлийн төлөвлөгөөг хийхийн тулд багш маш олон шийдвэрийг гаргаж, сурагчдын болон өөрийн үйл ажиллагааг нарийн төлөвлөдөг.  Хийж буй үйл ажиллагаа бүр заах аргазүйн хувьд үндэслэлтэй, үүрэг рольтой байх учиртай. 
Ээлжит хичээлийн төлөвлөлтийг заах аргазүйн хувьд системтэй, үндэслэлтэй зөв хийхэд тань туслах “Заах аргазүйн анализын загвар” (Model didactic analysis)-ыг танилцуулъя. 
Энэ загварыг буюу заах аргазүйн анализ гэсэн ойлголтыг Германы сурган хүмүүжүүлэгч, боловсрол судлаач Вольфганг Клафки 1960-аад оны үед анх бий болгосон. Үүнийг өнөө ч сургалтад баримталж буй.  Үүний сайн тал нь сурах бичгийг сохроор дагахгүй, дурын хөөрхөн юм, хэрэгтэй л юм гэсэн ажилбаруудыг сонгохгүй, багш хичээлийн алхам бүрийг дидактик талаас нь бодож, логик болон дидактик үндэслэлтэй, зөв боловсруулдагт оршино.    
Энэхүү загварын тухай уншихаасаа өмнө та дорх асуултад хариулаад үзээрэй. 

Та ээлжит хичээлээ төлөвлөхдөө ямар шийдвэрийг эхэлж гаргадаг вэ? Яагаад? Хариулахаасаа өмнө хариултынхаа дагуулах үр дүнг бодож үзнэ үү. Учир нь тэр нь дараа дараагийн шийдвэрүүдэд нөлөөлдөг. 
1. Багш юу хийх вэ?
2. Сурагчид юу хийх вэ?
3. Сурагчид юу сурах вэ?
4. Сургалтын ямар техник хэрэгсэл ашиглах вэ?(самбар, ном, зурагт, нөүтбүүк гэх мэт )
5. Сурагчид яаж ажиллах вэ? Ганцаарчлан, багаараа эсвэл нийтээрээ юу?
6. Сургалтын ямар хэрэглэгдэхүүн ашиглах вэ? (текст, дасгал ажилбарын хуудас, зураг гэх мэт)


А. Та ээлжит хичээлийн төлөвлөгөөг хийхдээ дээрх 6 асуултын алинд нь хамгийн түрүүнд хариуль өгдөг вэ?
......................................................................................................................................................................................................................................................................................................................
Б. Яагаад дээрхийг хамгийн түрүүнд шийддэг вэ? Үндэслэлээ тайлбарлана уу.
............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................


Заах аргазүйн анализын загварын дагуу хичээл төлөвлөхдөө хамгийн түрүүнд асуух зүйл бол 
Сурагчид юу сурах ёстой вэ?
Үүгээр хичээлийн зорилго тодорхойлогдоно. Хичээлийн зорилго сурагчид ямар нэг зүйлийг мэддэг, чаддаг болоход чиглэнэ.  Сурагчид тухайн хичээлийг орохоос өмнө мэддэггүй байснаа мэдэж, чаддаггүй байснаа чадаж байвал хичээлийн зорилго биелнэ. Энэ нь хичээл бүр мэдлэг, чадвар, хандлагын хувьд тодорхой өөрчлөлт, ахицад хүргэнэ гэсэн үг.  
Хичээлийн зорилгыг хэрхэн тодорхойлохоос хичээлийн бүх үйл ажиллагаа, үр дүн хамаардаг. Хичээлийн зорилгыг буруу тодорхойлбол хичээлийн бүх үйл ажиллагаа тэр чигтээ буруу явагдана. Ээлжит хичээлийн үзэж судлах зүйл нь мэдээж сургалтын хөтөлбөр, сурах бичгийн дагуу байна. Сурах бичигт нэгэн унших эх өгөгдсөн бол тэр эхийг уншсанаар сурагчид юуг мэдэж, юуг чаддаг болох ёстойг эхлээд тунгаан бодож, нягтлах хэрэгтэй.    
Аль нь хичээлийн зорилгыг зөв тодорхойлсон байна вэ?

1. Хамтарч шүлэг бичих
2. Шүлгийн бүтэц, онцлогийг мэдэх, өөрөө шүлэг зохиож чаддаг болох
3. Улирал солигддог үзэгдлийг таниулна.

