Бидний оршин байгаа нийгэм ,амьдарч байгаа орчин, эргэн тойрон, хажууд ажиллаж, хамтдаа алхаж байгаа хүмүүсээ ажиглаад нэг харъя. Өдөр болгон таардаг эсвэл хааяа ч таардаг байсан хамаагүй таны л адил энэ нийгмийн эс болсон иргэнийг төсөөлөөд тархиндаа зурах гээд оролдож үзье. Тэдний дотоод сэтгэл, гадаад илрэлийг тодорхой харуулахыг хичээгээрэй. Таны бүтээл минийхтэй, бусдынхтай адил байх тусам өнөөгийн иргэний зан үйл, хандлагын талаарх нийтлэг дүр төрх бий болно. Энэ нь үнэндээ өөрийгөө толиноос өөр зүйлд харж чадахгүй байгаа бидний дүр зураг. Бидний олонхын тархинд дүрслэгдсэн тэр төрхийг цаасан дээр буулгавал:
1. Бид хогоо хамаагүй хаядаг. Бохир орчинд амьдарч дассан, сурсан.(хэвшсэн)
2. Бид бусдад амласнаа биелүүлдэггүй. (хэвшсэн)
3. Бид цагийг барьдаггүй, ашигладаггүй, үнэлдэггүй. (хэвшсэн)
4. Бид өөрт байгаа боломжоо олж хардаггүй, харсан ч ашиглаж чаддаггүй. (чадвар суугаагүй) Болгож бүтээхийг хүсдэг ч арга эвээ олдоггүй. (чадвар суугаагүй)
5. Шинэчлэгдэхийг хүсдэг ч хувь тавилантайгаа эвлэрдэг. (хэвшсэн)
6. Материаллаг зүйлийг чухалчилдаг. Материаллаг бус зүйлийг үнэлэх үнэлэмж доогуур. (хэвшсэн)
7. Өөрийн үнэт зүйлээ олж чаддаггүй. Юу хийх, Юуг хүсэж байгаагаа тодорхой мэддэггүй, Өөрийгөө үнэгүй болгосон. (чадвар суугаагүй)
8. Залхуу, амар хялбар амьдрахыг илүүд үздэг. (хэвшсэн)
9. Бусдыг хайрлах, халамжлах сэтгэлгүй,хувиа хичээсэн. (хэвшсэн)
10. Шударга бус байдалтай эвлэрсэн. Бусдад тал зассан, бялдуучилсан хандлагатай болсон. (хэвшсэн)
11. Шүүмжлэлтэй ханддаггүй. Нөгөө талдаа шүүмжийг хүлээж авдаггүй. (чадвар суугаагүй)
12. Бүтээлч бус. Ажлыг аргацаасан байдлаар хийдэг. Чин сэтгэлээсээ ханддаггүй. (хэвшсэн)
13. Идэвхгүй, санаа бодлоо илэрхийлж чаддаггүй. (чадвар суугаагүй)
14. Уламжлалаа мэддэггүй, хэт орчин үежсэн.
15. Дүрэм журам, хэм хэмжээнээс ангид хамааралгүй. (хэвшсэн) гээд ерөнхий дүр зураг буух байх.
Мэдээж зарим нэгний дүрсэлснээс огт өөр ч байж болох юм. Хэрвээ хэн нэгний зураг тэс өөр байвал тэр нийгмийн олонх биш цөөнхийн төрх байх талтай. Дээр өгүүлсэнчлэн толинд харж чаддаггүй тархиндаа дүрсэлсэн тэр зураг бол бид өөрсдөө юм.
Мэдээлэл, техник технологи эрчимтэй хөгжиж байгаа хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан хэмээх тодотголтой иргэний нийгэмд энэ төрх зохих болов уу? Бусад харь орны хэнтэй ч харьцуулаагүй энэ төрх бидэнд уламжлагдаж ирээгүй нь лавтай. Тэгвэл биднийг хэн, юу ийм төрхтэй, үйлдэлтэй, хандлагатай болгочихсон вэ? Зарим нэгэн шинж нь бидэнд чимэг хэлбэртэй байгаа ч зарим нь бидний биений салшгүй эрхтэн мэт болчихсон байх.
Харлаа гээд ийм л байсан, ийм л байдаг, хойшид ч ийм байхад анзаарахгүй дадчихсан хэвшлүүд, хандлагууд хэзээ хэдийд өөрчлөгдөх вэ? “Аяндаа л өөрчлөгдөнө, арай болоогүй байна” гээд хүлээх үү? “Өөрчлөгдөж байна, хөгжиж байна” гэж тайвшрах уу? Энэ бодол бидэнд улам л хоцрох боломжийг өгч байна. Мэдэхийг бүтээхийг оролдсон ч яаж хэрхэн гэдэг арга эвээ олохгүй, чадваргүй байгаа энэ байдалд яагаад хүрчих вэ?. Биднээс өөрсдөөс болоод бусдаас хэр хамаарч байна вэ? Яавал энэ төрхийг өөрчлөх бол. Үүнийг алдаанд тооцвол засах цэгээ хаанаас эхлэх вэ? Бид юунаас эхлэх вэ?
Чадвартай, бие даасан, эерэг дадал хэвшилтэй, ёс суртахуунтай иргэн төлөвшихөд нөлөөлж буй орчны нөхцөл байдлыг өөрчлөх нь чухал уу? Сургуулиар олгож байгаа сургалтын агуулга, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд бидний хүссэн иргэн хүмүүжиж төлөвшиж чадаж байна уу? Үүнийг судалсан судалгааны үр дүн байна уу? Иргэний боловсролын хичээлийн хөтөлбөр орчны онцлог, сурагчдын анги түвшнээс хамаарсан, дэс дараалсан, системтэй, уялдаатай, ахисан хэлбэрээр боловсруулагдсан байна уу? Нэгэн хэвийн баригдмал арга хэлбэрээр заагдаад тодорхой бус хэт ерөнхий агуулгыг олгосоор байна уу? Тодорхойг мэдэхгүй ерөнхий мэдлэг юунд хүрэх вэ?
Үеэ өнгөрөөсөн дээрх аргыг хэрэглэсээр байх уу? Үнэн худлыг таних, ялгах, шийдэх, дүгнэх, сонгох чадвартай иргэн болоход юу дутагдаж байгааг судлах, цаг үедээ тохирсон мэдээллийг өгөх, үйлээр нь харуулах, амьдралаас сэдэвлэсэн асуудлыг нь хамтдаа шийдвэрлэх, аргаа өөрчлөх цаг хэдийн ирсэн. Өөрийгөө таних,нээх, илэрхийлэх, асуудлаа шийдвэрлэх, гар бие оролцох, мэдрэх, шийдвэр гаргах, бусдыг таних, халамжлах, туслах, ялгаваргүй, эрх тэгш хандах, шударга, сэтгэлээсээ хийх үйлд дагуулсан биеэр үйлдэх, харьцуулах, эргэцүүлэх, дүгнэх оюуны ажилбаруудыг агуулсан ЕБС-ийн сурагчдад зориулсан гарын авлагуудаас хэсэглэн оруулъя.
"Би хэн бэ?". Бага сургуулийн сурагчдад зориулсан гарын авлагаас
"Би чадна" дунд ангийн сурагчдад зориулсан гарын авлагаас
"Үнэн үү?" ахлах ангийн сурагчдад зориулсан гарын авлагаас
"Иргэний нийгмийн үндсэн нөхцөлүүд" оюутнуудад зориулсан гарын авлагаас
"Иргэн болох баг(ш)аасаа" багш нарт зориулсан гарын авлагаас