Хичээлийн зорилго зөвхөн сурагчдын мэдлэг, чадвар олж авах болон хандлагын өөрчлөлтөд чиглэнэ. Мэдлэг, чадвар, хандлагыг дорх 3 жишээн дээрээс ялгаж, сумаар холбоно уу.
1. Сурагчид бусдыг ойлгож, туслах сэтгэлтэй болно.
2. Сурагчид ямар нөхцөлд ий болон ы-г бичихийг мэднэ.
3. Сурагчид захиа бичиж чадна.  
  
Мэдлэг: Сурагчид тухайн хичээлээр өмнө мэддэггүй байсан зүйлээ мэдэж авахыг хэлнэ.
Чадвар: Сурагчид тухайн хичээлээр өмнө нь чаддаггүй байсан зүйлээ чаддаг болохыг хэлнэ.
Хандлага: Тухайн хичээлээр өмнө байгаагүй сэтгэгдэл, мэдрэмж төрж, үзэл бодол өөрчлөгдөхийг хэлнэ. 
PS: Сурагчид тухайн хичээлээр юу мэддэг, чаддаг, мэдэрдэг болох вэ гэдэгт анхаарч хичээлийн зорилгыг тодорхойлно. 
Хичээлийн зорилгод хүрэхийн тулд:
Сурагчид юу хийх хэрэгтэй вэ? гэсэн дараагийн асуулт урган гарна.
Багш “Сурагчид яавал үүнийг ойлгож, мэддэг болох вэ? Юу хийвэл үүнийг чаддаг болох вэ?” гэдэгт ухаан санаагаа дайчлах болно. Үүнд сурагчид юуг мэддэг, чаддаг вэ гэдгийг буюу өмнөх мэдлэг, суурийг зайлшгүй харгалзана. Жишээлбэл, энэ хичээлээр сурагчид “ий, ы”-г зөв хэрэглэдэг болох зорилготой гэж үзье. Тэгвэл сурагчид юу хийвэл үүнийг сурах вэ?
Боломжит ажилбарууд
Жишээ ихтэй эх унших
Жишээнүүд сонгох, түүх
Хүснэгт харах
Дүрэм бичиж, тайлбарлах
Жишээнээс өөрсдөө дүрэм гаргах
Зааврын дагуу ий, ы-г зөв хэрэглэх дасгал ажиллах
Дүрмийг чээжлэх
Харилцан яриа, эх зохиох
Хоорондоо ярилцах
Та өөрийн бодлоор таарах ажилбаруудыг нэмж бичээрэй. 

Дараагийн алхам бол: 
Сурагчид ямар хамтын хэлбэрээр (social form) ажилбарууд буюу үйл ажиллагааг гүйцэтгэх вэ? гэдэг шийдвэр.
Үүнд үйл ажиллагаа тус бүрийг ганцаарчлан, хамтрагчтай, багаараа болон анги нийтээрээ хийх хэлбэрүүдийн ямраар нь хийвэл үр дүнтэй вэ гэдгийг бодно. Мэдээж аливаа үйл ажиллагаанд аль нэг хэлбэр нь бусдаасаа илүү тохирно. Жишээлбэл, Сурагчдын сонсож ойлгох чадварыг дэмжихийн тулд нэг эхийг сонсгож, гол санааг нь тэмдэглүүлэх бол ганцаарчлан ажиллах нь тохиромжтой. Харин өөрийгөө илэрхийлэх ярианы чадварыг дэмжих бол хамтрагчтайгаа эсвэл анги нийтээрээ хэлэлцэх зэргээр сонгоно.
Үүний хажуугаар нийт ажилбарт аль нэг хэлбэр нь давамгайлахгүй, дээр дурдсан хамтын хэлбэрүүд ээлжилж солигдож байвал нэн сайн.  
Дараагийн шийдэл бол: 
Дээрх төлөвлөсөн үйл ажиллагаануудад ямар материал ашиглах вэ?
Төлөвлөсөн дасгал ажилбар, үйл ажиллагааг гүйцэтгэхэд ашиглах материал бол зорилгодоо хүрэх хэрэгсэл юм. Жишээлбэл, сурагчид санал хүсэлт бичиж сурах зорилготой гэж бодъё. Үүний тулд сургуулийн захиралд бичсэн нэг санал хүсэлтийг буюу эхийг ашиглахаар болжээ. Тэгвэл сурах зүйл нь тухайн эхийг чээжлэх, хуулж бичих биш харин түүнд ашиглагдаж буй бичлэгийн хэлбэр, загвар, тогтсон үг хэллэгийг сурах болно. Тиймээс ашиглах материал бол сурах ёстой зүйл биш, харин сурахын тулд ашиглаж буй хэрэгсэл гэдгийг мартаж болохгүй. 
Заах аргазүйн анализын дагуу одоо: 
Ямар техник хэрэгсэлийг ашиглах вэ? гэдгийг шийднэ. 
Хичээлийн техник хэрэгслийг медиум гэж нэрлэдэг. Медиумд самбар, ном, ППТ (Повер пойнт танилцуулга), зураг, плакат, сонин сэтгүүл зэрэг сонгосон материалыг дамжуулах, харуулах бүхий л хэрэгслүүд хамаарна.  
Сурагчид ямар нэгэн эхийг унших ёстой гэж үзвэл сурах бичгийг ашиглах уу, эсвэл сонин, сэтгүүлийн хайчилбарыг хувилж өгөх үү, эсвэл түүнийг ППТ-ээр үзүүлэх уу, плакат дээр бичсэн эх байх уу зэргээр агуулгыг дамжуулах хэрэгслийг мөн л хамгийн үр дүнтэй, хялбар, хэмнэлттэй, сонирхолтой хэлбэрээр сонгоно. Ажилбар, хамтын хэлбэрийн адил сургалтын техник хэрэгслийг ч сонгохдоо нэг хэрэгсэл бүтэн хичээлийн турш давамгайлахгүй байх, янз бүрийн хэрэгслийг хослуулан ашиглах ерөнхий зарчмыг баримтлах нь янз бүрийн сурах онцлогтой сурагчдыг дэмжиж, хичээл сонирхолтой болох нөхцөлийг бүрдүүлдэг. 
Эцэст нь багш:
Дээрх бүхнийг зохион байгуулахын тулд би өөрөө юу хийх вэ? гэдгийг төлөвлөнө. 
Багшийн үйл ажиллагааны талаарх шийдэл хамгийн эцэст буйд бүү гонсойгоорой. Энэ бол мэдээж багшийн ажлыг үгүйсгэж буй хэрэг биш. Харин сурагч болон сурагчийн сурах зүйл-зорилгыг анхаарлын төвд авч буй хэрэг юм. 
Сурагч төвтэй, үйлд чиглэсэн сургалт гэдэг нь товчхондоо сурагчид идэвхтэй байж, өөрөө хийсэн, оролдсоны үндсэн дээр сурахыг хэлнэ. Хичээл дээр багшийн үйл ажиллагаа бага, сурагчдын үйл ажиллагаа их байх учиртай. Багш хичээл дээр ихийг хийх тусам сурагчдад сурах цаг үлдэхгүй.   
Сайн багш бол хичээлийн өмнө их ажиллаж, хичээл дээр бага ажиллана. Хичээлийг сайн төлөвлөж, хичээлд ашиглах материал хэрэглэгдэхүүн, хэрэгслийг сайн бэлдэнэ. Яг хичээл дээр багш бага ярьж, хүүхдүүд ихийг хийнэ, ярина. Ингэснээр сурагчид ихийг сурна.  

Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэвэл бид дараах дарааллаар шийдвэрүүдийг гаргаж ээлжит хичээлийг төлөвлөнө:
Сурагчид юуг сурах ёстой вэ? Хичээлийн зорилго
Сурагчид юу хийвэл зорилгод хүрч чадах вэ? Сурагчийн үйл ажиллагаа
Дээрх үйл ажиллагааг хэнтэй хийх вэ? Хамтын хэлбэр
Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ямар материал ашиглах вэ? Сургалтын хэрэглэгдэхүүн
Сургалтын материалыг ямар техник хэрэгслээр өгөх вэ? Сургалтын техник хэрэгсэл
Багш юу хийх вэ? Багшийн үйл ажиллагаа



Заах аргазүйн анализын загварын дагуух ээлжит хичээл төлөвлөлтийн хуудас
Анги: Хичээл: Огноо:
Өмнөх суурь Зорилго
Мэдлэг (мэдэх) ...................................... ..................................................
...................................... ..................................................
Чадвар (чадах) ...................................... ..................................................
...................................... ..................................................
Хандлага (хүсэх, мэдрэх) ....................................... ...................................................
....................................... ...................................................
Хугацаа (минутаар) Сурагчдын үйл ажиллагаа Хамтын хэлбэр Сургалтын материал Сургалтын техник хэрэгсэл Багшийн үйл ажиллагаа

Хичээл дэх сурахын үе шатууд

Дээр дурдсан заах аргазүйн анализын загварын асуултууд нь хичээл төлөвлөлтийг үр дүнтэй, сонирхолтой төлөвлөхөд гол тулгуур болох боловч дангаараа хангалтгүй. Үүний хажуугаар сурах процессийн үе шатууд, тэдгээрийн дарааллын зарчмыг баримтлах хэрэгтэй. Ингэхдээ хичээлийн үе шат бүрээр дээрх загварын асуултуудын дагуу бодож шийдвэр гаргах хэрэгтэй болно.   
Хичээлийн үе шатууд нь агуулгыг сурах үе шатуудад тулгуурлаж, түүний дагуу явагддаг. Харин сурах үе шатуудыг судлаач, эрдэмтэд янз бүрээр ангилдаг. Тухайлбал өнөөгийн сургалтад Блумын таксономын танин мэдэхүйн үе шатууд өргөн тархсан. Хичээл төлөвлөлт болон шалгалтын материал боловсруулалтыг түүний дагуу хийх нь түгээмэл байдаг. Дээрх шатуудыг харгалзан үзвэл дараах байдлаар ээлжит хичээлийг төлөвлөнө.

Үе шатууд (минутаар) Сурагчийн үйл ажиллагаа Хамтын хэлбэр Хичээлийн материал хэрэглэгдэхүүн Хичээлийн техник хэрэгсэл Багшийн үйл ажиллагаа
Сэргээн санах
Ойлгох
Хэрэглэх
Задлан шинжилж, нэгтгэн дүгнэх
Үнэлэх
Бүтээх
 
Үүний альтернатив хувилбарууд дараах хэлбэрээр байж болно. 
Үе шатууд Зорилго Сурагчийн үйл Хамтын хэлбэр Хичээлийн материал хэрэглэгдэхүүн Хичээлийн техник хэрэгсэл Багшийн үйл ажиллагаа
Удиртгал
Сэдэлжүүлэх
Сэргээн санах
Танилцуулах Шинэ мэдээлэл, агуулгыг өгөх
Ойлгох Агуулгыг тайлбарлах, ойлгох
Дасгал Дээр дурдсаныг бататгах (бүтээлч дасгал ажилбар), ой санамжид хадгалах
Дүгнэх Сурсаныг бататгах, дүгнэх, цаашдын ажлыг төлөвлөх

Дээрхэд нэмж дурдууштай нь:
Дасгал даалгавруудыг төлөвлөхдөө битүү→хагас нээлттэй→нээлттэй даалгаврууд болон хөнгөнөөс→ хүнд рүү шилжих зарчмыг баримтална. 
Ш.Ичинхорлоо хичээлийн явцыг дараах үе шатуудад хуваан төлөвлөхийг зөвлөсөн байна. Үүнд:
1. Зохион байгуулах 
2. Өмнө үзсэнийг сэргээн давтах, сурагчдыг сэдэлжүүлэх, шинэ сэдэвтэй холбох
3. Шинэ мэдлэг эзэмшүүлэх 
4. Хичээлийг бататгах
5. Гэрийн даалгавар өгөх 
Эдгээр үе шатуудыг ч мөн заах аргазүйн анализын загварын асуултуудын дагуу бодож төлөвлөх нь зүйтэй. 
Дээрх загварууд нь үлгэрчилсэн жишээнүүд тул шууд авч эсвэл өөрийнхөөрөө боловсруулан хэрэглэх нь таны гарт буй. 

Г.Ариунцэцэг

Ашигласан материал:
Ш.Ичинхорлоо (2011): “Орчин үеийн хичээлийн тухай өгүүлэх нь” Улаанбаатар, 41-43-р тал.
Биммел/Каст/Нойнер (2003): “Хэлний хичээлийг төлөвлөх. Сурах бичигтэй ажиллах нь” Берлин/Цюрих: Лангеншайдт хэвлэлийн газар. 
Тенорт/Типпелт (2007): “Сурган хүмүүжүүлэх ухааны тайлбар толь” Вайнхайн/Базель: Белц хэвлэлийн газар.

"Бага ангийн багш" сэтгүүлийн 2016/6/66 дугаараас

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
6 цаг 25 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
6 цаг 44 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 67
Өнөөдөр 795
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4763
Энэ сард 42643
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348417

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...